Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Шүүхийн шийдвэр бичих аргачлал:Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой тогтоох хэсэг” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн 70 гаруй шүүгч танхим, цахим хосолсон байдлаар оролцсон юм.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа уулзалт, ярилцлагыг нээж “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэсэн хэсэг бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл шүүгч бидэнд хамаагүй зүйл биш. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг тодорхой бичээгүйн улмаас шийдвэр биелэгдэхгүй байх тохиолдол гардаг. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг товч байдлаар бичээд тогтчихсон. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэрийн тогтоох хэсгийг л голчлон хардаг гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн танхимаас зохион байгуулсан “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Тиймээс тус хэлэлцүүлгийн дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг боловсруулах, шийдвэрийн тогтоох хэсгийг бичих аргачлалыг боловсруулсан. Энэ удаагийн уулзалт, ярилцлагыг шийдвэрийн тогтоох хэсгийг бичих аргачлалын хэрэгжилт ямар байгаа талаар мөн ЗХШХШтХ-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл бүлэгт өөрчлөлт оруулах төсөл боловсруулсантай холбоотойгоор та бүгдийн саналыг сонсож, нэгдсэн шийдэлд хүрэх үүднээс зохион байгуулж байна” гэв.
Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнэ Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолд тусгагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг боловсруулах, шийдвэрийн тогтоох хэсгийг бичих аргачлалыг зөв хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч “Шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн оролцогчид ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгийг тогтоох хэсэгт тодорхой тусгах хэрэгтэй байна. Тогтоох хэсгийг тодорхой болгосноор дахин маргаан гарах үндэслэл буурна. Үндэслэх хэсэгт яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаж, тогтоох хэсэгт тухайн шийдвэрээс ямар үр дүн гарахыг бичье” гэдгийг онцолж байв.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Г.Банзрагч, Ц.Цогт нар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, ЗХШХШтХ болон ШШГтХ-д өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг тодорхой болгож, шаардлагатай тохиолдолд дэлгэрүүлэхээр санал нэгдсэн юм. Мөн оролцогчдын зүгээс ЗХШХШтХ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэл бүлэгт өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа илэрхийлж, боловсронгуй болгох тал дээр тогтож ярилцав.