Монгол Улсын нийт шүүгч, ахмадууд, шүүхийн захиргааны албан хаагчид Та бүхэндээ билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг Монгол Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувийн зүгээс хүргэн мэндчилье.
Улирч буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилд шүүхийн шинэтгэлийг дараагийн түвшинд гаргах чухал ажлууд хэрэгжлээ. Шүүхийн тогтолцоог шинэчлэн байгуулж, тойргийн болон дагнасан шүүхүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн төдийгүй Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлагдсанаар шүүхийн хөгжил дэх төрийн бусад байгууллагын үүрэг, оролцоо тодорхой болов.
Улсын дээд шүүх стратеги төлөвлөгөөгөө баталж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг дээшлүүлэх зорилгоор хуулийг зөв хэрэглэх талаар 16 дахь албан ёсны тайлбараа нийтэллээ. Авлигын хэргийг хянан шийдвэрлэх бүх шатны шүүх хуралдаан, хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаануудыг олон нийтэд шууд дамжуулж, дуу-дүрсний бичлэгээр хүргэж эхэлсэн нь шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дорвитой нөлөө үзүүлж буйгаас гадна шүүхийн индекс Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2021 онтой харьцуулахад 53.22% болж өссөнөөс “шүүгчийн ёс зүй, хариуцлага”-ын үзүүлэлт 12.96%-иар нэмэгдсэн байна.
Ирж буй модон могой жилд шинэтгэлийн үзэл баримтлалын дагуу боловсронгуй болгосон тогтолцоогоо бэхжүүлэх, олон улсын сайн жишигт хүргэх ажлууд хүлээгдэж буй. Шүүхийн бие даасан байдлыг бататгах, шүүгчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дараагийн дагнасан шүүхийг байгуулах, шүүхийн нэгдсэн цахим систем, хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашлаад Монгол Улсын шүүхийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэр хүндийг олон улсын тавцанд өргөх шат дараатай төлөвлөгөө, алсын харааг хэрэгжүүлнэ.
Эрхэм хүндэт шүүгч, ахмадууд, шүүхийн албан хаагч Та бүхэнд аз хийморь нь өөдрөг, алс ирээдүй нь гэгээн байхыг хүсэн ерөөж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ