Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол Улсын дээд шүүхээс “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Энэ онд Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас олон талын оролцоог хангасан эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлгийг шат дарааллан зохион байгуулж буй билээ.

Тэгвэл энэ удаагийн “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь олон улсын чанартай зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс хурлын нийт оролцогчдод амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэн юм. 

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Проф. Др. Ц.Сарантуяа, ХБНГУ-ын Баварийн Захиргааны сургуулийн удирдах зөвлөлийн дарга асан, МУИС-ийн хууль зүйн сургуулийн хүндэт доктор Юрген Харбих нар мэндчилгээ дэвшүүллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ, Канад, БНТУ, Сингапур, Япон, БНСУ зэрэг эрх зүйн систем өндөр хөгжсөн орнуудаас илтгэгч нар оролцсон юм.

Тодруулбал, Оттавагийн их сургуулийн Захиргааны эрх зүй, засаглалын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Пол Дейли, Макс Планкийн харьцуулсан нийтийн эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэнгийн ахлах судлаач Проф. Др. Райнер Гроте, Сөүлийн үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Юн Санг Ри, ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны хэргийн шүүхийн Дэд ерөнхий шүүгч Мехтилд Клайн, Сингапурын менежментийн их сургуулийн профессор  Южин Тан, Турк Улсын Шүүхийн академийн Стратегийн хөгжлийн тэнхимийн захиргааны шүүгч Ферхат Экер, Осакагийн их сургуулийн хүндэт профессор, Отемон Гакуин их сургуулийн Хууль зүйн факультетын профессор  Такахаши Акио зэрэг олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаач нар илтгэлээ толилууллаа.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Др. П.Одгэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Улсын дээд шүүхийн Хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн А.Бодьбилэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн нар илтгэл тавьсан юм.

Илтгэгчдийн хувьд дараах үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэл тавьж, туршлага солилцсон билээ. Үүнд,

  • Онолын асуудлын хүрээнд захиргааны эрх зүйн системчлэлийн онол, өнөөгийн байдал, хандлага болон олон улсын туршлагыг судлах
  • Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн кодификаци хууль тогтоогчийн үүрэг
  • Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд захиргааны үйл ажиллагаа түүнийг хэрэгжүүлэх явц дахь захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн системчлэл, тулгарч буй асуудал
  • Шүүх эрх мэдлийн хүрээнд захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх явц дахь захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн системчлэлийн хэрэглээний талаар дотоод болон гадаадын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцсоноороо онцлог байсан юм.