Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-17
Дугаар 79
Хэргийн индекс 128/2018/0493/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ш" ХХК
Хариуцагч СБД-ийн ТХ-ийн ТУБ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Ш” ХХК-ийн гомдолтой,

СБД-ийн ТХ-ийн ТУБ нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                    Б.Мөнхтуяа,

                                                                Д.Мөнхтуяа,

                                                                Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                           П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:             Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: СБД-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 652 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагч Чин хуа жуан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямбаяр, хариуцагч Б.Нарангэрэл, О.Мөнхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах нарыг оролцуулж,

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримтлан “Ш” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД-ийн ТХ-ийн ТУБ ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 652 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Б.Нарангэрэл, О.Мөнхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “Монгол гранд эйнжил", “Дашиншил” ХХК-иудын захирал нь 2015-2016 онд 640 аж ахуйн нэгжид бараа борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн болохыг тогтоосон. “Ш” ХХК-ийн худалдан авалт нь дээрх хугацаанд хамаарч байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтад хамруулах нэр ирүүлсний дагуу шалгаж, шийтгэлийн хуудас бичигдсэн. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

4. Мөн шүүхийн шийдвэрийн “Тогтоох” нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөх” талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй. Татварын улсын байцаагчид нь тухайн төсөвт байгууллагын томилолтоор хяналт шалгалтыг хийдэг болно.

5. Иймд, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

7. СБД-ийн ТХ-ийн ТУБ ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дугаар шийтгэлийн хуудсаар “хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падаан ашиглаж, төсөвт төлөх татвараа бууруулсан” гэх үндэслэлээр нийт 30,328,636.28 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан. Энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээд нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иас 202,190,908.54 төгрөгийн бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

9. Учир нь хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гомдол гаргагч хуулийн этгээдийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтууд авагдсан байх боловч шүүхүүдээс “бодитоор худалдан авалт хийсэн” гэж дүгнэхдээ “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иас худалдан авсан бараа материалыг “гуравдагч компанид /“Ти Си Ди”, “Тулгат өргөө”, “Мэй Юань”, “Өгөөмөр хурд” ХХК/ худалдан борлуулсан нь баримтаар тогтоогдсон” гэх үйл баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд маргаанд ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлсэн байна.

10. Тухайн тохиолдолд “Ш” ХХК болон “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иуд хооронд нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийгдсэн эсэхэд гол маргааны үйл баримт оршиж байх бөгөөд “Ш” ХХК нь өөр бусад компанид бараа материал худалдсан нь энэхүү хэрэгт хамааралгүй юм.

11. Хариуцагчаас “Эрүүгийн цагдаагийн газраас зөрчлийг тогтоож, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн, “Монгол гранд эйнжил инвест”, “Дашиншил” ХХК-ийн захирал худалдан авалт, борлуулалт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нийт хийсэн борлуулалт худалдан авалтыг хавсралт хүснэгтээр гаргахад “Ш” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 8 падаан хамаарч байсан” гэж тайлбарлаж байжээ.

12. Гэтэл анхан шатны шүүхээс “Монгол гранд эйнжил инвест”, “Дашиншил” ХХК-иудын санхүүгийн үйл ажиллагааг эрүүгийн журмаар шалгасан баримтыг хэрэгт бүрэн аваагүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй байна. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хэрэгт хавсаргасан боловч уг тогтоолд маргаан бүхий 8 падааныг хэрхэн дүгнэсэн, энэ нь ямар үйл баримтыг нотлох талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

13. Дээрх 2 компанийн захирлыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлийг бүрэн аваагүй, ямар мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй, хэрэгт хамааралтай талаас үнэлэх боломжгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

14. Хэрэгт ““Дашиншил” ХХК-ийн борлуулалтын зөрчлийн тооцоо гэх” баримт хавсаргасан, уг баримтад “...“Ш” ХХК-ийг 312323398 дугаар падаанаар Татвар ногдуулах орлогын дүн 25,454,545,45, нэмэгдсэн өртгийн албан татвар 2,545,454,55, нийт 28,000,000.00, 519784155 тоот падаанаар Татвар ногдуулах орлогын дүн 11,181,818.18, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,118,181.82, нийт 12,300,000.00 төгрөг байна” гэсэн, мөн ““Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтын зөрчлийн тооцоо” гэх баримтад “...“Ш” ХХК-ийн 2017 оны 08 сарын 17-ны 5149495 дугаар падаанаар Татвар ногдуулах орлогын дүн 38,272,727.27, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,827,272.73, нийт 42,100,000.00, 2015 оны 09 сарын 15-ны 5149495 дугаар падаанаар Татвар ногдуулах орлогын дүн 20,909,090.91, нэмэгдсэн өртгийн албан татвар 32,030,909.06, нийт 23,000,000.00, 2015 оны 10 сарын 31-ний 5149495 дугаар падаанаар Татвар ногдуулах орлогын дүн 52,272,727.27 төгрөг” гэсэн байх боловч энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой, юуг нотлох талаар дүгнээгүй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

15. Анхан шатны шүүхийн ““Монгол гранд эйнжил инвест”, “Дашиншил” ХХК-иудын тухайн онуудад бараа импортолсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, худалдан авах гэрээнд дээрх 2 компанийн захирал гарын үсэг зурсан” гэх дүгнэлтээр тухайн худалдан авалтыг бодитой эсэхийг бүрэн дүүрэн тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх 2 компаниас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн гэдгийг шууд нотлох баримт биш юм.

16. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 652 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ