Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-03-04
Дугаар 91
Хэргийн индекс 124/2019/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ч.Ч
Хариуцагч Увс аймгийн ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд С.А
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

       Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай”,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 564 дүгээр магадлалтай,

         Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээд С.А нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээд С.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч-ийн “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 564 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2-т заасныг тус тус баримтлан Ч.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд С.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нь хэргийг хянаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: “давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1.а-д (Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал) гэж заасан нь Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаарх ерөнхий зохицуулалт байна. Харин тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан (гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан) тохиолдолд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох заалт нь төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлаарх тусгай зохицуулалт байна. Хэрэв Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд гагцхүү огцруулах тогтоол гаргахаар тусгайлан хуульчилсан байгаа тул Хурал огцруулах тогтоол гаргах үүрэгтэй байна” гэж дүгнэлт хийжээ.

4. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдрапын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсэн заалттай шууд зөрчилдөж байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчийг огцруулна гэдэг нь цаанаа сонгогчдийн эрх ашгийг хөндсөн асуудал байдаг бөгөөд тухайн шатны иргэдийн хурал хуралдаж хуульд заасан журмын дагуу санал хураалт хийж шийдвэрлэх ёстой. Энэ талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гээд, тус хуулийн 18.1.1.а-д “Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал” гэж нарийвчлан зааж өгчээ.

5. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 564 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааиы хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны одрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “... гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан /тохиолдолд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох/”-оор, 13.2-т “... /дээрх тохиолдолд тухайн Хурал нь/ Хурлын төлөөлөгчийг ... огцруулах тухай тогтоол гаргах”-аар тус тус заасныг заавал биелэгдэх шинжтэй, тухайн Хуралд хуулиар ногдуулсан үүрэг гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А нь Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн ял шийтгүүлсэн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ тохиолдолд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэл бүрдсэн учир түүнийг Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай тогтоолыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах үүрэгтэй.

Анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан, хэрэглэх ёстой 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2-т заасныг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалт буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д заасныг хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, огцруулах эсэх асуудал нь “... тухайн Хурлын бүрэн эрхэд хамаарна” гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... /аймгийн/ Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”, 18.1.1-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал... /-ыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх/”-ээр заасан нь тухайн шатны Хуралд хуулиар олгосон эрхийн ерөнхий зохицуулалт, харин уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “... /хуульд заасан тохиолдолд/ Хурлын Төлөөлөгчийг огцруулах тогтоол гаргах”-аар заасан нь тусгайлсан буюу нарийвчилсан зохицуулалт, түүнчлэн, “... гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд тухайн Хурал нь уг төлөөлөгчийг огцруулах тухай тогтоол гаргах”-аар хуулиар тусгайлан заасан байхад хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “уг төлөөлөгчийг огцруулах тухай тогтоол гаргахгүй байх эрхтэй” гэж шүүх дүгнэх боломжгүй, ийм дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд, гуравдагч этгээдийн  “... аймгийн иргэдийн Төлөөлөгчийг огцруулна гэдэг нь цаанаа сонгогчдийн эрх ашгийг хөндсөн асуудал байдаг бөгөөд тухайн шатны иргэдийн Хурал хуралдаж хуульд заасан журмын дагуу санал хураалт хийж шийдвэрлэх ёстой, ... /Хурал нь/ Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ... /байхад/ давж заалдах шатны шүүх нь хэргийг хянаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ч нь 2016 оны орон нутгийн сонгуулийн тухайн тойрогт нэр дэвшиж, С.Атай өрсөлдсөн, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өдий болтол аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал “төлөөлөгчийг огцруулах тогтоол гаргах” хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаагаас нөхөн сонгууль зарлагдсан тохиолдолд өрсөлдөх,  миний өөрийн сонгогдох эрхэнд нөлөөлж байна” гэж тайлбарласан, энэ үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан  “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах” агуулгад хамаарахгүй гэж шүүх дүгнэх боломжгүй тул “... Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа асуудал нь нэхэмжлэгч Ч.Чэд хамааралгүй, түүний эрхийг зөрчөөгүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар, гомдлыг хүлээж авах боломжгүй.

Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 564 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд С.А-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА