Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгч нар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан болон холбогдох мэргэжилтнүүдийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн болон Хүний эрхийн үндэсний комиссын Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт И.Мөнхбаяр, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Э.Одбаяр нар оролцов.

Тус уулзалтаар хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмзэг хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааны онцлог, үүнд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрхийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, чадавхын асуудлыг хөндөн ярилцсан юм.

Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчдийн зүгээс хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй талаарх тоо баримт, нөхцөл байдлыг Хүний эрхийн илтгэлд тусган оруулж байхаар тогтож буйгаа мэдэгдэж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хамгаалах, баталгаажуулах, хүүхдийн онцлогт тохирсон журмыг тогтоон ажиллахын ач холбогдлыг тайлбарлан, энэ талаар Эрүүгийн хэргийн танхимтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Харин шүүгч нар хөндөгдөж буй асуудлын чухлыг онцлохын зэрэгцээ 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн шинэ тогтолцоо  үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө дурдсан асуудлуудаар тодорхой ахиц гаргахад хамтран ажиллах, ялангуяа хүүхдээс мэдүүлэг авах журмыг процессын хэм хэмжээний тайлбар хэлбэрээр тогтоох, хохирогч хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох, мөн хүүхэдтэй тулж ажиллах мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэхэд эн тэргүүнд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч буйг тэмдэглэлээ.

Уулзалтын үр дүнд талууд эхний ээлжинд шаардлагатай мэдээллийг солилцох, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хууль тогтоогчид хамтарсан санал хүргүүлэх, энэ талаарх судалгааг нэмэгдүүлэх, хүүхдээс мэдүүлэг авах аргачлалын төслийг яаравчлан боловсруулах, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагаанд оролцох мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ