Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй холбогдох албаныхан “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн байнгын зөвлөхөөр байх суурин төлөөлөгч Кристоф Копецкитой 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзлаа.
Уулзалтад Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон шүүгч Ц.Цогт, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар оролцов.
Европын холбооноос Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх 1.5 сая еврогийн санхүүжилттэй хөтөлбөрийг 2025-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх ба Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг удирдаж ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр хуулийн хүрээнд шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэхээр харилцаа тухайлан тусгагдсан. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр шүүхийн ил тод, нээлттэй байдлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажил улам урагшилна гэж бодож байна. Дараагийн асуудал бол шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх явдал юм. Европын орнуудад энэ талаарх олон сайн туршлага байдаг. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд энэ талаарх сайн туршлагыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв.
“Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки Европын холбооны санхүүжилтээр Монголд анх удаа шүүхийн шинэчлэлийн чиглэлээр хосолмол түншлэлийн хөтөлбөр хэрэгжих гэж буйг онцлоод “ХБНГУ болон Монгол Улс эрх зүй, шүүх засаглалын хувьд хамтран ажиллаж байсан олон жилийн туршлагатай” гэдгийг тодотгож байв.