Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй холбогдох албаныхан Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Баянжаргал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун болон тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар нар оролцов.
Талууд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн үйл ажиллагааны хүрээнд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхийн цахимжилт, шүүх хуралдаанд цахимаар оролцох, шаардлагатай албан бичгийг цахим хэлбэрээр солилцох болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтын төгсгөлд талууд энэ удаагийн уулзалт үр дүнтэй болсныг онцолж, дараагийн уулзалтад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор тулгамдсан асуудлыг ярилцан, шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцэж байхаар санал нэгдэв.