Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-03-04
Дугаар 93
Хэргийн индекс 117/2018/0004/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Г.Э
Хариуцагч ДУА-ийн ЭД сумын ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.Э
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

ДУА-ийн ЭД сумын ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                         Д.Мөнхтуяа

                                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: ДУА-ийн ЭД сумын ЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 28,320,943 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 649 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2019 он/ 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн гаргасан ДУА-ийн ЭД сумын ЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 дугаар захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох ДУА-ийн ЭД сумын ЗД-ын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 28,320,943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 649 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт удирдлага болгосон “106.4” гэснийг хасаж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн “ДУА-ийн ЭД сумын ЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 28,320,943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Г.Э-: Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх хэдий ч маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон орон нутгийн орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамж нотариатын орлогыг хувьдаа завшсан гэх үйлдлийг нь үгүйсгээгүй байна” гэсэн хууль бус дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний бие энэ орлогыг хувьдаа завшаагүй, энэ талаар хууль хяналтын байгууллага тогтоогоогүй ба энэ талаар зохих шийдвэр гараагүй байхад уг шийтгэлийн хуудсыг үндэслэл болгож намайг ажлаас чөлөөлсөнг зөвтгөж байгаад гомдолтой байна. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн дүгнэхдээ “улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан мөнгөө завшиж үрэгдүүлсэн” талаар дүгнэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүйгээс үзвэл нэхэмжлэгч тухайн зөрчлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрснийг харуулж байна гэжээ. Мөн магадлалаар Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр хяналтын шүүхэд гомдол гаргадаг. Би өөрөө татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргаад миний нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Маргаан бүхий захирамжид хариуцагч өөрчлөлт оруулж 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Б/35 тоот захирамж гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Учир нь энэхүү захирамждаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон байх тул” гэж намайг гэмт хэрэгтэн мэтээр дүгнэж миний нэр хүндэд халдсан. Мөн энэ захирамж нь анх гарсан захирамжтайгаа хоорондоо хэрхэн яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй, цаг хугацааны хувьд 2017 оны 12 сард гаргасан захирамжид 2019 оны шүүхийн магадлалыг үндэслэл болгож байгаа нь хууль бус ба нэгэнт 2017 оны 12 сард маргаан бүхий акт гарчихсан байхад нөхөж ийнхүү захирамждаа өөрчлөлт оруулж хууль зүйн алдаатай гэдгээ зөвшөөрч байна гэж үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2002 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой” гэж үзэж өөрчлөлт оруулсан. Үүнээс дүгнэхэд Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/35 тоот захирамж нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёсгүй байсан гэдгийг давхар баталж байна. Энэ нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэдгийг харуулж байна.

5. Мөн надад сонсох ажиллагаа хийсэн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ 2017 оны 12 сарын 22-ны өдөр мэдэгдлээр мэдэгдсэн, Засаг даргын зөвлөлийн 08 дугаар хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал 2-ийн асуулт, хариулт хэсэгт “... Г.Э- 1,813,750 төгрөгийг төлөхгүй биш, төлнө, улсыг хохиролгүй болгоно...” гэж тусгагджээ. Үүнээс үзэхэд улсын төсөвт тушаах ёстой мөнгөө тушаагаагүй болохоо Г.Э- хүлээн зөвшөөрсөн байх тул... нэхэмжлэгч тухайн нөхцөл байдалд Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх үндэслэл үүсээгүй байна гэсэн дүгнэлтийг хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Миний бие энэхүү 1,813,750 төгрөгийг улсын төсөвт тушаах ёстойгоо хүлээн зөвшөөрсөн болохоос өөрийгөө ажлаас халагдах захирамж гаргахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Энэ хоёр асуудлыг хооронд нь хольж хутгаж ойлгож, хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж байгаад гомдолтой байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд “Оролцогчийн эрхийг зөвхөн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн хүнд хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалт байхгүй. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж хуульчилсан байхад 2017 оны 12 сарын 22-ны өдөр шууд мэдэгдэл өгч, сонсох ажиллагаа нэртэй Засаг даргын зөвлөлийн хурлыг хийж, шийдвэрийг гаргасанд би гомдолтой байна. Тухайн өдрийн зөвлөлийн хурал дээр би өөрийн байр суурийг тодорхой хэлсэн. Энэ нь хэргийн материалд мөн хавсаргагдсан байгаа. Надад хувьдаа завшсан зүйл байхгүй. 1,813,750 төгрөгийг төлнө гэж хэлсэн, тэр хурлаас намайг ажлаас халах тухай шийдвэр шууд гарсан. Надад энэ талаар эрхээ эдлэх ямар ч боломж олгоогүй. Би энэ ажлыг 8 жил хийж өөрийн залуу нас, эрүүл мэндээ бүрэн зориулсан байхад намайг ийм байдалтай зохион байгуулалттайгаар ажлаас халж байгаад гомдолтой байна.

6. Иймд, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

8. ДУА-ийн ЭД сумын ЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар “орон нутгийн орлогод оруулах, нотариатын орлого 1,813,750 төгрөгийг хувьдаа завшсан нь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэн орох эрхгүйгээр халсан, нэхэмжлэгчээс “ДУА-ийн ЭД сумын ЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 28,320,943 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар нотариатын үйлчилгээнээс бэлнээр хураасан орлогыг тухай бүрд улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах ёстой; Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас нотариатын үйлчилгээ иргэдэд үзүүлж байсны тайлагнал, орлогыг үнэн зөв бүртгэн төсөвт шилжүүлсэн байдалд хяналт хийж, Г.Э-ийг “2014, 2015, 2016 онуудад татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан зөрчил үйлдсэн” гэж үзэж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсаар 2,871,741.28 төгрөгийн нөхөн төлбөр, торгууль, алданги оногдуулжээ.

10. Иймд, нэхэмжлэгч тухай нотариатын үйлчилгээ үзүүлсэн орлогыг төсөвт төлөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ сахин биелүүлээгүй нь тогтоогдсон учир дээрх тушаалыг хуульд нийцсэн талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

11. Тодруулбал, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу нотариатын үйлчилгээ үзүүлсний орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан, энэхүү зөрчилд оногдуулсан хариуцлага зөрчлийн шинж байдалд тохирсон байна.  

12. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0342 дугаар магадлалаар, нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй “Татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 080201713 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “орон нутгийн орлогод тушаах ёстой байсан нотариатын орлогыг тушаагаагүй” гэх үйл баримт нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “...миний бие энэ орлогыг хувьдаа завшаагүй, улсын төсөвт тушаах ёстойгоо хүлээн зөвшөөрсөн болохоос өөрийгөө ажлаас халагдах захирамж гаргахыг зөвшөөрсөн зүйл байхгүй, ...миний нэхэмжлэлийг шүүхээс хангаж, шийтгэлийн хуудас хүчингүй болсон тул шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй...” гэх гомдлыг хангах боломжгүй.

13. Хэдийгээр 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжийн “нэг” дэх заалтаар сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн “нэг” дэх заалтын “...аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тул...” гэсэн хэсгийг “...Г.Э- нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт тушаах ёстой байсан итгэмжлэн хариуцсан 1,813,750 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 342 дугаар магадлалаар тогтоогдсог...” гэж өөрчилсөн ч 2019 оны Б/35 дугаар захирамжийг өмнөх тушаалд огт дурдагдаагүй шинэ үндэслэл нэмсэн гэж үзэхгүй тул бие даасан захиргааны акт биш, төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн үндэслэл хэвээр буюу өмнөх 2017 оны Б/37 дугаар захирамж хүчин төгөлдөр юм.

14. Тиймээс нэхэмжлэгчээс “шүүхээр маргах хугацаанд захирамжийг өөрчилж сүүлд гаргасан шүүхийн шийдвэрүүдийг үндэслэсэн нь буруу” гэж гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

15. Мөн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан, энэ тохиолдолд тушаалын үндэслэл болсон 2014, 2015, 2016 онуудын нотариатын орлогыг төсөвт төлөөгүй зөрчил арилаагүй буюу эдгээр орлогыг улсын төсөвт нөхөж төлөөгүй тул зөрчил үргэлжилж байсан гэж үзнэ, тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “сахилгын шийтгэл тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдол няцаагдаж байна.

16. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 649 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                    ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ