Шүүхийн ерөнхий зөвлөл, Герман, Европын эрх зүйн төв, Вюрцбургийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран “Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 01 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний хуралд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа “Цахимжуулалт: Монгол Улсын шүүхийн онцлог, сорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Шүүхийн цахимжилттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн онцлог, хүний эрхийн ойлголт, ухамсрыг зөв мэдэрсэн хууль зүйн болоод цахимжилтын бодлого байх ёстой. Тиймээс цахимжилтад үе шаттай шилжиж, шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичигт тодорхой тусгах хэрэгтэй. Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчинг цахимжилтад бэлтгэн цогцоор нь боловсронгуй болгох, процессын эрх зүйн нэгдмэл байдлыг зарчмын хувьд хадгалж нийслэл, орон нутгийн онцлогийг мэдэрсэн эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй” гэв.

Эрдэм шинжилгээний хурлыг хааж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдрийн илтгэлүүд үнэ цэнтэй, цаг үеэ олсон цогц асуудлуудыг хамарсан гарц шийдэл нь тодорхой болж байгаад талархалтай байна. Улсын дээд шүүх 2021 оноос цахимжилтын талаар үе шаттай өөрчлөлт хийж ирсэн. 2021 оны Нийт шүүгчийн чуулганд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг энэ асуудлыг хөндөж, шүүхийн шийдвэрийн цахим санг хөгжүүлэх, цахим шүүхийг хөгжүүлэх төсвийн бодлогыг сайжруулах, шүүгчийн ачааллыг буруулахад цахим технологи, хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байсан.
2025 оны 01 сарын 1-нээс хяналтын шатны бүх шүүх хуралдааныг цахим хуудсаараа шууд дамжуулж эхэлсэн. Ингэснээр иргэн бүр ХУР, ДАН системийг ашиглан Улсын дээд шүүхийн хяналтын шатны бүх шүүх хурлыг шууд үзэх боломж бүрдээд байна. Он гарснаас хойш 800 гаруй хүн үзсэн байна.
Шүүх хурлыг шууд дамжуулах боломж бүх шатны шүүхэд хараахан бүрдээгүй. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийг цахимжуулах, шүүх бүр шүүх хуралдаанаа шууд дамжуулдаг болоход ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа. Шүүхийн цахимжилт нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн боловсронгуй тогтолцооны суурин дээр хэрэгжих ёстой гэдэгт бид бүхэн санал нэгдлээ. Түүнчлэн Улсын дээд шүүх “Generative AI” технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ижил төстэй шүүхийн шийдвэрүүдийг мэдээллийн сангаас олох, шүүгчийн ажлыг судалгааны түвшинд хөнгөвчлөх боломж бүрдэнэ. Тус технологийг нэвтрүүлснээр эхний гурван жилд багтаан зардлаа нөхнө гэсэн тооцоотой ажиллаж байна.” гэдгийг онцолж байв.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон дотоодын есөн илтгэгч итгэл хэлэлцүүлж, цахимаар 200, танхимаар 80 гаруй хүн оролцов.
САНАЛ ХҮСЭЛТ