Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.10-ны өдрийн №208 тогтоол

Тоймын дугаар, огноо: №43 /ЗХТ-16/, 2023.10.18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

“Монгол ураниум ресурс” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ... хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ.

“Монгол ураниум ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг хэрэг нь анх 2018 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс “ … хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 507 дугаар тогтоолоор... анхан шатны шүүх  нотлох баримтыг дутуу цуглуулсан, … нэхэмжлэлийн шаардлагыг хольж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн” гэх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээсэн  байна. Ингэснээр хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэх болов.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны шүүхээс шийдвэрлэж буй агуулга нь маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа биш, тухайн хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх агуулгатай, түүнчлэн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлэх, хасах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах бүрэн эрхийг хуулиар олгосон байдаг болно.

 

Анхан шатны шүүх 2019 онд хэргийг дахин хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч “Монгол ураниум ресурс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан” агуулгатай өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгч, хариуцагч аль аль талын хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаад магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар 2010 онд “Монгол ураниум ресурс” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газар олгосон, тус компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд 2010-2018 оны хооронд хайгуулын үйл ажиллагаа явуулсан, хайгуулын ажлын үр дүнд цацраг идэвхт ашигт малтмал олоогүй, харин хүрэн нүүрсний орд илрүүлсэн байна. Уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ХХ-05-17 дугаар дүгнэлтээр баталгаажуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Н/58 дугаар тушаалаар ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн, хариуцагч эдгээр баримтуудын талаар үгүйсгэж маргаагүй.

 

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн,  зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч компани нь 2010 онд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуул хийсэн, хайгуулын ажлын үр дүнд цацраг идэвхт ашигт малтмал биш, хүрэн нүүрсний нөөц илрүүлсэн нь хууль зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн олж илрүүлсэн нөөцийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах эрхтэй гэж шүүх дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл, анх цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон нь тухайн талбайгаас цацраг идэвхт ашигт малтмалаас “өөр төрлийн ашигт малтмал олж болохгүй” гэх агуулгагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол ураниум ресурс” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны явцад өөр төрлийн буюу хүрэн нүүрсний орд илрүүлсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч, ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан атлаа “… зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй” гэж, хайгуулын ажлын үр дүнгээр баталгаажсан нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж буй хариуцагчийн татгалзал хууль бус гэж шүүх үзсэн болно.

 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримтыг нэрлэн заасан, нэхэмжлэгч нь өргөдөл гаргахдаа хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтыг бүрэн бүрдүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд бүрдүүлэх материал бүрэн байгаа” гэх тайлбараар тогтоогдож, талууд уг асуудлаар маргаагүй тул тухайн нөөцийг нээж олсон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол ураниум ресурс” ХХК нь өөрийн хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон хүрэн нүүрсний ордыг ашиглах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэх агуулгатай дүгнэлтүүдийг хяналтын шатны шүүхээс хийсэн байна.

 

Шийдвэрүүдийг бүтнээр нь харах холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=12703

 

                                 Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ