Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан асуудлаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс ирүүлсэн хүсэлт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцана.
Мөн Монголын ногоон нам болон Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг, Хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо “ХЗТС МНХ”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ мэргэжлийн нэгдсэн холбоо “ХБИҮС МНХ”-г бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт, мөн Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд тус тус хүсэлт гаргах асуудлыг шийдвэрлэнэ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн “Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-үүд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэргийн харьяалал тогтоолгох” албан бичиг, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын тухай тус тус хэлэлцэхээр тогтов.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцүүлэх юм.
САНАЛ ХҮСЭЛТ