Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-10
Дугаар 68
Хэргийн индекс 128/2019/0680/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С ХХК
Хариуцагч Улсын Гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд Ч ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн

 тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон “С” ХХК болон “Ч” ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын “Ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, “Ч” ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 673 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О, Н.Ч нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гаргасан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон “С” ХХК болон “Ч” ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын “Ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, “Ч” ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 673 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ...” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “С” ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 673 дугаартай магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, дараах гомдол гаргаж байна.

4. Гомдлын 1-р үндэслэл буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь техникийн тодорхойлолтыг хангасан эсэхийг хянан үзнэ”, мөн зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, мөн зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн хуулийг хэрэглэсэнгүй. Тайлбарлавал: “С” ХХК нь Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарласан УГТЭ2010902 тендерийн 9-р багцад шалгарах зорилготой оролцсон. Гэтэл тендерийн үнэлгээний хороо нь 9-р багцын тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн эмнэлгийн хэрэгсэл санал болгосон, “хамгийн сайн” гэж үнэлэгдэх учиртай тендер санал болгосон “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулаагүй. Харин эсрэгээр 1)тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон, ингэснээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан эмнэлгийн хэрэгслийн кодод нийцэхгүй, нэг бүрийн жишиг үнээс хэтэрсэн өндөр үнэтэй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон, 2)үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардсан хэрнээ үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, 3)эмнэлгийн хэрэгслийн дээж дутуу ирүүлсэн “Ч” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан. Тодорхой хэлбэл, захиалагч нь техникийн тодорхойлолтоороо “Судас бөглөгч, ОУ-ын нэршил нь Vascular closer device, 6-8F хэмжээтэй, ангиографийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, цус тогтоож судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл 270 ширхэгийг 137,975,000 төгрөгний төсөвт өртөгт багтаан авна” гэсэн. Тендерт оролцогчдод хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн № 1/550 дугаартай 2 хуудас хавсралттай тодруулгын 2-т “ЭМДҮЗ-ийн 2018 оны 17 дугаар тогтоолоор баталсан эмнэлгийн хэрэгсэл, протез нэг бүрийн кодыг хавсралтаар хүргүүлж байна. (хавсралт1). Хавсралт 1-д 9-р багцад “судас бөглөгч, хэмжээ 6-8F, хэрэгслийн код S01373” гэсэн байна. Мөн тэнд 3-р багцад “Судас боох багц, хэмжээ 6Fs, код S01883” гэсэн байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөлийн 2018 оны 09 сарын 11-ний 17 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 3. Зүрхний ишемит өвчин 3.1-д “Судасны нүх бөглөгч 6F /Аngioseal/, хэрэгслийн код S0137, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар 375,375 төгрөг” гэсэн байна. Эдгээр шаардлагыг 100% хангаж, S0137 кодтой судас бөглөгч Аngioseal-ийг 270 ширхэгийг төсөвт өртөгт багтаан 137,840,000 төгрөгөөр нийлүүлэх санал өгсөн “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр зориуд хассан.

5. Харин тендерт шалгарсан гэх “Ч” ХХК-ийн тендерт санал болгосон 2 төрлийн “судас бөглөгч” гэдгийн техникийн үзүүлэлтүүдийг захиалагчийн техникийн тодорхойлолт болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 17 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралттай тулган үзэхэд эхнийх нь 8. Тархины судсан доогуур хийгдэх мэс засал, 8.1-д “Судас оёгч Angioseal Exoseal, 5- 7F хэмжээтэй, хэрэгслийн код S0218, эрүүл мэндийн даатгалын сангаас 75%-ийг нь төлөх төлбөрийн дээд хязгаар 339,750 төгрөг”, хоёрдох нь 6. Судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, 6.4-д “Судас боох багц, /vascular access and and vascular closure set/, 6F хэмжээтэй, хэрэгслийн код S0188, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх 75%-ийг нь төлөх төлбөрийн дээд хязгаар 543,750 төгрөг гэсэн байна. “Ч” ХХК нь энэ 2 барааг 270 ширхэгийг х 473,000 төг = 127,710,000 төгрөгөөр /+ захын судасны стент 2 ширхэг 2,640,000 =130,350,000 төгрөг/ нийлүүлнэ” гэсэн саналыг тендерт ирүүлсэн байна. Эндээс үзэхэд “Ч” ХХК-ийн тендерт санал болгосон 2 төрлийн судас бөглөгч гэдэг нь техникийн тодорхойлолтод заасан хэмжээ таарахгүй, хэрэгслийн код таарахгүй, 2 бүтээгдэхүүний нэгж үнэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 75%-ийг нь төлөх төлбөрийн дээд хязгаараас давсан байна. Тодруулбал, Судас бөглөгч хэрэгслийн хэмжээг 6-8F гэж байхад 8F байхгүй, хэрэгслийн код S0137 гэж байхад S0218 ба S0188 кодтой эмнэлгийн хэрэгсэл санал болгосон. Энэхүү эмнэлгийн хэрэгсэл нэг бүрийн “код” гэдгийн цаана Монгол Улсад нэг мөр ойлгож, дагаж мөрдөхөөр эрх бүхий мэргэжлийн захиргааны байгууллагын тогтоол, журмаар тогтоосон өөр хооронд нь ялгаж ангилахын тулд гаргасан, олон улсын өвчний код, өвчний нэр, тусламж үйлчилгээний нэр, үйлдлийн олон улсын ангилал эмнэлгийн хэрэгслийн нэршил, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх 75%-ийн төлбөрийн дээд хязгаар гэсэн үзүүлэлттэй нягт холбоотой, харилцан уялдаатай, нэг мөр баримталж дагаж мөрддөг стандарт ойлголтууд байдаг тул нэгэнт тогтсон кодоор ангилсан барааг өөр хооронд нь шилжүүлж болдоггүй, нэгийг нөгөөгөөр орлуулж болдоггүй журамтай билээ.

6. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь захиалагч болон гуравдагч этгээд нарын хуйвалдан нэгэн дуугаар “эмнэлгийн хэрэгсэл бүр адилхан, код зөвхөн төлбөртэй хамаатай” гэсэн худал тайлбарыг хүлээн авч “эмнэлгийн хэрэгслийг өөр хооронд нь ялгах, кодлох шаардлагагүй, ялгаагүй, бүгд адилхан, тендерт оролцогч 2 компанийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслэлүүд нь хоёулаа чанараараа тендерт тэнцсэн, хоёулаа хэрэглэж болох юм байна, нэг нь арай хямд юм байна” гэсэн энгийн, жирийн иргэний ойлголтоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтоол, шийдвэр, журмыг үгүйсгэсэн, мэргэжлийн байгууллагын тогтсон, хэвшсэн үйл ажиллагааны эсрэг, орвонгоор нь эргүүлсэн шийдвэр гаргасан.

7. Бидний гомдлын үндэслэл болгоод байгаа захиргааны шүүхийн хэрэглэх ёстой хэрнээ хэрэглэхгүй байгаа “ЗХШХТ хуулийн 2.1-д заасан бусад хууль тогтоомж” буюу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4033 дугаарт бүртгэгдсэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдаж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 17 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”, “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт” юм. Учир нь “Ч” ХХК-ийн санал болгосон 2 төрлийн судас бөглөгч гэдгийн нэг бүрийн үнийг авч үзвэл /ЧГ ХХК-ийн багц 9-д санал болгосон барааны үнийн хуваарийг үзнэ үү/ эхний S0218 кодтой “Судас бөглөгч Ехоseal-ийг нэг бүрийг нь 473,000 төгрөгөөр буюу 75%-ийг нь 354,750 төгрөгөөр санал болгосон байна. Гэтэл энэ судас бөглөгч Ехоseal-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэгж хэрэгслийн төлбөрийн 75%-ийн дээд хязгаар 339,750 төгрөг байна. Энэ саналтай нь харьцуулбал эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэгж үнийг 15,000 төгрөгөөр /354,750-339,750/ хэтрүүлсэн байна. Энэ нь тендерээс татгалзах үндэслэл мөн байтал шүүх “холбогдох хуульчлагдсан актыг хэрэглээгүй” учир буруу шийдвэр гаргасан.

8. Хоёр дахь S0188 кодтой Судас оёгч Perclose ProGlide 6F-ийг нэг бүрийг нь 473,000 төгрөгөөр буюу 75%-ийг нь 354,750 төгрөгөөр санал болгосон байна. Гэтэл энэ судас оёгч Perclose ProGlide 6F-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэгж хэрэгслийн төлбөрийн 75%-ийн дээд хязгаар 543,750 төгрөг байна. Үүн дээр даатгуулагчийн төлөх 25%-ийг нэмэхэд 725,000 төгрөг болж байна. Хэрэв 270 ширхэгийг нийлүүлнэ гэвэл 270 ширхэг х 725,000 төг = 195,750,000 төгрөг болж төсөвт өртгөөс хэтэрсэн байна. Угаасаа “Ч” ХХК нь энэхүү S0188 кодтой “Судас оёгч Perclose ProGlide 6F-ийг тендерийн 3-р багц дээр нэг бүрийг нь 725,000 төгрөгөөр нийлүүлэхээр шалгарсан. Гэтэл шүүх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6-д заасан “Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах” эрхийнхээ хүрээнд гаргасан “эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлгийн хэрэгслийн нэг бүрийн жишиг үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн” тогтоол, журмыг хэрэглэсэнгүй.

9. Захиалагч нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 15.10-д “Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна. Эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнэ нь ЭМДҮЗ-ийн 2018 оны 17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан жишиг үнээс хэтрэхгүй байна. ЭМДЕГ-ын 2019 оны А-1/119 дүгээр зөвлөмжийн 3-д заасны дагуу дээрх жишиг үнээс хэтэрсэн нэгж үнэтэй эмнэлгийн хэрэгсэл, протез санал болгосон тендерээс татгалзах болно” /үзнэ үү/ гэж заасан атлаа үүнийгээ зөрчиж, эсрэгээр “Ч” ХХК-тай урьдын адил сүлбэлдэж, шалгаруулсан байтал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-3-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, мөн зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, мөн зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн хуулийг шүүх хэрэглэсэнгүй.

10. Улмаар энэ тендерийн 3-р багцад “Ч” ХХК нь “Судас боох багц, /vascular access and vascular closure set/, 6F ба түүнээс дээш хэмжээгээр цоологдсон судсыг судсан дотуур оёж хаах боломжтой, S0188 хэрэгслийн кодтой Perclose proglide гэдэг 12 ширхэг судас оёгчийг нэг ширхэгийг нь 725,000 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгон шалгарсан байхад захиалагч нь “Ч” ХХК- ийн яг энэ барааг өөр багц буюу 9-р багцаар дахин авна гэж шийдвэрлэсэн нь багцлалт гэдгийг утгагүй болгож байна. Бодит байдалд 9-р багцаар энэ барааг дахин авахгүй гэдэг нь тодорхой бөгөөд зүгээр л ов мэх, заль гарган 8F хэмжээтэй судас бөглөгч байхгүй компанийг 8F хэмжээтэйг санал болгосон мэт харагдуулж, хууль бусаар шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, захиалагч нь тендер зарлахдаа судас оёгч Perclose proglide-ийг 3-р багцаар авна, судас бөглөгч Angioseal-ийг 9 -р багцаар авна гэж хоёр багцад хувааж, тендер зарласан боловч /энэ нь зөв/ тендер шалгаруулалт явуулж, шийдвэр гаргахдаа 3-р багцаар авсан бараагаа дахин 9-р багцаар авахаар өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргаж байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” гэсэн хуулийн заалтыг “захиалагч нь хэрэгжүүлэх шатанд замхруулж байхад” шүүх жинхэнэ утгаар нь ойлгож хэрэглэсэнгүй.

11. Нөгөө талаас нь харахад “Ч” ХХК-ийн судас бөглөгчийн 8F хэмжээг орлуулан өгсөн S0188 кодтой Perclose proglide судас оёгчийн эрүүл мэндийн даатгын сангаас төлөх нэг бүрийн 75%-ийн үнэ нь 543,750 төгрөг /худалдах үнэ нь 725.000 төг/ байна. Энэ үнэ 9-р багцаар авах 30137 кодтой судас бөглөгчийн эрүүл мэндийн даатгалаас төлөх нэг бүрийн 75%-ийн 375,375 төгрөгний жишиг үнээс хэтэрсэн байна. Иймд та нарт ЭМДЕГ-аас санхүүжилт олгохгүй шүү дээ гэж маргахад гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “бид 725,000 төгрөгний /543,750 төг + 25% / үнэтэй бараагаа судас бөглөгчийн жишиг үнээс /375,375 төгрөг +25% = 500,500 төгрөг/ доогуур үнээр санал болгосон” гэж байнга тайлбарладаг. Хэрэв “Ч” ХХК нь 9-р багцад нийлүүлэх 270 ширхэг судас оёгчийг 3-р багцад нийлүүлсэн 725,000 төгрөгний үнээр нийлүүлбэл нийт үнэ нь 195,750,000 төгрөг болж төсөвт өртгөөс хэтрэх юм. Үүнээс гадна энэ барааны хилээр оруулж ирдэг гаалийн үнэ буюу өөрийн өртөг нь 175$ төгрөг юм. Иймд “Ч” ХХК- ийн энэхүү нэг барааг 2 өөр үнээр нийлүүлдэг, барааны үнийг бодит өртгөөс зориуд доош оруулж, нэг ширхэгийн үнийг 189,000 төгрөгөөр зориуд унагаадаг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “аж ахуй эрхлэгчээс зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулахыг хориглоно”, мөн зүйлийн 7.1.4-д заасан “бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Гэтэл шүүх энэ хуулийг хэрэглэсэнгүй.

12. Дээрхийг нэгтгэн хүснэгтээр харуулбал:

Хэрэгслийн нэр

Хэрэгслийн код

ЭМД-аас төлөх нэг бүрийн 75% /төг/

Худалдан авах +25%= 100% нэг бүрийн үнэ /төг/

Ч ХХК-ийн саналын

75%           100%

Саналын нэг ширхэгийн үнийн зөрүү /төг/

137,975,000 төгрөгний төсөвт өртгөөр худалдан авах 270 ширхэгээр үржүүлбэл

Angioseal

S0137

375.375

500.500

-

-

-

135.135.000

Exoseal

S0218

339.750

453.000

354.750

473.000

+15,000

122,310,000

Perclose

Proglide

6F

S0188

543.750

725.000

354.750

473,000

-189,000

195,750,000

 

13. Эндээс харахад “Ч” ХХК нь захиалагчийн 270 ширхэгийг авна гэсэн 30137 кодтой судас бөглөгч Angioseal -ийн оронд S0218 кодтой судас бөглөгч Exoseal-ийг, S0188 кодтой судас оёгч Perclose Proglide 6F-ийг тодорхойгүй тоогоор санал болгохдоо Ехоseal нь өөрт хамаарах S0218 кодод харгалзах 339.750 төгрөг гэсэн нэг бүрийн жишиг үнээс 15,000 төгрөгөөр хэтрүүлэн 354.750 төгрөгөөр санал болгож байхад захиалагч нь “код хамаагүй” гэж, өөрт хамаарах S0188 кодтой судас оёгч Perclose Proglide 6F-ийг 3-р багцад 725,000 төгрөгөөр нийлүүлж байгаа хэрнээ 9-р багцад нэг бүрийн үнийг нь 189,000 төгрөгөөр унагааж 473,000 төгрөгөөр санал болгоход нь захиалагч “хууль хамаагүй” гэж зориуд шалгаруулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь S0218 кодтой, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх 339.750 төгрөгний нэг бүрийн жишиг үнэтэй Ехоsеаl-ийг нэг бүр нь 354.750 төгрөгөөр ороод ирэхээр тогтоол, шийдвэр, журмаа баримтлаад санхүүжүүлэхгүй гэнэ. Гэтэл 2 шатны шүүх тендер шалгаруулалтад холбогдох хууль болон холбогдох захиргааны байгууллагын тогтоол, журмыг хэрэглэхгүй, авч хэлэлцэхгүй, харин эсрэгээр, үндэслэлгүйгээр УГТЭ-ийн удирдлага, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг зөв гэж үзэн, хамгаалсан шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

14. Нөгөө талаас “С” ХХК-ийн тендерт санал болгосон S0137 кодтой судас бөглөгч Angioseal нь “Ч” ХХК-ийн санал болгосон S0218 кодтой судас бөглөгч Ехоseal -ээс өөрийн өртөг нь өндөр юм. Тийм ч учраас эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг бүрийн жишиг үнийг Ехоseal-д 339,750 төгрөгт тогтоогоод S0137 кодтой судас бөглөгч Angioseal-д илүү өндөр буюу 375,375 төгрөгөөр тогтоож өгсөн. Учир нь “С” ХХК-ийн санал болгосон Японы Terumo компанийн судас бөглөгч “Angio-seal” нь 6-8F хэмжээтэй, утас болон хавчаар, коллаген ашиглан богино хугацаанд бөглөдөг идэвхтэй хаалттай, судасны дотроос зангуу, гаднаас бөглөөс хийдэг, шимэгдэж, хайлдаг олон бүтэцтэй, шуурхай найдвартай цус тогтоодог, гараар дарах шаардлагагүй байхад “Ч” ХХК-ийн санал болгосон судас бөглөгч Ехоseal нь 5-7F хэмжээтэй, 8F гэсэн хэмжээ байхгүй, утас болон хавчаар, коллаген ашиглан богино хугацаанд бөглөдөг идэвхтэй хаалт байхгүй, тодорхой хугацаанд гараар дарж цусны бүлэгнэлт болон бөглөөсийг наалдах хугацааг хүлээдэг, шимэгдэж, хайлдаг ганц бүтэцтэй, нүдэн баримжаагаар хийдэг, ажилбарт хэрэглэсэн өөр хэрэгсэл-интродюсерийг давхар ашигладаг дутагдалтай байна. Энд захиалагч нь “тендерт оролцогч 2 компанийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслэлүүд нь хоёулаа чанараараа тендерт тэнцсэн, хоёулаа хэрэглэж болно, гагцхүү “Ч” ХХК нь хямд үнийн санал ирүүлсэн тул шалгаруулсан” гэж тайлбарлахад 2 шатны шүүх хүлээн авсан. Зүйрлэвэл: Сангийн яамнаас төрийн байгууллагуудын S0218 кодтой Еxcel ангилалын суудлын автомашиныг худалдан авах дээд үнийн хязгаарыг 100 төгрөгөөр тогтоосон. Харин 30137 кодтой Тоуоtа ангилалын суудлын автомашиныг худалдан авах дээд үнийн хязгаарыг 200 төгрөгөөр тогтоосон. Захиалагч нь 270 ширхэгийг худалдан авах төсөв зохиохдоо нэг ширхэгийг нь 200 төгрөгөөр тооцож зохиосон. Тендерт оролцогч “С” ХХК нь S0137 кодтой Тоуоtа ангилалын суудлын автомашиныг 198 төгрөгөөр санал болгосон. Харин тендерт шалгарагч “Ч” ХХК нь S0218 кодтой Еxcel ангилалын суудлын автомашиныг 150 төгрөгөөр санал болгосон. Тогтоосон 100 төгрөгний хязгаараас 50 төгрөгөөр хэтэрсэн байна. Энэхүү Еxcel ангилалын суудлын автомашины 150 төгрөгний санал нь “С” ХХК-ийн Toyota ангилалын суудлын автомашиныг санал болгосон 198 төгрөгтэй харьцуулахад хямд байна. Мөн тендерт Toyota ангилалыг санал болгож чадахгүй учир S0188 кодтой Benz ангилалын машиныг 750 төгрөгний үнийг нь огцом буулган 150 төгрөгт өгнө гэсэн. Гэхдээ 3-р багцад Benz ангилалын машиныг 750 төгрөгөөр бас нийлүүлж байгаа бөгөөд нэг байгууллагад нэг бүтээгдэхүүнийг 2 өөр үнээр худалдсан. Ийнхүү захиалагч болох УГТЭ нь “Ч” ХХК-ийг “С” ХХК-иас хямд үнийн санал өгсөн тул шалгарууллаа гэсэн ов мэхтэй тайлбар гаргахад нь шүүх “эмнэлгийн хэрэгслийн нарийн ялгаа, кодчиллын утгыг ойлгохгүйгээр” хүлээн авсан. Цаашилбал, тендерт шалгарсан гэх “Ч” ХХК нь тендерт санал болгосон /Захиалагчтай урьдаас баталгаатай шалгаруулна гэж ярьж тохирсон учир тендер зарлахаас өмнө 300 ширхэгийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр Монгол улсын хилээр оруулж ирсэн гаалийн тэмдэглэгээтэй № 003/19/701 дугаартай лицензи нь “Ч” ХХК-ийн тендерийн баримт бичигт байна/ судас бөглөгч exoseal -ийг үйлдвэрлэсэн АНУ-ын Cordis /Cardinal Health/ үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй байтал шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, захиалагч нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1 (а)-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг МАЯГТ N9 ТМ-4-ийн дагуу ирүүлнэ" гэж заасан.

15. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэг нь тухайн эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа байдаг. Учир нь эмнэлгийн хэрэгслийг шууд зааврын дагуу эм шиг ууж, тариа шиг тарьж хэрэглэж болдоггүй, тухайн эмнэлгийн хэрэгсэл, протезийг ашиглах, хэрэглэх, хүний биед суулгах тусгай арга технологи, сургалтыг үйлдвэрлэгчээс зохион байгуулахад хамтран оролцдог, тусгай шалгуур хангасан этгээдийг сонгон шалгаруулж, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл буюу гэрээт борлуулагч- дистрибьютерийн албан ёсны эрхийг олгодог юм. Харин гэрээт борлуулагчаас нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан этгээдэд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэг зүйлийг олгодоггүй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй “Ч” ХХК -ийн хамтран ажиллах гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл биш бөгөөд нотлох баримтыг үзэхэд АНУ-ын Cordis Corporation (Cardinal health) ба Армян улсын Ар Медика ХХК-ийн хооронд 2017 оны 09 сарын 18-ны өдөр байгуулсан гэх хүчинтэй байх хугацаа нь тодорхойгүй, /ихэвчлэн 1 жил байдаг/ “үйлчлэх газар нутгийг 1.4 -д заасан” гэсэн боловч энэ хэсэг нь байхгүй, “ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарахыг 1.3-д заасан” гэсэн боловч энэ хэсэг нь байхгүй, худал орчуулгатай, англи, орос хэл дээрх 2-3 хуудас, Армян улсын “Ар Медика” ХХК-тай “Ч” ХХК-ийн 2018 оны 01 сарын 12-ны өдөр байгуулсан худалдах- худалдан авах гэрээг 2019 оны 01 сарын 12-ны өдөр сунгасан гэсэн англи, монгол хэл дээрх 2 хуудас, бүгд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. “Ч” ХХК-ийн тендерийн баримт бичгийг үзнэ үү/ Ийнхүү захиалагч нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардсан хэрнээ үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй “Ч” ХХК-ийг шалгаруулсан байтал шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-3-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, мөн зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1 -д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, мөн зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад төндерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэнгүй.

16. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, мөн зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл, тендерийн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу хянан үзэх шатнаас хасагдах ёстой “Ч” ХХК-ийн тендерийг мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан үнэлгээнд оруулж, улмаар шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг зөв гэж үзсэнд гомдолтой байна.

17. Гомдлын 2-р үндэслэл буюу Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Үнэлгээний хороо нь Ч ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд ерөнхий шаардлага хангасан, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн. ... захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн нь шаардлагад нийцсэн гэж үзсэн нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 08 сарын 01-ны өдрийн дахин үнэлгээ хийсэн 07 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдож байна" гэжээ. Давж заалдах шатны шүүх үүнийг зөв гэсэн. Ийнхүү хоёр шатны шүүх төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, манай нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акг буюу Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 08 сарын 01-ний өдрийн № 07 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах байсан. Гэтэл шүүх Үнэлгээний хороо нь Ч ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд ерөнхий шаардлага хангасан, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн. ... захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн нь шаардлагад нийцсэн гэж үзсэн нь “захиргааны актаар” нотлогдож байна” гэж хүчингүй болгуулах гэсэн захиргааны актыг “өөрөөр нь” нотлогдож байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

18. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Түүнчлэн хэрэгт авагдсан Ч ХХК-ийн нийлүүлэх барааны дэлгэрэнгүй техникийн тодорхойлолтод Exoseal хэмжээ 5-7F, Perclose proglide 8F гэсэн нь Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт дахь 6-8F хэмжээтэй, ... судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл” гэж заасантай нийцсэн” гэсэн дүгнэлт нь манай гомдлын 1-р үндэслэлээр няцаагдаж байна. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалын бүртгэлд Ч ХХК дээж 2 хайрцаг гэсэн тэмдэглэгээ, Судасны нүх бөглөгч-1, захын судасны стент-1, судас боох багц-1 гэсэн дээж хүлээлгэн өгсөн Ч ХХК-ийн бараа материалын зарлагын падаан зэрэг баримтаар тендерийн үнэлгээний хорооны хийсэн үнэлгээ нь үнэн зөв бөгөөд үндэслэлтэй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Тендерийн үнэлгээний хорооны 2 удаагийн дүгнэлтэд гишүүн X.М, С.А нар нь 2 удаа “Ч ХХК нь 9-р багцад судас бөглөгч, захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн” гэж тэмдэглэсэн байхад, мөн хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Судас бөглөгчийн 1 ширхэг дээж ирүүлсэн” гэж тайлбарлаад байхад, “захиалагч хүлээн авсан .... гарын үсэг гэсэн хэсэг нь хоосон, хүлээлгэн өгсөн гэсэн дан ганц нэг талын Ч ХХК-ийн гарын үсэгтэй падаанаар 3 дээж өгсөн гэдгийг шүүх нотлоод байгааг ойлгохгүй байна. Мөн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний шошго дээрээ Perclose proglide 6F гэж бичээд байхад Ч ХХК нь тендерийн саналын техникийн тодорхойлолт дээрээ Perclose proglide 8F гээд зохиогоод бичихээр шүүхийн өмнө зөв болдгийг ойлгохгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Мөн нэхэмжлэгчээс үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулсан байх шаардлагыг биелүүлээгүй” гэж маргасан бөгөөд ... Ч ХХК-ийн үйлдвэрлэгчийн дистрибьютертэй хийсэн гэрээг шаардлага хангаагүй гэж дүгнэх боломжгүй юм” гэсэн нь манай гомдлын 1-р үндэслэлийн 11 дэх хэсэгт тайлбарласнаар няцаагдаж байна.

19. Гомдлын 3-р үндэслэл буюу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаан дээр дэлгэцээр хүснэгт үзүүлэн 10 минут орчим хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын “дэлгэрүүлэн өөрчилсөн” үндэслэлээ тайлбарласан. Өмгөөлөгч нь хуульд заасан хугацаанд хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргаж явсан ба танилцаад “өмгөөлөгчийн хэлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрчлөн тайлбарласан” үгийг шүүх хуралдааны тэмдэглэлд бичээгүй байсан тул бүрэн гүйцэд бичүүлэх, буруу бичсэн зүйлийг зөвтгүүлэх хүсэлтийг гаргасан боловч, шүүгч 2019 оны 11 сарын 01-ны өдөр № 1/8194 тоотоор хариу өгөхдөө “.... тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй байна” гэсэн. Энэ нь УДШ-ийн “Шүүхийн шийдвэрийн тухай" 2006.04.24-ны №21 тогтоолын 3.2.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хурлын тэмдэглэлд үгчлэн тусгадаг тул шийдвэрийн тодорхойлох хэсэгт ... илүү зүйл тусгахыг хориглоно” гэж заасан байгаагийн “нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгчлэн тусгах” гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхэд 1) Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг авахуулж, дутуу бичигдсэн шүүх хурлын тэмдэглэлтэй харьцуулуулан, судлах 2) Энэ ажиллагаа хийгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэлгэцэн дээр хүснэгтээр дахин тайлбарлах, 3) Энэ 2019 оны тендерийн маргаантай холбоотой “захиалагчийн техникийн тодорхойлолт хууль зөрчсөн тухай” маргаан анхан шатны шүүх хуралдааны дараа Улсын Дээд шүүхээс харъяалал тогтоосон болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны маргаан үүссэн захирамж зэрэгтэй танилцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх мэтгэлцүүлсэн боловч нэхэмжлэгч талын шаардлагын “дэлгэрэнгүй өөрчилсөн” үндэслэлийг бэхжүүлээгүй, давж заалдах шатны шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй. Бидний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан, дэлгэрэнгүй өөрчилсөн тайлбар хэрэгт бэхжүүлэгдээгүй тул гомдлыг дэлгэрэнгүй бичихэд хүрсэн.

20. Шүүгчээс 2019.08.21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэмэгц нэхэмжлэгч нь шүүхэд хандан 2019.08.22-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “архивын нэгж” болох 9 дүгээр багцад холбогдох тендер шалгаруулалтын бичиг баримтууд, цахим материалыг бүрэн гүйцэд байдлаар хариуцагчаас гаргуулан авна уу” гэсэн "нотлох баримт гаргуулах”, хариуцагч нь нотлох баримтаа хуулийн хугацаанд ирүүлэхгүй байсан тул 2019.09.09-ны өдөр "Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулах” хүсэлтүүдийг тус тус гаргаж ирсэн, гаргасан. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Ч” ХХК -ийн шүүхэд гаргаж өгсөн “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” буюу “хамтран ажиллах гэрээ” гэх АНУ-ын Cordis Corporation (Cardinal health) ба Армян улсын Ар Медика ХХК-ийн хооронд 2017 оны 09 сарын 18-ны өдөр байгуулсан гэх хүчинтэй байх хугацаа нь тодорхойгүй, /ихэвчлэн 1 жил байдаг/ “үйлчлэх газар нутгийг 1.4 -д заасан” гэсэн боловч энэ хэсэг нь байхгүй, “ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарахыг 1.3-д заасан” гэсэн боловч энэ хэсэг нь байхгүй, худал орчуулгатай, англи, орос хэл дээрх 2-3 хуудас, Армян улсын “Ар Медика” ХХК-тай “Ч” ХХК-ийн 2018 оны 01 сарын 12-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг 2019 оны 01 сарын 12-ны өдөр сунгасан гэсэн англи, монгол хэл дээрх 2 хуудас гэх мэт олон баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

21. Иймд бидний гаргасан гомдол, түүний үндэслэлийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний 128/ШШ2019/0725 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 673 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

23. Улсын Гуравдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез нийлүүлэх” нээлттэй УГТЭ201902 тендерийн /9 багцын/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасан “чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендер” үнэлэгдээгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэж сонгон шалгаруулсан нь хуульд нийцсэн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, ...27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан. Харин, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад үнэ болон чанарыг харьцуулж, тендерийг үнэлэхийг нарийвчлан зохицуулжээ.

25. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез нийлүүлэх” нээлттэй тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ын 1.2-т “...Багц №9 судсан дотуурх оношилгооны хэрэгсэл” гэж, Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалтын Техникийн тодорхойлолтод “Судас бөглөгч”-ийг 6-8F хэмжээтэй, ангиографийн оношлогоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, цус тогтоож судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл” гэж заасан байх ба гуравдагч этгээд “Ч” ХХК-иас Америкийн нэгдсэн улсын Cordis үйлдвэрлэгчийн 5-7F, Abott үйлдвэрлэгчийн 8F хэмжээтэй судас бөглөгчийг санал болгосон нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцсэн, мөн “С” ХХК нь 137,840,000 төгрөгийн үнийн санал, “Ч” ХХК нь 130,350,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэнийг үндэслэн, хариуцагч Үнэлгээний хороо нь өөрийн эрх хэмжээний хүрээнд  тендерт оролцогчдын баримт бичигт үнэлгээ хийж “Ч” ХХК-ийг шалгаруулсан байна.

26. Захиалагчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “С” ХХК-иас  Сангийн яаманд гомдол гаргасныг хянаж, тус яамны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5232 тоот албан бичгээр “...Гомдолд дурдсан худалдан авах эмнэлгийн хэрэгслийн SO137 кодыг Тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтод нарийвчлан тусгаагүй байна. Харин гомдолд дурдсаны дагуу “Ч” ХХК-ийн тендерт санал болгосон Судас бөглөгч иж бүрдэл, хэмжээ 5F-7F байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Судас бөглөгч иж бүрдэл, хэмжээ 6F-8F гэж заасан үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг захиалагч нягталж үзэх нь зүйтэй. Иймд дээрх тендер шалгаруулалтын 9 дүгээр багцын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэсэн хариуг хүргүүлжээ.

27. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу хариуцагч тендерийн Үнэлгээний хорооноос 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин үнэлгээ хийхэд, нэхэмжлэгч “С” ХХК нь 137,840,000 төгрөгийн үнийн саналаар 67.60 оноо, гуравдагч этгээд “Ч” ХХК нь 130,350,000 төгрөгийн үнийн саналаар 70 оноо, чанарын үнэлгээгээр аль аль нь 15 оноо, чанар ба үнэлгээний нийт оноогоор нэхэмжлэгч 82.60 оноо, гуравдагч этгээд “Ч” ХХК 85 оноо тус тус авч, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгохоор, нэхэмжлэгчийн тендерээс татгалзахаар шийдвэрлэж, захиалагчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаалын дагуу “Ч” ХХК-тай “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.

28. Иймд, хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нь “С” ХХК, “Ч” ХХК-уудын ирүүлсэн тендерийг хуульд заасан бүх нөхцөлийг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, бага үнийн санал ирүүлсэн “Ч” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэсэнтэй нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.

29. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “...тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан эмнэлгийн хэрэгслийн кодод нийцэхгүй, нэг бүрийн жишиг үнээс хэтэрсэн өндөр үнэтэй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардсан хэрнээ үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, эмнэлгийн хэрэгслийн дээж дутуу ирүүлсэн “Ч” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

30. Тус тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтод “Судас бөглөгчийг 6-8F хэмжээтэй, ангиографийн оношлогоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, цус тогтоож судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл” гэж зааснаас өөрөөр нэхэмжлэгчийн маргаж байгаачлан, худалдан авах эмнэлгийн хэрэгслийн код /SO137 код гэж/ болон эмнэлгийн хэрэгслийн нэг бүрийн жишиг үнэ, хэмжээ тус бүрээс хэдэн ширхэгийг ямар үнээр авах, тендерт ирүүлэх эмнэлгийн хэрэгслийн дээжийн тоо зэргийг нарийвчлан заагаагүй тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр гаргасан буюу “...S0137 кодтой судас бөглөгч Аngioseal-ийг 270 ширхэгийг төсөвт өртөгт багтаан 137,840,000 төгрөгөөр нийлүүлэх санал өгсөн “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр зориуд хассан. ...шүүх “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлгийн хэрэгслийн нэг бүрийн жишиг үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн” тогтоол, журмыг хэрэглэсэнгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм.

31. Түүнчлэн анхан шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Шүүх хуралдааны тэмдэглэлийг зөвтгүүлэх, бүрэн гүйцэт бичүүлэх тухай” хүсэлтийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.4- т заасантай нийцсэн, мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, тус шүүхийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх хяналтын гомдол мөн үндэслэлгүй байна.

32. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн, иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 673 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА