Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчдийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Бүртгэлийн албаны дарга О.Батсүх, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт З.Гэрэлмаа ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, Сонгууль хариуцсан зөвлөх Горан Петров, Улс төрийн намуудын асуудлаарх АИХЭА-ны үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоа тэргүүтэй бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко хүсэлт хүлээн авч уулзаж буйд холбогдох хүмүүст талархлаа илэрхийлээд “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос бидэнд хандаж тус улсад хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хуулийн талаар саналаа хуваалцах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу урьдчилсан дүгнэлтээ илтгээд байна. Энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаар Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, УИХ, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг бусад оролцогч байгууллагаас мэдээлэл цуглуулж, бидний гаргасан урьдчилсан дүгнэлт хэр үнэн зөв байна вэ гэдгийг баталгаажуулах зорилготой юм” гэв.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчид Улсын дээд шүүхээс намын дүрмийн өөрчлөлт болон шинээр нам бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд буцаасан хүсэлтийг хэрхэн сайжруулах санал, зөвлөмж өгдөг эсэх, намуудыг бүртгэхээс татгалзах түгээмэл шалтгаан юу байдаг, бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөрчлөө арилгах хэр хугацаа өгдөг талаар асуулт асууж, холбогдох мэдээлэл авлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчид Улс төрийн намын тухай хуульд эрх зүйн дүгнэлт хийх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа юм байна.