Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-17
Дугаар 77
Хэргийн индекс 125/2018/0048/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ш.Б
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Т.Ж
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ыг оролцуулж,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Б-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ш.Б, өмгөөлөгч Б.М бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 заасан эрхийнхээ дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар магадлалыг эс зөвшөөрч “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн талаар: 1.1. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Т.Ж-ыг Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дээрх Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг “өмнөх Засаг даргын орлогчийг чөлөөлөхийг дэмжсэн агуулга хамтдаа байгаа гэж ойлгогдоно” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

5. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээгүй болох нь тус хурлын дарга Г.П, тэргүүлэгч Б.Б, Ю.А, Т.Д, Д.Ц, М.Г, нарийн бичгийн дарга Б.С нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн түүнчлэн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэл болон тус хурлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/370 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоос асуудлыг хэлэлцээгүй, уг асуудлаар шийдвэр гараагүй болох нь давхар батлагддаг. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хурлын дарга Г.П ажлыг нь авч байгаа Засаг даргын орлогчийн ажлыг нь шийдээрэй гэж санал илэрхийлсэн тул нэхэмжлэгчийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх талаар зөвшилцөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “зөвшилцөөгүй гэсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь буруу” гэж дүгнэхдээ гэрч Г.П, Б.Б, Ю.А, Т.Д, Д.Ц, М.Г, Б.С нарыг “тэргүүлэгчдийн хуралдаанаар Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй" гэсэн мэдүүлгүүдийг үнэлээгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн “Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, уг асуудлаар шийдвэр гараагүй"-г нотолдог Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэл болон тус хурлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/370 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Ховд аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үнэлж, улмаар “нэхэмжлэгч Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн, зөвшилцөх хуулийн шаардлага хангагдсан” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөхдөө Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй үйл баримтад Ховд аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоол ямар нэг хамааралгүй юм.

7. Хоёр. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй. Хуулийн дээрх заалтад дурьдсан “зөвшилцөх”-ийг Засаг даргаас тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохоор нэхэмжлэгч тал ойлгож байгаа болно. Иймээс хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчийн ажилд томилох, чөлөөлөхөд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй санал солилцох шаардлагатай байна. Анх Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилох саналыг дэмжсэн. Уг тогтоолыг үндэслэж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/25 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Б-ийг эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор томилон ажиллуулсан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилсон процедур нь хуулийн дээрх заалтад нийцсэн байдаг. Харин нэхэмжлэгч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоос чөлөөлсөн нь процедур нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх тогтоож, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

8. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “томилох чөлөөлөхөд зөвшилцөх" гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь магадлалын хянавал хэсэгт ““Засаг даргын орлогчийг томилох асуудлыг Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцсөн нь Засаг даргын орлогчийг чөлөөлөх асуудлыг Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөнд тооцогдоно гэж дурдснаас тодорхой харагдаж байна. Магадлалд дурьдсан “томилохыг зөвшилцсөн бол чөлөөлөхийг зөвшилцсөнд тооцно” гэсэн тайлбар нь хуулийн дээрх заалтын “томилох, чөлөөлөхөд зөвшилцөх” гэсэн агуулгаас зөрүүтэй байна.

9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна , 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэжээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэгт: Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөхөд зөвшилцөх Засаг даргын саналыг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэх, хоёрт: Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөхөд зөвшилцөх Засаг даргын саналд өгөх Хурлын хариу нь тогтоол хэлбэртэй байх шаардлага тавигдаж байна. Энэхүү шаардлага нь нэхэмжлэгч Ш.Бийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилоход хангагдсан бол маргаан бүхий захиргааны актаар түүнийг Ховд аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөхөд уг шаардлага хангагдаагүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоол нь гуравдагч этгээд Т.Ж-ыг Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилоход зөвшилцсөнийг нотлохоос бус нэхэмжлэгч Ш.Б-ийг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхөд зөвшилцсөнийг нотлохгүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх “хурлын дарга Г.П ажлыг нь авч байгаа Засаг даргын орлогчийн ажлыг нь шийдээрэй гэж Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанд хэлсэн үгийг зөвшилцсөн гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг хэрэглээгүйд гомдолтой байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т зааснаар “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй. Нэхэмжлэгч Ш.Б нь улс төрийн намын шийдвэр бус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт улс төрийн шийдвэр гаргасан Ховд аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасантай нийцсэн байна.  

12. Нэхэмжлэгч Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Аймгийн Засаг даргын орлогчийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэсэн хуулийн шаардлагыг ...аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамж хангаагүй. ...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор Т.Ж-ыг Засаг даргын орлогчоор томилохыг дэмжиж тогтоол гаргасан, уг тогтоолыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж хууль зөрчсөн” гэж маргажээ.

13. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Ш.Б-ийг аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

14. Давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “...орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна гэж үзлээ.

15. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал юм. Харин Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг аймгийн Засаг дарга эдлэх ба Засаг даргаас энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг шаардсан байна.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, тус аймгийн Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1/2127 тоот албан бичиг хүргүүлж, Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, 50 дугаар тогтоолоор Т.Ж-ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилуулахаар ирүүлсэн саналыг дэмжихээр шийдвэрлэжээ.

17. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Б-ийн эрхэлж байсан Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн албан тушаалд Т.Ж-ыг томилуулахаар ирүүлсэн аймгийн Засаг даргын саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн саналыг дэмжиж шийдвэрлэсэн, иймээс нэхэмжлэгчийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх талаар тус хуралдаанд оролцсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээгүй, ойлгоогүй байх боломжгүй учир давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “зөвшилцөөгүй” гэх гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцээгүй” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

18. Иймд, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “...Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээгүй болох нь тус хурлын дарга Г.П, тэргүүлэгч Б.Б, Ю.А, Т.Д, Д.Ц, М.Г, нарийн бичгийн дарга Б.С нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн ...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон тус хурлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/370 тоот албан бичиг зэргээр ...уг асуудлаар шийдвэр гараагүй болох нь давхар батлагддаг” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй юм.  

19. Түүнчлэн, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “...давж заалдах шатны шүүх ...Ховд аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой” гэсэн хяналтын гомдол мөн үндэслэлгүй.

20. Учир нь, гомдолд дурдсан Ховд аймгийн МАНамын 18 дугаар тогтоол нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, харин Ховд аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамжаар Ш.Б-ийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс захиргааны актын энэ үндэслэлд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.    

21. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА