Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-19
Дугаар 83
Хэргийн индекс 128/2018/1054/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Т"ХХК
Хариуцагч ЧД-ийн ТХ-ийн ТУБ нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй,

ЧД-ийн ТХ-ийн ТУБ нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа,

                                                               Д.Мөнхтуяа,

                                                               Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                          П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: ЧД-ийн ТХ-ийн ТУБ Д.Пүрэвдорж, Ц.Цолмон нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах” тухай 351830019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0038 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагч Ц.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.1.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ЧД-ийн ТХ-ийн ТУБ Ц.Цолмон, Д.Пүрэвдорж нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0038 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан ЧД-ийн ТХ-ийн ТУБ Ц.Цолмон, Д.Пүрэвдорж нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол ЧД-ийн ТХ-ийн ТУБ Ц.Цолмон, Д.Пүрэвдорж нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаар шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ЧД-ийн ТХ-ийн ТУБ Д.Пүрэвдорж, Ц.Цолмон нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаартай шийтгэлийн хуудсын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг нэмж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 0038 тоот магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “...шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй...”, 94 дүгээр зүйлийн 94.1-т “...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана...” гэж заасны дагуу “Т” ХК нь захиргааны байгууллагын хууль бус актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд татварын улсын байцаагч нарын 351830019 дугаар шийтгэлийн хуудасны 2 дахь хэсгийн хууль зүйн үндэслэлээр гомдол гаргасныг уг шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “…“нэхэмжлэл” гэж хун, хуулийн этгээдээс захиргааны хууль 6ус үйп ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг…” ойлгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч татварын улсын байцаагч нарын 351830019 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, улмаар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5. Мөн 0038 тоот магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “Харин шүүхээс нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын хувьд алдаатай явагдсан гэж дүгнэсэн бол цаашид нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, зөрчил гарсан нь тогтоогдсон талаар дүгнэх шаардлагагүй юм...” гэж дүгнэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь захиргааны байгууллага буюу татварын улсын байцаагч нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийн оролцоог хуульд заасан шаардлагын хэмжээнд хангаагүй нь уг ажиллагааг дээрх зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй, компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй нь гомдол гаргагчийн эрхийг хөндсөн гэж дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зөрчсөн. Шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх...” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6. Хэргийн нөхцөл байдал нотлох баримтаар бүрэн тогтоогдсон буюу хариуцагч захиргааны байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хэрэгжүүлэлгүй, оролцогчоос захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, нотлох баримт гаргах, цуглуулах, тус ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөнийг шүүхүүд хүлээн зөвшөөрсөн атлаа хариуцагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлөө залруулах хугацаа олгож, үүнийгээ нэмж тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа нь гомдол гаргагч компанийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “...Магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонсгосноор хүчинтэй болно...” гэж заасныг ноцтой зөрчсөн.

7. Шүүх магадлалыг тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 6 сар хүртэл байх боломжгүй тул анхан шатны шүүхийн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг өөрчлөлт оруулж”, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хугацааг тооцож, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа магадлалд “...хариуцагч захиргааны байгууллагаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ...” гэж танилцуулж сонсгосон хүчинтэй магадлалаас зөрүүтэйгээр дүгнэж, хууль зөрчсөн байна.

8. Дээрхээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мөрдөх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээдүүд байтал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.5 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж Шийтгэлийн хуудас үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хууль бус захиргааны актаа засах боломжийг захиргааны байгууллагад хууль зүйн үндэслэлгүйгээр олгож байгаа нь хуульд нийцээгүй болно.

9. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан, нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр 19,303,484.80 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

12. Энэхүү шийтгэлийн хуудсаар 2 төрлийн зөрчил тогтоосон, 1 дэх зөрчил болох 2016 онд “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас “хий бичилттэй” гэх падаан авсан тухай үйл баримттай гомдол гаргагч хуулийн этгээд маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн ...заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан, гомдол гаргагч хуулийн этгээд нь Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа шийтгэх хуудасны 1 дэх зөрчилтэй холбогдуулан гомдол гаргаагүй тул уг зөрчлөөр маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

14. Шийтгэлийн хуудасны 2 дахь зөрчилтэй холбогдуулан “зөрчил шалгах ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй” гэх тухайд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан, энэ зөрчлийг шалгахад компанийг төлөөлөх этгээдийг оролцуулаагүй, тухайн байгууллагын нягтлан бодогчийг оролцуулсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, хариуцагчийн “захирал нь өөрөө мэдсэн, санхүүгийн баримтыг гаргаж өгөхийг нягтлан бодогчдоо үүрэг болгосон” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

16. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан, хариуцагч нь эдгээр үндэслэлийн аль нэг нь үүсээгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалгах ажиллагаа явуулсан нь буруу бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, зөрчлийг холбогдох нотлох баримтаар өөрөө тогтоох үүрэгтэй, хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байх боловч энэ алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болох үндэслэл болохгүй юм.

17. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж шударга ёсны зарчмыг заасан, өөрөөр хэлбэл, энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, 2.3 дугаар зүйлд заасан хариуцлагаас “чөлөөлөх” үндэслэлд хамаарахгүй бол тохирох шийтгэл оногдуулах зарчимтай, энэ хэргийн тухайд эрх бүхий этгээд нь хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж тогтоох ажиллагааны журмыг зөрчсөн нь шууд “зөрчил гаргаагүй” гэж үзэж шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, зөрчил шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагатай тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ