Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулинд хаалттай явуулахаар зааснаас бусад болон авлигын хэрэгтэй холбоотой хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар болсон.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 9-нөөс эхлэн www.supremecourt.mn веб сайтаар шууд дамжуулан хүргэж эхэлсэн билээ. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хяналтын шатны эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааныг мөн шууд дамжуулж эхлэх юм.
Энэхүү бэлтгэл ажлыг хангасан тухайгаа Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Мэдээлэл, аюулгүй байдал технологийн албаны дарга Б.Энхтөр нар Нийслэл, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзах үеэрээ танилцууллаа.
Ташрамд дурдахад, хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг www.supremecourt.mn веб сайт руу орж, үзэх боломжтой бөгөөд сайтын баруун дээд буланд байрлах “Шүүх хурлын шууд дамжуулалт” цэсийг дарснаар ДАН системээр нэвтрэх хэсэг харагдана. ДАН системээр нэвтрэхдээ нэг удаагийн код, банкны эрх болон тоон гарын үсгийн аль нэгийг сонгон шүүх хурлыг цахимаар үзэх боломжтой юм.
САНАЛ ХҮСЭЛТ