Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-10
Дугаар 63
Хэргийн индекс 112/2019/0009/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Г.А
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Г.А-ын нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх”,

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А-ыг урьд эрхэлж байсан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 121 хоногийн олговор 4,590,861 /дөрвөн сая таван зуун ерэн мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 632 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.А-ын Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь шаардлагатай нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэтэрхий нэг талыг баримталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч Г.А- намайг Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн асуудлыг эргэлзээгүй бүрэн хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгч Г.А би эрх мэдлээ хэтрүүлсэн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эд хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зорилгоор хувьдаа ашиглан шамшигдуулсан нэг ч үйлдэл гаргаагүй.

4. Аймгийн засаг даргын 2019 оны А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь манай байгууллага дээр ямар ч удирдамжгүй, ямар хүмүүсийн гомдлын дагуу юунд шалгалт хийж байгаа нь тодорхойгүй нэг хоног ажилласан нэртэй ирээд зөвхөн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн төлбөр барагдуулах, зөрчил арилгуулах тухай актын дагуу зарим зүйлийг нь үзэж хараад зарим зүйлийг нь үзэж харалгүй яваад зөвхөн актыг үндэслэж илтгэх хуудас бичсэн байгааг хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Хуулиар бол ажлын хэсэг нь тодорхой удирдамжтай, хүмүүсийн гомдлын дагуу шалгаж байгаа бол тухайн хүмүүсийн гомдлыг авчирч танилцуулаад шалгалтаа хийх ёстой. Тухайн ажлын хэсгийн шалгалтыг ирэхэд манай байгууллагын санхүүгийн анхан шатны ямар ч баримт байгаагүй, бүгд аудитын газар байсан. Гэтэл ажлын хэсэг нь ямар ч санхүүгийн анхан шатны баримт байхгүй байхад юуг үндэслэж ямар дүгнэлт гаргасан нь тодорхой харагдаж байгаа. Ажлын хэсэг нь өөрийн шалгаж тогтоосон зүйлүүдийнхээ материалыг илтгэх хуудсандаа хавсаргасан байх ёстой. Гэтэл илтгэх хуудсанд ямар ч шалгаж тогтоосон материал хавсаргаагүй байгаа.

5. Төсвийн болон Нягтлан болох бүртгэлийн тухай хуулиудад зааснаар бол санхүүгийн хяналт шалгалтыг хийхдээ байгууллагын анхан шатны баримттай тулган хийх хуультай. Гэтэл энэ заалтыг зөрчсөн ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй байх нь тодорхой байна. Давж заалдах шатны шүүх ажлын хэсэг хяналт шалгалт хийхдээ аймгийн төрийн аудитын газрын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн тайланг үндэслэн акт албан шаардлагад дурдсан зөрчлийг Стандарт, хэмжил зүйн хэлтэс дээр очиж зөрчил тус бүрээр шалгаж, зөрчил гаргасан эсэхийг тулгаж шалгасан байдаг бөгөөд зөрчилд дурдагдсан тоо аудитын акт албан шаардлагад дурдагдсан тоо нь зөрүүгүй байдаг гэдэгтээ санал нийлэхгүй байна. Учир нь манай байгууллагын ямар ч анхан шатны баримт байхгүй байхад зөвхөн аудитын акт албан шаардлагыг үндэслэж түүнд автагдаж удирдамжийнхаа дагуу хийгээгүй, ямар иргэдийн өргөдөл гомдлын дагуу хийснээ ч тусгаагүй байгаагаас тодорхой харагдаж байгаа. Мөн байгууллагын УАЗ поргон автомашиныг нэхэмжлэгч авч явсан нь тогтоогдож байна гэдэгтээ санал нийлэхгүй байна. Хавтаст хэрэгт байгаа анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 126-131 дүгээр хуудсанд нэхэмжлэгч Г.А- би болон гэрч Хатантөмөр автомашины түлхүүрийг даргын хувьд А надаас аваад байгууллагын нярав Батсуурь автомашиныг гараашаас гаргаж, Шарга сум уруу унаж яваад эд ангийг эвдэлсэн гэдгийг тодорхой мэдүүлсэн байгааг үнэлээгүй. Би уг автомашиныг унаж чаддаггүй, авч явж хувьдаа ашиглаж байгаагүй.

6. “Г з” ХХК, “А х” ХХК-уудаас компьютер техник хэрэгслийг хүссэн хүсэлтийг бид хамт олноороо ярьж байж шийдвэрлэсэн. Би ганцаараа шийдвэрлээгүй учир надад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгалт хийсэн санхүүгийн нотлох баримтуудыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч шүүх хуралдаан болтол гаргаж өгөөгүй. Гэтэл гуравдагч этгээд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг зөрчиж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандартууд дээр дардаг Стандартын салбар сан гэсэн тэмдэг дарагдсан хавтаст хэргийн 100-188 дугаар хуудсанд байгаа баримтуудыг анхан шатны шүүхэд би нотлох баримтаас хасуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан учир анхан шатны шүүх үнэлээгүй байхад давж заалдах шатны шүүх үнэлснийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

7. Ур чадварын болон албан томилолтын зардал нь миний хийсэн асуудал биш нягтлангийн буруу зөрүү ойлгосон асуудлаас болж хийгдсэн байсныг би мэдээд таслан зогсоосон. Хавтаст хэрэгт байгаа хууль зүйн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үнэн зөв эргэлзээгүй хэрэгт хамааралтай талаас нь үнэлэлт дүгнэлт, хийхэд нэхэмжлэгч Ариунболд намайг ийм ийм зүйл дээр эрх мэдлээ хэтрүүлжээ, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ийм ийм эд хогшил, техник хэрэгслийг ашиглан шамшигдуулжээ гэсэн нэг ч хуудас эргэлзээгүй хөдөлшгүй нотлох баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү.

8. Нэхэмжлэгч Г.А намайг эрх мэдлээ хэтрүүлсэн байгууллагын техник тоног төхөөрөмжийг ашиглан шамшигдуулсан гэдгийг тогтоогоогүй, зөвхөн шалгалт нь хагас дутуу дүрэм журмын дагуу хийгдээгүй, хөндлөнгийн нөлөөнд автсан, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг үндэслэж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Миний ажлыг авсан хүний эхнэр нь аймгийн аудитын газарт улсын байцаагч хийдэг тул хувийн ашиг сонирхол орсон гэж үзэж байна.

9. Нэхэмжлэгч Г.А би хуулийн дагуу ямар нэг хувийн ашиг сонирхол ороогүй, хууль дүрэм журмынхаа дагуу хийгдсэн илтгэх хуудас болон бусад материалыг үнэн зөв хийгдэнэ гэдэгт итгэж байсан. Гэтэл хэтэрхий нэг талыг барьж нэг нь нөгөөгийнхөө хийсэн зүйлийг хуулбарлаж анхан шатны баримтгүйгээр хийсвэрээр нэг бүрчлэн үзэлгүйгээр хуулбарласан шалгалт нэрийдлээр миний хувь заяаг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байна гэсэн заалтыг зөрчсөн, хэтэрхий нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн, зөв эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй, аймгийн Засаг даргын Б/11 тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзээгүй, А/90 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зорилго зорилт удирдамж байхгүй, тухайн байгууллагын 2018 оны анхан шатны санхүүгийн баримт байхгүй байхад юуг үндэслэж уг илтгэх хуудсыг бичсэнийг үнэлж дүгнээгүйг өөрсдийн дотоод итгэлээрээ үнэлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, уг хуулиар олгогдсон эрх үүргийг минь эдлүүлээгүй, засаг даргын эрх хэмжээнд хамааралгүй босоо тогтолцоотой байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байдлуудад үнэн зөв үнэлэлт өгөөгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 532 дугаар магадлалыг хүчингүй болгож Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч Г.А-ыг ажлаас халсан аймгийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот захирамжийн хууль хэрэглээний хувьд үнэлэлт дүгнэлт өгөхөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэсэн байгаа. Уг заалт нь аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргахаар заасан. Гэтэл аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь босоо тогтолцоотой. Төсвийн шууд захирагч нь Стандарт, хэмжил зүйн газар юм. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалт, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг “Төрийн албаны хууль”-д заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж чөлөөлнө” гэсэн заалтыг, мөн “Хэмжил зүйн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хэмжил зүйн байгууллагын даргыг “Төрийн албаны хууль”-д заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн засаг даргын саналыг үндэслэн Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

11. “Захиргааны ерөнхий хууль”-д заасан сонсох ажиллагаа хийгдээгүй зөвхөн ажлаас халсан өдрөө ажлаа хүлээж аваад тухайн өдрөө сонсох ажиллагаа явуулсан гэсэн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан нь дээрх хуулийн 15, 16, 24, 25, 26, 27, 31, 32 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагаа явуулах зөвлөгөө мэдээлэл өгөх, оролцогч бичиг баримттай танилцах, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох нөхцөл байдлыг тогтоох, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө авах, оролцогчийн эрхийг эдлүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

12. Мөн аймгийн Засаг даргын А/90 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын удирдамж, зорилго, зорилт нь тодорхойгүй зөвхөн аудитын акт, албан шаардлагыг л хуулбарлаж бичсэн илтгэх хуудас л байгаа, тухайн үед Стандарт, хэмжил зүйн хэлтсийн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байсан гэдэг нь тогтоогдсон учир энэ нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” болон төсвийн тухай хуульд заасан: “аливаа санхүүгийн хяналт шалгалт нь тодорхой зорилготой, ил тод, үнэн зөв санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн хийгдсэн байх” гэсэн зарчмыг зөрчсөн байгаа учир нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм.

13. Нэхэмжлэгч Г.А-ыг аудитын акт, албан шаардлагыг үндэслэж ажлаас халаагүй. Г.А нь уг аудитын акт, албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өөрт нь хамааралгүй, байгууллагад хамааралтай гэсэн шийдвэр гаргасан болно. Энэ шийдвэрийг зөв үндэслэлтэй гэж үзсэн болно. Учир нь байгууллагын санхүүгийн анхан шатны баримт, орлого зарлагын гүйлгээ нь нярав, нягтлан, тухайн ажил үйлчилгээг хариуцаж буй албан тушаалтнууд, хамт олон, удирдлагын бүгдийнх нь ажил болохоос ганц Ариунболдын ажил биш байдгаараа онцлог юм.

14. Нэхэмжлэгч Г.А-ыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11-д заасан: эрх мэдлээ хэтрүүлэх, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн үндэслэлүүдээр ажлаас халсан. Гэтэл хавтаст хэрэгт Г.А-ыг ийм ийм асуудал дээр эрх мэдлээ хэтрүүлсэн, байгууллагын ийм ийм, тэдэн төгрөгийн эд хогшил, техник хэрэгслийг ашиглан шамшигдуулсан гэж тогтоосон нэг ч хуудас нотлох баримт байхгүй. Зөвхөн автомашины асуудал яригддаг. Гэтэл шүүх хуралдаан дээр гэрч, жолооч Хатантөмөр байгууллагын даргын хувьд дарга надаас машины түлхүүр аваад нярав Батсуурьд өгсөн, Батсуурь автомашиныг байгууллагын гараашаас гаргаж Шарга сум уруу унаж явсан, ирэхдээ Шарга сумаас чирүүлээд аймгийн хойд толгойд ахынхаа хашаанд тавьсныг, машины дугуй засварыг хийлгэхээр иргэн Дэмбэрэлтэй ярьж тохиролцоод хийлгэтэл уг машины дугуй алга болсон байсныг Батсуурь мэдэж даргад хэлснээр дарга цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаснаар Дэмбэрэл уг хохирлыг барагдуулсан гэдгийг тодорхой гэрчилсэн байгаагаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Г.А- уг автомашиныг албаны бус зорилгоор хувьдаа ашигласан гэдэг нь үгүйсгэгддэг. Байгууллагын автомашин болон бусад асуудлын талаар анхан шатны олон цаг хуралдсан шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүн, гэрчүүд болон оролцогчдын мэтгэлцээнээс бүгд тодорхой болсон учир анхан шатны шүүх бүрэлдэхүүн үнэн зөв хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт өгч үнэн зөв, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

15. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж, хууль зүйн хувьд бүрэлдэхүүнийг нь зөв тогтоогоогүй тохиолдолд түүний эрх ашгийг хохироож хэлмэгдүүлэх магадлалтай хатуу заалт учир үүнийг хэрэглэж, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд илүү анхааралтай хандах ёстой байтал нотлогдоогүй асуудлаар нэхэмжлэгч Г.А-ыг Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 532 тоот магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, аймгийн Засаг даргын 2019 оны А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-ыг “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан; нэхэмжлэгч Г.А нь “... эрхгүй этгээд хууль зөрчиж халсан, ... зөрчил гаргасныг тогтоогоогүй” гэх үндэслэлээр маргажээ.

17. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээ Г.А-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11-д тус тус заасныг зөрчсөн нь баримтаар хангалттай нотлогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн, давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг үгүйсгэж “... шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зөрчлийг илрүүлсэн, уг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдээгүй, энэ тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус нотлох баримтыг үнэлэх талаар заасан, анхан шатны шүүх нь Г.А-д ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “илтгэх хуудас”-ыг үнэлж, үүнд дурдагдсан “санхүүгийн зөрчил”-үүдийг санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж тогтоогоогүй болох буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.11-д заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг зөрчсөн гэх баримт, үндэслэл хангалттай нотлогдоогүй талаар “зөрчил” тус бүр дээр нэг бүрчлэн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэнд нийцсэн байна.

19. Харин, давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ “хангалттай” нотлогдсон гэх өөрийн дүгнэлтийг хийх байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, шүүхээс дүгнээгүй баримтыг дүгнэж “...Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зөрчлийг илрүүлсэн, уг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдээгүй, энэ тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг тус тус зөрчжээ.

20. Иймээс, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой, хууль зүйн талаас нь үнэлж дүгнээгүй, ... аудитын акт, албан шаардлагыг үндэслэж ажлаас халаагүй” гэх гомдол үндэслэлтэй байна.

21. Түүнчлэн, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Б/11 дүгээр захирамжийг хууль хэрэглээний хувьд дүгнээгүй” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.

22. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч Г.А-ыг Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд /жинхлэн/ Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны Б/41 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасныг баримтлан томилсон хэдий ч 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж зохицуулжээ.

23. Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг тогтоосноор аймагт Стандарт, хэмжил зүйн хэлтэс ажиллаж байгаа, уг хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ нь дээрх хуулийн зохицуулалтаар стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад олгогдсон байна.

24. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг үндэслэсэн, энэ тохиолдлын хувьд аймгийн Засаг даргад аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа аливаа хуулиар олгоогүй тул тэрээр хуулиар эрх олгоогүй асуудлаар захирамж гаргаж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т хамаарахаар илт хууль бус акт гэж үзэхээр байна.

25. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлд нь аль аль нь дүгнэлт хийгээгүй нь буруу, анхан шатны шүүхээс “сахилгын зөрчил”-ийг тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

26. Эдгээр үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ