Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Нюрнберг хот, мужийн Дээд шүүхийн Тэргүүн шүүгч асан Франк Ёахим Кают “Найрамдал” медалиар шагнагдлаа.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 1993 онд баталсан Шүүхийн тухай хуульд дагнасан шүүх байгуулж болохыг анх удаа хуульчилж, энэ үйл ажиллагааны хүрээнд шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг эрүүгийн болон иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх шаардлага бий болсон.

Ноён Ё.Кают нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /одоогийн GIZ, өмнө нь GTZ/-тэй хамтран 1996 оноос эхлэн 2018 оныг хүртэл иргэний эрх зүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдэд тасралтгүй 23 жилийн хугацаанд сургалт явуулж, сургалтын гарын авлагууд, Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбар болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн ном туурвиж, шүүгч, хуульчдын хүртээл болгож, өөрийн оюун ухаан, ур чадвар, шантаршгүй бүтээлч хөдөлмөрөө харамгүй зориулж, өнөөгийн шүүгчийн сургалтын үндэс суурийг тавьсан анхны гадаад хүн билээ.

Тэрээр Монгол Улсын Иргэний эрх зүйн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулснаараа Монгол Улс болон ХБНГУ хоорондын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Эрхэм хүндэт Ноён Ё.Кают Танд эрүүл энх, аз жаргалыг хүсэж, Улсын дээд шүүх, нийт шүүгчийн өмнөөс баяр хүргэн, талархал илэрхийлье.