Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.Сурагчдад Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтэн өгсний дараа Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгчид албан өрөөндөө хүлээн авсан юм.

 Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт гурван шатны шүүхийн ялгаа, эрүүгийн  зарим төрлийн гэмт хэрэг, шүүгч мэргэжлийн чиг үүргийн талаар ярьж, хуульч мэргэжлийг сонговол юунд анхаарах талаар сурагчдад зөвлөгөө өгөв. Мөн сурагчид хүүхдэд оноох ял шийтгэл, шүүгчийн сэтгэл зүй, ажлын туршлага зэрэг сэдвээр асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн Иргэний хэргийн танхимын шүүгч П.Золзаяа сурагчдыг хүлээн авч,  нийгмийн бүхий л харилцаа эрх зүйн хүрээнд зохицуулагддаг болохыг тодотгож, аливаа хүн мэдлэг ур чадвараа үргэлж дээшлүүлэхийн зэрэгцээ ёс зүйтэй байхын утга учрыг тайлбарлав.

Харин Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч эрүү иргэн, захиргааны хэргийн ялгааг тайлбарлаж, шүүгч гэж хэн болох, өдөр тутамдаа юу хийдэг талаар мэдээлэл өгч, мэргэжлээ сонгохдоо нухацтай хандаж, эзэмшсэн мэргэжилдээ тууштай байх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт  сурагчдыг Их танхимд хүлээн авч “Монгол Улсын шүүхийн тогтолцоо эрүү, иргэн захиргаа гэж дагнасан байдаг. Удахгүй Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхтэй болно. Хүмүүсийн хоорондын зөрчил, маргааныг шийдвэрлэхийн тулд хууль, шүүгч байдаг. Ямар ч ажил хийж байгаа хүн тэр тусмаа шүүгч ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хариуцлагатай байх ёстой. Шүүх шударга байна гэдэг нь талуудад тэгш боломж олгохыг хэлж буй юм. Сурагчид та бүхэн хуульч болох албагүй. Гэхдээ шүүх ямар чиг үүрэгтэй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” хэмээв.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ