Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-17
Дугаар 74
Хэргийн индекс 124/2018/0015/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "Б т д" ХХК
Хариуцагч У аймгийн Ө сумын ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Б т д”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У аймгийн Ө сумын ЗД-д

холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь                       

      Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь “Б т д”  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах”

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 589 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “нэхэмжлэгчийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь “Б т д”  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 589 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Б т д”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 589 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын ХV-017851, ХV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

5. Өмнө нь хэргийг анхан шатны журмаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, улмаар нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тодорхой асуудлуудыг тодруулах, нотлох баримт гүйцэт цуглуулах, маргааны зүйл болсон хариуцагчийн төлөвлөгөө батлахаас татгалзсан татгалзалд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн байдаг.

6. Харин Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 07 дугаар шийдвэр гаргахдаа дээр дурдсан магадлалыг үл хайхарсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ өмнөх магадлалын дүгнэлтээс зөрүүтэй байдлаар шийдсэн. Хэдийгээр шат шатны шүүх бие даасан, хараат бусаар шийдвэрээ гаргах ч нэг хэрэг дээр тухай бүртээ өөр, өөрөөр шийдвэр гаргаад байгаа нь эрх нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандаж байгаа этгээдийн хувьд туйлын ойлгомжгүй.

7. Нотлох баримтыг үнэлж буйн хувьд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хүлээн авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Үүнийг хариуцагчийн өөрийн бичиг хэргийн бүртгэлээр тодруулж, дүгнэсэн. Уг бүртгэл нь үнэн зөв хөтлөгддөг эсэхийг мэдэхгүй бөгөөд зөвхөн хариуцагчид өөрт нь байгаа баримт юм. 2015-2018 онуудад ирсэн бичигт “Б т д”  ХХК-иас нэг ч албан тоот ирж байгаагүй гэсэн байх боловч “2015 оны төлөвлөгөөг сумын Засаг дарга Ц.С-аар батлуулсан байсныг надад хүлээлгэн өгсөн” гэж сумын Байгаль орчны байцаагч гэрчийн мэдүүлэгтээ хэлжээ.

8. Бүртгэлийн дэвтрийн тэмдэглэлээр “Б т д”  ХХК-иас ямар ч албан тоот, хүсэлт байхгүй тул 2015 оны төлөвлөгөө ч батлагдсан байх боломжгүй. Хэрэв үнэхээр сумын Засаг даргад нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өгөөгүй бол сумын Засаг дарга тэр талаар яаж мэдэж, батлахгүй тухай хариуг өгөх вэ?, мөн анхан шатны шүүхээр энэ хэрэг 2 удаа шийдэгдэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ төлөвлөгөөг хүлээж аваагүй гэж маргаж байсан удаагүй. Харин,

 - Анх тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу сумаас санал аваагүй тул одоо нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй,

- Тусгай зөвшөөрлийн талбайнууд нь иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан,

- Нэгэнт нутгийн иргэд эсэргүүцэж байгаа учир сумын Засаг даргын зүгээс хуулиас илүү ёс зүйтэй байж, иргэдийнхээ саналыг дээдлэх ёстой,

- Хайгуулын ажлаа хийдэггүй байж дахиад төлөвлөгөө батлуулах гээд байгаа нь буруу гэсэн үндэслэлүүд тавьж байсан болно.

9. Мөн хавтаст хэрэгт ХV-017851, ХV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний батлагдаагүй хувь байгаа, шүүх түүнийг сумын Засаг даргаар батлуулаагүй байж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хянуулж байгаа нь буруу гэсэн. Сумын Засаг дарга төлөвлөгөөг батлахаас хууль бусаар татгалзсан, үүнийг тогтоож өгөөч гэж шүүхэд хандахад сумын Засаг даргаар заавал батлуулах ёстой гэж дүгнэж байгаа нь үнэхээр харамсалтай. Сумын Засаг дарга төлөвлөгөөг батлахгүй байгаа учраас нэхэмжлэгч арга буюу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт давхар хандаж байгаа нь тусгай зөвшөөрлийг сунгуулах боломж бүрийг л эрэлхийлж байгаа явдал болно. Сумын Засаг дарга хууль бус үндэслэлээр төлөвлөгөөг батлахгүй байгааг шүүх хэт өрөөсгөл байдлаар зөвтгөж байгаа нь зохимжгүй.

10. Нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт нь хариуцагчид үүрэг болгосон заалт бөгөөд дээр дурдсан 4 үндэслэлээр төлөвлөгөө батлахгүй байх боломжгүй. Хэрэв энэ мэт байдлаар сумын Засаг дарга нар хууль биелүүлэхгүй байвал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгагдах эсэхийг шууд шийддэг практик үүсэх юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлуудыг тогтоож, нийтэд мэдээлж, түүний үндсэн дээр сонгон шалгаруулалт, өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл олгогдож байгаа бөгөөд сум, орон нутгаас тухай бүр нь саналаа өгөх зохицуулалттай. Гэвч нэгэнт энэ процесс явагдсаны дараа сум, орон нутгаас  хуульд байхгүй  асуудлаар шалтаглан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь зүйд нийцэхгүй.  

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т  заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 589 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Нэхэмжлэгч нь “Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь “Б т д”  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд энэхүү “даалгах” нэхэмжлэлийг хангах урьдчилсан нөхцөлийн нэг нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзал тогтоогдсон байх учиртай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б т д”  ХХК-ийн өгсөн төлөвлөгөөг хариуцагч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, эсхүл өгсөн төлөвлөгөөг нь үндэслэлгүйгээр батлаагүй /огт хариу өгөөгүй, эсхүл хууль бусаар татгалзсан/ байх юм.

14. Харин энэхүү хэргийн тухайд хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

15. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан бэлтгэж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хянуулан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд очиж Засаг даргаар батлуулах гэсэн боловч бидэнтэй уулзахаас татгалзаж, баталж өгөөгүй буцаасан. Үүнээс хойш 2018 оны төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа холбогдсон боловч тухай бүр татгалзсан хариу авч байсан...” гэж маргадаг боловч хэрэгт цугларсан баримтаар “Б т д”  ХХК-ийн геологич н.Б 2017 оны 11 дүгээр сард сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзахдаа байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг бус, харин “Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Цагаан нуур талбайн 3 дахь жил буюу 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөө”-г үлдээсэн үйл баримт тогтоогджээ.

16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлсэн боловч хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хэн гэдэг хүнд, хэзээ, яаж өгсөн, эсхүл өгөх гэтэл хүлээн аваагүй гэдгээ тодорхой тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд өгөх, эсхүл эх сурвалжаа заах /жишээ нь өгсөн, эсхүл авахаас татгалзсан албан тушаалтныг зааж, гэрчээр асуулгах гэх мэтээр/ боломжтой байтал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй тул “... тодорхой асуудлуудыг тодруулах, нотлох баримт гүйцэт цуглуулах... гэсэн үндэслэлээр өмнө нь гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх үл хайхарсан, шат шатны шүүх хэргийн үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж байгаа нь ойлгомжгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хүлээн авсан нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт үндэслэлгүй, учир нь үүнийг хариуцагчийн бүртгэлийн дэвтрээр тодруулж дүгнэсэн, гэтэл уг дэвтэр нь эргэлзээтэй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-6-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Хэдийгээр хариуцагчаас “анхнаасаа тусгай зөвшөөрөл авахдаа сумаас санал аваагүй, тусгай зөвшөөрлийн талбайнууд нь малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, иргэд эсэргүүцэж байгаа учир боломжгүй, хайгуулын ажлаа хийдэггүй байж дахиад төлөвлөгөө батлуулах гээд байгаа нь буруу” гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд өгсөн боловч дээр дурдсанчлан, нэхэмжлэгч нь 2018 оны байгаль орчны төлөвлөгөөгөө өгөх гээд очиход нь хариуцагч энэ үндэслэлээр хүлээн аваагүй, эсхүл өгснийг нь мөн үндэслэлээр батлаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй учир хариуцагчийн энэхүү тайлбар болон уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-10-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 589 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ