Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-17
Дугаар 81
Хэргийн индекс 128/2018/1055/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Х ш” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 621 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэрээр: Газрын тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Газрын тухай хууль /2002 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 621 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, өмгөөлөгч П.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжийг “газар эзэмших эрхийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хассан \ЗХХШтХ 9.1.7\, мөн 2001 оны буюу ямар ч эрх зүйн нөлөөлөлгүй, дуусгавар болсон захирамжийг хүчингүйд тооцсон нь утга агуулгын илэрхий алдаатай \ЗХХШтХ9.1.1\” гэсэн үндэслэлээр илт хууль бусыг тогтоолгохоор маргасан болно. Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар “Х ш” захын баруун урд хаалгыг оруулаад захын хашаан дотор тууш гудамж гарган эзэмшил газраас хасалт хийсэн бөгөөд энэхүү илт хууль бус захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017.10.18 өдрийн захирамжаар “захын хашааны хаалга буулгаж газар чөлөөлөх”-ийг шаардсанаар уг маргаан эхэлсэн, өөрөөр хэлбэл энэ үеэс илт хууль бус актын сөрөг үр дагавар нэхэмжлэгчийн хувьд бий болсон юм.

4. Зөрчигдсөн эрх ашиг: Хүнсний зах байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан захын хаалга, хашаа бүхий газрыг эзэмшлээс хассан нь газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан. Уг захирамжийн дагуу захын хаалга буулгаж, хашаан дундуур “нийтийн эзэмшил” хэмээх задгай гудамж гаргасан тохиолдолд хүнсний захын эрүүл, аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдана, улмаар олон түрээслэгч нарын ажлын байр, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй. Уг захирамж хэрэгжих боломжгүй гэдгийг нотлох баримт бол 2018 оны 7 сард малын халдварт өвчин гарсантай холбогдуулан тухайн үеийн Нийслэлийн Засаг даргаас хүнсний захын харуул хамгаалалтыг сайжруулж, хашааны хаалгыг хаах үүрэг болгож, хэрэв биелүүлэхгүй бол захын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар сануулж байсан.

5. Хөөн хэлэлцэх хугацаа: Давж заалдах шатны шүүхийн 2018.11.28 өдрийн 221\ШТ2018\0775 тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй, илт хууль бус актыг биелүүлэхийг шаардсан үеэс буюу хэдийд ч гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй \ЗЕХ 47.4\ гэдгийг тогтоосон.

6. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс газар эзэмших эрхийг зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах процессын алдаа гаргасан: Маргаан бүхий актаар хасагдсан маргаж буй хаалга, хашаа бүхий газрыг нэхэмжлэгч нь хэзээнээс эзэмших эрхтэй болсон, одоо хэн эзэмшиж байгаа, уг газар нь ямар хууль зүйн үндэслэл бүхий захиргааны актаар өөрчлөгдсөн буюу ямар зорилгоор хасагдсан, хэн хассан талаар дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна. Шүүхүүд “Чингэлтэй дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрхгүй” хэмээн дүгнэхдээ Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй, мөн эрхгүй гэж дүгнэсэн үндэслэл, нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлээгүй. Наад зах нь тухайн маргаан бүхий газар нь “дэд бүтэц бүхий газар”-т хамаардаг эсэхийг тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан захын гадна хөрш зэргэлдээ болон хашаан доторх /гуравдагч этгээдээс шилжүүлэн авсан/ газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг дарга олгосон зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй.

7. Нэхэмжлэгч нь анхнаасаа “хашааны хаалга буулгахгүй, захын хашаан дотор нийтийн эзэмшлийн талбай байгаагүй” хэмээн эрх ашиг сонирхлоо хамгаалахаар шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх маргаж буй хашааны хаалга, газар нь хэний эзэмшилд байсан ямар үндэслэлээр хассан талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа: “хашааны хаалга бүхий нийтийн эзэмшил гэх маргаан бүхий газрыг хэн эзэмшиж байсан, ямар хууль зүйн үндэслэлээр тус захын эзэмшлээс хасах болсон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангах боломжгүй ” хэмээн маргааны гол үйл баримтын талаар “дүгнэлт хийхгүй” гэсэн нь процессын алдаатай гэж үзэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар маргаж буй /хаалга, хашаа бүхий/ газар нь 1996, 2001, 2006 оны газрын кадастрын зураг дээр хэний эзэмшилд байсан болон 2009 оны газрын кадастрын зураг дээр хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхой харагддаг. Тодруулбал, уг газар нь анхнаасаа Нийслэлийн Засаг даргын 1996, 2001 оны захирамж бүхий газарт хамаардаг. Гэтэл шүүхээс маргаж буй газрыг 2006 оны Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль бус захирамжаар шинээр авсан мэтээр буруу тайлбарлаж, гудамж бүхий нийтийн эзэмшил газар байсан хэмээн илэрхий зөрүүтэй дүгнэлт хийсэн, уг газар нь анхнаасаа “Х ш” ХХК-ийн эзэмшилд байгаа нь илэрхий харагддаг.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2006 оны 160 захирамжаар ... 17530 м.кв хэмжээгээр хүнсний захын зориулалтаар газар эзэмшүүлж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан байдаг" хэмээгээд энэ захирамж хууль зөрчсөн талаар “...Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийн хугацааг дүүргийн Засаг дарга сунгахгүй, ... газрын хэмжээг нэмэгдүүлэхгүй, ... газар эзэмших гэрээнд төлөөлөх эрх олгогдоогүй Б.Чулуунбаатар гэх хүн гарын үсэг зурсан ...” иймд “Х ш” ХХК нь 17530 м.кв газар эзэмшиж байгаагүй тул багасгаж хасаагүй гэж бодит байдлаас хол зөрсөн дүгнэлт хийсэн. Уг шийдвэрийг маргаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад шүүх магадлалдаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006.09.12 өдрийн 160 захирамж нь ГтХ21.5.3, 21.2.2, 32 заалтуудыг зөрчсөн тул хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхгүй ... Ийнхүү нэхэмжлэгч нь 17.530 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй ...” хэмээн хэний ч маргаагүй, хэн ч хууль бус гэж хүчингүй болгоогүй актыг шүүх өөрөө санаачилгаараа хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

9. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.2 “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн’’ газраас бусад газарт газар эзэмших эрх олгох эрхтэй байна. Гэтэл шүүх маргаж байгаа газар нь ГтХ 21.2-т хамаарах эсэхийг тогтоогоогүй байж Чингэлтэй дүүргийн Засаг дарга хууль зөрчсөн хэмээн хэт хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Үүнийг нотлох баримт нь Хүчит шонхор захын хөрш байгууллага, айлууд тэр бүү хэл захын хашаан доторх гуравдагч этгээдийн \2018 онд сольсон\ газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга олгосон байдаг. Иймд, хэрэв дүүргийн Засаг даргын захирамж хууль ёсны эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл, маргаж буй газар нь кадастрын зурагт хаана байгаа, хэний эзэмшилд хамаардаг, энэ нь “дэд бүтэц бүхий газар”- т хамаарах эсэх, орчны газарт нь дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон эсэх /олгосон бүх захирамж хууль бус уу?/, яагаад 2006 онд нэхэмжлэгчийн эзэмшил газрыг дүүргийн Засаг дарга сунгах болсон зэргийг тогтоож байж энэхүү маргааныг үнэн зөвөөр шийдэх боломжтой байна.

10. Шүүхүүд “дүүргийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн байсан тул нэхэмжлэгч нь 17665 м.кв газрыг эзэмших эрхгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хэн ч хууль бус гэж маргаагүй, хэн ч гомдол гаргаагүй, тийм учир дүүргийн Засаг дарга ч, Нийслэлийн Засаг дарга ч уг захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгоогүй, мөн шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Гэтэл шүүх ийнхүү хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар ямар ч хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн нь процессын зөрчилтэй байна.

11. Захиргааны акт эрх зүйн зөрчилтэй \дээр дурдсанаар хууль зөрчсөн\ байлаа ч ЗЕХ46.2-Т зааснаар “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна". Өөрөөр хэлбэл, хууль бус актыг хүчингүй болгох хүртэл эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилсээр байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 захирамж нь 2009 он хүртэл эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байсан бөгөөд "Хүчит шонхор” ХХК нь 2006 оноос 2009 оны хооронд 17530 м.кв газрыг хууль ёсоор, бодтойгоор эзэмшиж байсан байна. Харин 2009 оны 360 захирамжаар 15945 м.кв болгож хассан. Иймд шүүх угтаа 2006 оны актыг хууль бус байсан эсэх талаар дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

12. Дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20 өдрийн 128\ШШ2019\0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.29 өдрийн 621 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 360 дугаар захирамжаар “Х ш” ХХК-д эзэмшүүлэх газрыг 15945 м.кв-аар баталгаажуулсан; мөн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/916 дугаар захирамжаар “Х ш” ХХК-ийн 15945 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, нэхэмжлэгч “Х ш” ХХК-иас “ ...17530 м.кв газрыг 15945 болгон, газар эзэмших эрхэд хууль зүйн үндэслэлгүйгээр дураараа халдсан,...эрх зүйн нөлөөллийг нь үргэлжлүүлэн баталгаажуулсан,... илт хууль акт” гэж маргаж, уг захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Газрын тухай /1994 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т аймаг, нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг тодорхойлохдоо 4 дэх заалтад “сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах”-аар, 27 дугаар зүйлийн 1-д “... аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх”-ээр заасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Х ш” ХХК-д анх нийслэлийн Засаг даргын 1996 оны А/76 дугаар захирамжаар “худалдаа”-ны зориулалтаар 1.18 га газрыг 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр захирамжаар “хүнсний зах”-ын зориулалтаар 1.47 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байх бөгөөд 2001 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “газар ашиглах гэрээ”-нд газрын байршлын схем зураг, баталгаат хэмжээ тогтоосон актыг тусгаж, баталгаажуулсан, гэрээний дагуу 14665 м.кв газрын төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Мөн, 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Газрын тухай /2002 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нийслэлийн Засаг даргад хэвээр хадгалагдсан, хэрэгт авагдсан баримтаар “Х ш” ХХК-ийн захирал Т.Сайнхүүгээс 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “газар эзэмших гэрчилгээ, гэрээ”-г сунгуулахаар хүсэлт гаргасан ба нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар эзэмшил газрыг 15945 м.кв-аар баталгаажуулж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн Т.Сайнхүү нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “... 15945 м.кв талбай бүхий газрын газар эзэмших гэрээ”-г сунгуулах хүсэлт гаргасныг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 916 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, газрын төлбөрийг 15945 м.кв хэмжээгээр төлж байсан зэрэг нь тогтоогджээ.

17. Эдгээр баримтуудыг шүүхүүд үнэлж, нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар, 2014 оны А/916 дугаар захирамжуудын дагуу эзэмших эрх бүхий 15945 м.кв газар нь тус тус эрхийн гэрчилгээгээр баталгаажсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр заасанд нийцсэн, Газрын тухай хуулиар эрх бүхий нийслэлийн Засаг дарга нь техникийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн 15945 м.кв газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшсэн газрын хэмжээг багасгаагүй, газар эзэмших эрхийг дордуулсан гэж үзэхгүй.

18. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргасны зэрэгцээ “эзэмшихээр хүсэлт болгосон” гэх газрыг шийдвэрлээгүй гэж маргаагүй, нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар, 2014 оны А/916 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулаагүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй дүгнэжээ.

19. Мөн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн “Гэр хорооллын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 160 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг үндэслэн “иргэд”-ийн буюу хавсралтад заасан 189 иргэн, 2 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан, үүнд “Х ш” ХХК-ийг хамааруулж, “хүнсний зах”-ын зориулалтаар 17530 м.кв газрыг баталгаажуулсан нь уг захирамжийн үндэслэлд нийцэхгүйн зэрэгцээ дүүргийн Засаг дарга нь, нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудлаар захирамж гаргаж, газрын харилцааны талаарх хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн, хууль бус болохыг шүүхүүд зөв дүгнэсэн байна.

20. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Газрын албатай 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуух 17530 м.кв газрын төлбөрийг зөвхөн 2008 онд нэг удаа төлсөн, 2009 оноос хойш нийслэлийн Газрын албатай байгуулсан 2009 оны 7 дугаар сарын 17, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн гэрээний дагуу 15945 м.кв газрын төлбөрийг төлснөөс үзвэл “Х ш” ХХК-ийг хашаалсан буюу 17530 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй.

21. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх”-аар, 34 дүгээр зүйлийн 34.1-т “..., нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх”-ээр, 34.5-т “улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх ...”-ээр тус тус заасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчид нийслэлийн Газрын албанаас олгогдсон 2009 оны 0173813, 2014 оны 00304877 дугаар гэрчилгээнд тусгагдсан 15945 м.кв газар нь нэгж талбарын 18642313107778 дугаар бүхий 13179 м.кв, нэгж талбарын 18642313015848 дугаар бүхий 2766 м.кв буюу 2 хэсэг газраар тодорхойлогдсон ба уг нэгж талбарууд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, харин 17530 м.кв газарт 2007 оны 11 дүгээр сард 18642313089773 дугаар бүхий нэгж талбар үүсгэсэн, энэ нь улсын бүртгэлд бүртгэлгүй, уг нэгж талбарт дээрх 2 нэгж талбарыг багтааж, нийтийн эзэмшлийн зам талбайг хамааруулж, кадастрын зураг үйлдсэн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

22. Иймээс, маргаж буй газар нь 1996, 2001, 2006 оны кадастрын зураг дээр хэний эзэмшилд байсан болох, 2009 оны зургаар хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох нь хэргийг шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, үнэлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

23. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, өмгөөлөгч П.О нарын хяналтын журмаар гаргасан “... маргаан бүхий актаар хасагдсан газрын талаар дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан, ... маргаж буй газрыг ... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газар болохыг тогтоогоогүй байж ... дүүргийн Засаг дарга хууль зөрчсөн хэмээн хэт хийсвэр дүгнэлт хийсэн, ... хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ