Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-19
Дугаар 87
Хэргийн индекс 128/2018/0380/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч А ХХК
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хууль зүй, дотоод хэргийн яам,

Хууль зүй, дотоод хэргийн

сайдын 2018 оны А/07 дугаар

тушаалаар байгуулсан комисст

холбогдох захиргааны

хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                     Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, А ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-Э, П.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрээр: Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийг хүчингүй болгож, А ХХК-ийн хүсэлт гаргасан спорт сургалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2019 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, А ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар магадлал /шийдвэр/-ыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Үүнд: Нэг. Бид Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсгийн буюу А ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан иргэний зориулалттай спорт сургалтын бууны зөвшөөрлийн тухай хүсэлт тавьсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яамны комисс ...Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй хэмээн Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр зохицуулсан иргэний зориулалттай ан агнуурын буунд тавигдах шаардлагыг үндэслэж татгалзсан хариу өгсөн нь илэрхий хууль зүйн үндэслэлгүй болно. Тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх энэ байдлыг хянаж үзээд, Нэхэмжлэгч ...спорт сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийг импортолж оруулахыг хүссэн байхад хариуцагч ...Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ан агнах зориулалттай галт зэвсэгт тавигдах шаардлагыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй хэмээн зөв дүгнэлт өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү үндэслэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын ангийн зориулалттай галт зэвсгийн үндэслэлийг баримталж татгалзсаныг хэрхэн зөвтгөж байгаа, энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, комиссын шийдвэрийг зөвтгөн сэргээж байгаа нь ойлгомжгүй байна.

5. Хоёр. Талууд шүүх хуралд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хариуцагчийн удаа дараагийн илт худал мэдүүлэг хэрэгт авагдсан, түүнийг анхан шатны шүүх зохих ёсоор үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх энэ байдлыг анхаарсангүй нь хууль буруу хэрэглэхэд хүргэсэн. Энэ хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, анхан шатны шүүхэд буцаагдсан. Тус шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нэхэмжлэгч тал 180 ш бууг ан агнуурын зориулалтаар оруулж ирнэ гэж хүсэлт гаргасан учраас ...ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн үндэслэлээр татгалзсан, харин нэхэмжлэгч спорт сургалтын зориулалтаар оруулах хүсэлт гаргаагүй, гаргасан бол 180 ш бууг спорт сургалтын зориулалтаар оруулж ирэх эрх нь нээлттэй байсан гэх агуулгаар тайлбар хийж, харин нэхэмжлэгч 180 ш галт зэвсгийг ан агнах зориулалтаар импортолж оруулж ирэх хүсэлт гаргаж байгаагүй, харин спорт сургалт, харуул хамгаалалтын зориулалтаар оруулж ирэх хүсэлтийг удаа дараа гаргасан талаар тайлбар хийж мэтгэлцсэн болно.

6. Тус үйл баримтын талаар шүүх хуралдааны тэмдэглэл /Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 8-6 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 37-44 дэх тал/-д дараах байдлаар тусгагджээ. Үүнд:

- Илтгэгч шүүгчээс: 183 ш бууг импортоор оруулж, спорт-сургалтын зориулалттай зарах гээд байгаа. Үүнийг зөвшөөрөхгүй юм уу? гэхэд

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нээлттэй, хүсэлтийнх нь дагуу компани болгонд квот өгдөг. Нэхэмжлэгчид 2016, 2017 онд квот өгөөд байхад оруулж ирээгүй гэв.

- Илтгэгч шүүгчээс: 2017 оны квотынхоо дагуу Репрь загварын 180 ш галт зэвсгийг импортлох лицензийг яагаад олгохгүй гээд байна вэ? гэхэд;

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч зөвхөн ан агнуурын зориулалттай оруулж ирнэ л гэж байгаа гэв.

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ан агнуурын зориулалттай гэдэг хүсэлт гаргасан...

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Нэхэмжлэгч спорт зориулалттай гэж хүсэлт гаргаагүй гэв.

-Илтгэгч шүүгчээс: 180 ш галт зэвсгээ спорт зориулалттай оруулж ирэх хүсэлт гаргаагүй байж шүүхэд хандчихлаа гээд байгаа юм уу? гэхэд

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм хуулиараа хориотой гэв.

-Илтгэгч шүүгчээс: Спорт сургалтын зориулалттай оруулж ирэх хүсэлт гаргавал лиценз өгөх юм уу? гэхэд

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өгнө, нээлттэй гэв.

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн: 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлт хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байгаа. Спорт сургалт, харуул хамгаалалтын зориулалтаар 180 ш галт зэвсгийг оруулж ирэх хүсэлт гаргасан гэсэн байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан мэдүүлгийн ноцтой зөрүүтэй энэхүү байдалд зохих дүгнэлт хийсэнгүй.

7. Гурав. Нэхэмжлэгч 2016 оноос хойш удаа дараа гаргасан хүсэлтдээ 180 ш бууг спорт сургалтын төдийгүй харуул хамгаалалтын зориулалттайгаар улсын хилээр оруулах хүсэлт гаргаж байсан. Тус Вепрь загварын буунууд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд мөн хамаарах тул Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу А ХХК нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэйн хувьд тус буунуудыг харуул хамгаалалтын зориулалтаар импортлох эрхтэйг давж заалдах шатны шүүх анхаарсангүй нь нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна.

8. Дөрөв. Давж заалдах шатны шүүх галт зэвсгийг өмчлөх, ашиглах тухай хуулийн зохицуулалтыг анхаараагүйн улмаас Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 болон 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7 дахь заалтьг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд /ашиглуулах/ зориулж импортлох эрхтэй юм. Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан энэхүү этгээд нь галт зэвсэг импортлох хүсэлтдээ тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөөг заавал тусгахыг хуульчилсан /тус хуулийн 19.6.1/ нь улс орны өмнөөс тамирчид бэлтгэн оролцуулдаг мэргэжлийн спорт холбоод буюу галт зэвсэг сум ашиглан спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдэд зориулсан тусгайлсан зохицуулалт болно. Энэ зорилгоор оруулж ирсэн галт зэвсэг, сумыг Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д зааснаар нийтэд худалдах эрхгүй зөвхөн тэмцээн, уралдаанд оролцох, бэлтгэл хийх зорилгоор л ашиглана. Харин Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан эрх бүхий этгээд нь зөвхөн борлуулагч бөгөөд иргэний зориулалттай спорт-сургалтын галт зэвсгийг нийтэд худалдах /өмчлүүлэх/ зорилгоор импортлох эрхтэй.

9. Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ...сургалтад хамрагдаж гэрчилгээ авснаар Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т ...галт зэвсгээ бүртгүүлж ...галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол... гэж заасан зэрэг нь галт зэвсгийг өмчлөх тухай ойлголтыг тодорхойлж байна. Энэхүү өмчлөх эрх нь зөвхөн худалдах, худалдан авах харилцаагаар л хэрэгжих бөгөөд иймд эдгээр спорт сургалтын зориулалттай галт зэвсгийг бусдад худалдах эрхтэй этгээд байх нь тодорхой. Дээр дурдсанаар спорт сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй /Галт зэвсгийн тухай хуулийн 19.5 заасан/ этгээдүүд импортолж ирүүлсэн галт зэвсгээ бусдад худалдах эрхгүй тул гагцхүү Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан борлуулагч л спорт сургалтын зориулалттай галт зэвсгийг бусдад худалдах эрхтэй. Хүсэлтийн хариуд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн магадалгааг үндэслээд зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг.

10. Энэ үйл баримтын тухайд давж заалдах шатны шүүхийн шийдвэр /Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0584 дүгээр магадлалын 8 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал/-т ...Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 180 ширхэг бууг спорт сургалтын зориулалтаар оруулж ирэх эрх нь нээлттэй, нэхэмжлэгчийн зүгээс эдгээрийг ан агнуурын гэснээс бус спорт сургалтын зориулалтаар оруулах хүсэлт гаргаагүй гэх боловч комиссын дээрх өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд А ХХК-д Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй гэсэн үндэслэлээр улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчээс эдгээр бууг ан агнуурын бус харин спорт сургалтын зориулалтаар оруулахыг хүссэн болох нь тус компаниас Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших удаа дараагийн хүсэлтээр тогтоогддог. Комиссын дээрх татгалзал нь спорт, сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа болох, өөрөөр хэлбэл, ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэхгүй бууг энэ чиглэлээр ашиглах боломж хууль, эрх зүйн хувьд байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

11. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн орхигдуулсан дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд гүйцээн хийх боломжтой боловч харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөх боломжгүй хэмээн дүгнэж, анхан шатны шүүхэд буцаасан. Эдгээрээс үзвэл хариуцагч тал маргаан бүхий 180 ш бууг спорт сургалтын зориулалтаар импортолж оруулах хүсэлт гаргасан бол холбогдох зөвшөөрөл өгөх байсан талаараа туйлын тодорхой илэрхийлжээ. Энэ байдлыг үндэслэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь зөв хэмээн ярилцаж, харуул хамгаалалтын гэх үгээ хасаж, асуудлыг эвлэрлээр шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах хэмээн тодотгож нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулсан билээ.

12. Гэтэл нэхэмжлэгч тал өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дараа мөн л эс зөвшөөрч, огт өөр үндэслэл буюу А ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2 /спорт, сургалтын тусгай зөвшөөрөлгүй/, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7 болон Хууль зүйн /хуучнаар/ сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/251, 304 дүгээр тушаалаар батлагдсан Галт зэвсэг сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам-ын 1.2 дахь заалтыг баримтлан маргаж байгаа нь ёс зүйгүй төдийгүй шударга бус юм. Эдгээрийг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдсаныг дурдвал, нэгдүгээр хавтаст хэргийн 202 хуудаст НХЖХГ-ын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Гүррагчаагийн Галт зэвсгийн тухай хууль шинээр батлагдсанаас хойш Нийслэлийн хэмжээнд спорт, сургалтын зориулалтаар бусдын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн галт зэвсгийн судалгаа авагджээ.

13. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна гэдэг нь Галт зэвсгийн тухай хуулиараа хэн нэгний өмчлөлд очно гэсэн үг. Судалгааны бүртгэлд бидний маргаж буй Вепрь загварын нийт 36 бууг 2015-2018 онд спорт сургалтын зориулалтаар бусдын өмчлөлд худалдсан нь бүртгэгджээ. Мөн хоёрдугаар хавтаст хэргийн 225-226, 232-233 дугаар хуудаст А ХХК-иас 2017-2019 онуудад нийт 34 Вепрь загварын бууг спорт сургалтын зориулалтаар хувь иргэдийн өмчлөлд худалдсан тоон мэдээ авагджээ. Ийнхүү Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан борлуулагч /А ХХК/-иас Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дугаар заалтын дагуу Цагдаагийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх иргэнд үүсдэг байна. Үүнийг дүгнэвэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан этгээд /борлуулагч/ спорт сургалтын галт зэвсэг импортлох эрхгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ноцтой алдаа мөн. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Галт зэвсгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаарт шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэнгүй.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шүүхийн шийдвэрийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье. Жич: Нэхэмжлэгч А ХХК нь 2012 онд Оросын Холбооны Улсын Молот-Оружие зэвсгийн үйлдвэртэй байгуулсан №496/60615885/Е0242 тоот гадаад худалдааны гэрээний үндсэн дээр 580 ширхэг галт зэвсгийг худалдан авах гэрээ байгуулж нийт урьдчилгаанд 71,190 доллар төлсөн. Галт зэвсгийн тухай хууль өөрчлөгдөн найруулагдаж буйтай холбогдуулж, галт зэвсэг сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах сонгон шалгаруулах ажлыг зарлаж, зохион байгуулаагүй 2015 он хүрсэн, 2016 оноос Хууль зүйн яаманд нийт албан бичгээр 10 шахам удаа хандсан.

15. Оросын Холбооны Улсын Молот-Оружие зэвсгийн үйлдвэр нь А ХХК-ийг гэрээгээ зөрчсөн гэж мэдэгдэл ирүүлж, гэрээний дагуу торгууль, алданги тооцож байгаа бөгөөд 2017 онд нэмэлт гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгуулсан, энэ хугацаанд галт зэвсгээ татаж авахгүй бол гэрээний хүү, торгуулийн журмаар урьдчилгаанд төлсөн 71.190 долларыг 100 хувь суутгах бодит хохирол учрахаар байгааг анхааран үзэж, Монгол улсынхаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүй байхыг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Шүүхүүд хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

17. Нэхэмжлэгч А ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн яамны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, А ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тус компани нь Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй /6 жилийн хугацаатай/, мөн нэхэмжлэгчийн оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын галт зэвсэг нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны А/250/А/379,437 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-д хамаарах бөгөөд эдгээр нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж болох нь тогтоогдсон байна /2 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт/.

18. Нэхэмжлэгч компани нь 2016 оноос хойш Хууль зүйн яаманд харуул хамгаалалт, спортын зориулалтаар нийт 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр оруулж ирэх зөвшөөрөл авах-аар удаа дараа хандсан боловч хариуцагчаас тухай бүрт татгалзаж байсан, хамгийн сүүлд буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд маргаан бүхий акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Коммисс /2018.01.17-ны өдрийн А/07/-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 3 дахь заалтаар ... Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 504 дугаартай шинжээчийн магадлагааг үндэслэн Вепрь-308... галт зэвсгүүд нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны А/250/А/379,437 дугаар тушаалын хавсралтад заасан Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамрагдахгүй... гэсэн үндэслэл заан татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Учир нь, нэхэмжлэгчээс өөрийн тусгай зөвшөөрлийн хүрээндээ Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг харуул хамгаалалт, спортын зориулалт-аар, тодруулбал, Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.3-т заасан иргэний буюу спорт-сургалтын болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан харуул хамгаалалтын зориулалтаар оруулж ирэхийг хүссэн байхад хариуцагчаас Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй,... байна. гэснийг, мөн дээр дурдсан гурван сайдын хамтран баталсан 2015 оны А/250/А/379,437 дугаар тушаалын хавсралтын 1.1. АН АГНАХ. 1. Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх...зэвсгүүд; гэснийг үндэслэн Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй гэх үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгчийн хүсэлтэд зааснаас өөр буюу хамааралгүй зүйл, заалтыг үндэслэж татгалзсан нь хууль бус байна.

20. Харин давж заалдах шатны шүүх энэхүү татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, ...А ХХК нь спорт сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг ... улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож байна... гэсэн хариуцагчийн татгалзалд заагаагүй үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

21. Гэхдээ хариуцагчийн татгалзал хууль бус байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл болохгүй юм.

22. Учир нь, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэсний дагуу Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны А/251, 304 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 1.2-т Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг, ... спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ , мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно, 19.7-д Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана гэж тус тус зааснаас үзвэл, тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь, тухайлбал нэхэмжлэгч нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг арилжааны зорилгоор импортлох, бусдад худалдаалах боломжгүй, зөвхөн спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглах зорилгоор л хуульд заасан журмын дагуу /Галт зэвсгийн тухай хуулийн 19.5, 19.6/ зөвшөөрөл авсны үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлэхээр тусгайлан заажээ.

23. Иймээс нэхэмжлэлийн ... А ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-9-д заасан хуулийн дээрх заалтууд нь зөвхөн спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдэд зориулсан тусгайлсан заалт, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар галт зэвсэг оруулах эрхтэй этгээдүүдэд хамааралгүй гэсэн утгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.

24. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч А ХХК нь иргэний зориулалтаас гадна харуул хамгаалалтын зориулалтаар галт зэвсэг импортлох, нийтэд худалдах эрхтэй, тус компаниас Хууль зүйн яаманд гаргаж байсан удаа дараагийн хүсэлтдээ 180 ширхэг галт зэвсгийг харуул хамгаалалт, спортын зориулалтаар оруулж ирэх зөвшөөрөл авах-ыг хүсэж байсан, харин шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шалтгаанаа ...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгч нь галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар оруулах хүсэлт гаргаагүй, ан агнуурын зориулалтаар оруулж ирэх хүсэлт гаргасан, спортын зориулалтаар оруулж ирэх эрх нь нээлттэй, хүсэлт гаргавал зөвшөөрөл олгох боломжтой... гэсэн тайлбар өгсөн учир харуул хамгаалалтын гэх үгээ хасаж, спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах гэж тодорхойлсон /Тодорхойлох хэсгийн 5-7, 10-11/ гэснийг үгүйсгэх аргагүй.

25. Нэгэнт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 180 ширхэг галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах гэж тодорхойлсон, шүүхээс уг шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй тул /Хянавал хэсгийн 22-23-д зааснаар/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, гэвч дээр дурдсан /Хянавал хэсгийн 24-т/ болон цаашид нэмж тодруулах шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

26. Тухайлбал, нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/250/А379,437 дугаар тушаалаар батлагдсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт-ын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд нийцэж буй эсэхийг нарийвчлан шалгаж, нэхэмжлэгч нь уг зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах холбогдох хууль, журамд заасан бусад шаардлагыг хангасан эсэх, мөн тухайн жилд харуул хамгаалалтын зориулалтаар импортлох галт зэвсгийн тоо хэмжээ зэрэг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин акт гаргах хүртэл маргаан бүхий акт болох Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.7-д тус тус заасныг баримтлан Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, 2-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай гэсэн заалт нэмж, шийдвэрийн 2., 3. дахь заалтын дугаарыг 3., 4. гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ