Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй төлөөлөгчид сэтгүүл зүйн салбарын төлөөллийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр, Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг, Шүүхийн академийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн болон Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар байлцав.
Энэхүү уулзалтаар шүүх хуралдааны шууд дамжуулалт, цахимжилт, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил болон бусад үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, хяналтын шатны шүүх хуралдааныг албан ёсны веб сайтаас ДАН систем ашиглан үзэх, архивжуулах, мөн шүүхийн шинэтгэлийн үзэл баримтлал ба Улсын дээд шүүхийн бодлого болон бусад сэдвээр мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийн зүгээс шүүх хуралдааныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хурлыг хэрхэн мэдээлэх талаар журамдаа нарийвчлан тусгах, шүүх хуралдааны бичлэгийг архивт байршуулах хугацаанд анхаарал хандуулах, бусад улсын нээлттэй шүүхийн сайн жишгээс судлах зэрэг сэдвээр санал солилцов.
Уулзалтын төгсгөлд оролцогчид шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд шүүх хуралдааны шууд дамжуулалт томоохон дэвшлийг авч ирж буйг тодотгож байлаа.
САНАЛ ХҮСЭЛТ