Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-10
Дугаар 71
Хэргийн индекс 128/2019/0772/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч НЗД, УБЕГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Л.Ц, Ц.Э
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

НЗД, УБЕГ-т тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                    Г.Банзрагч,

                                                                Б.Мөнхтуяа,

                                                                Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                          П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Дэмбэрэлдоржид газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Д.Б-т маргаан бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан газар өмчлөх эрхийг бүртгэсэн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, газар байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтогтох нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 13.5.7, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас НЗД, УБЕГ-т холбогдуулан гаргасан “НЗД-ын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Дэмбэрэлдоржид газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас “НЗД-ын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Дэмбэрэлдоржид газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож” гэсэн хэсгийг хангаж, “маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр газар өмчлүүлэхийг даалгах, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, НЗД-ын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Дэмбэрэлдоржид газар өмчлүүлсэн хэсэг, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хувийн сууцны зориулалт бүхий 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Дэмбэрэлдорж, Л.Цолмон, Д.Энхбилэг, Д.Энхтогтох, Э.Хишигдэлгэр, Э.Бор нарыг бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “НЗД-ын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр захирамжийн Д.Дэмбэрэлдоржид газар өмчлүүлсэн хэсэг болон газрыг Д.Дэмбэрэлдорж, Л.Цолмон, Д.Энхбилэг, Ц.Энхтогтох, Э.Хишигдэлгэр, Э.Бор нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Г-2203000615 дугаар өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох”, “маргаан бүхий газрыг Д.Б-т өмчлүүлэхийг НЗД-ад, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг, гуравдагч этгээд Л.Цолмонгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрийг хэсэгчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөн хэсэгчлэн эс зөвшөөрч тус тус дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтуудыг бүрэн судалж үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Иймээс давж заалдах шатны шүүх нь “Анхан шатны шүүхээс НЗД-ын 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 344-р захирамжаар миний аав Д.Дэмбэрэлдорж /нарт/ газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосон шийдвэр”-ийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх өөрийнхөө магадлалын үндэслэл болгосон бичиг баримтын эх хувь, эсвэл нотариатаар батлуулсан хуулбар нь захиргааны хэргийн материалд бүү хэл Төрийн эрх бүхий байгууллагуудын ямар ч архив сан хөмрөгт байхгүй байгаад дүгнэлт өгсөнгүй. Хариуцагч болох Нийслэлийн газрын албаны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх хугацааны явцад, шүүх хуралдаанууд дээр "...иргэн Д.Дэмбэрэлдорж 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр захирамжид заасан газраа өмчилж авахаар гаргасан хүсэлт, холбогдох баримт байхгүй, хаанаас ч гарч ирэхгүй” гэсэн тайлбарыг бичгээр, мэдүүлгийг амаар шүүхэд тус тус гаргасан байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын алба тэдгээрийн архивт хандан “Д.Дэмбэрэлдоржийн эзэмшиж байгаа газрын хувийн хэрэг, Д.Дэмбэрэлдоржийн эзэмшиж байсан газраа Цолмон нарт хамтран өмчлүүлэхээр өргөдөл, хүсэлт гаргасан үйл явдалд холбогдох анхан шатны баримт, хувийн хэргийг удаа дараа шаардсан” албан бичиг хүргүүлсэн. Гэвч ийм баримт байхгүй талаар эрх бүхий байгууллагуудаас хариу ирүүлсэн нь хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр лавлагаа нь Д.Дэмбэрэлдорж нь амьд сэрүүн үедээ Цолмон нартай эзэмшиж байгаа газраа хамтран өмчлөх тухай хүсэлтийг гаргаж байгаагүйг нотолж байна.

5. Д.Дэмбэрэлдорж нь Цолмон нартай хамтран газраа өмчлөх шийдвэр гаргаагүй тул “өмчлөх эрхгүй этгээдүүд өмчлүүлсэн талаар” маргах шаардлага байгаагүй юм.

6. Иргэн Д.Дэмбэрэлдорж нь амьд сэрүүн үедээ 2003 онд эзэмшиж байгаа газраа Цолмон нартай хамтран өмчлөх хүсэлтээ гаргаад, хуулийн дагуу захирамж нь гарсан бол Цолмон болон түүний хүүхдүүд бүтэн 3 жил улсын бүртгэл хийлгэхгүй хүлээж чадахгүй. Шуналтай, зальтай хүмүүст 3 жил хүлээх тэсвэр тэвчээр ч байхгүй, шаардлага ч байхгүй юм. Цолмон нар нь Д.Дэмбэрэлдоржийг нас бараад удаагүй байхад арай гэж 49 хоногийг дуусгаад л хуурамч баримт бүрдүүлэх ажилдаа орсон нь хэрэгт байгаа бүх баримтаар нотлогдсон. Цолмонгийн насанд хүрсэн хүүхдүүд заавал Дэмбэрэлдорж гэж овоглох, Дэмбэрэлдорж гэж хүнийг амьд сэрүүн харагдуулах гэж улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгийн дор түүнийг гарын үсгийг дуурайлган бичих ямар шаардлага байсан юм бэ.

7. Мөн 2006 онд Д.Б- нь гэрээслэлийг нээлгэхэд нотариатын зүгээс Цолмонг дуудаж “Танд байшин гэрээсэлсэн байна” гэж мэдэгдсэн байдаг. Энэ үед Цолмон нь Д.Б-т хандан “Танай аав хашааны газраа бидэнтэй хамтран өмчлөх шийдвэр гаргасан тул энэ гэрээслэл чинь өөрчлөгдсөн, хашааны газар манай өмчлөлд шилжсэн” гэж хэлж болох байсан. Цолмонд газрыг хамтран өмчлөх эрх үүсээгүй тул ямар нэгэн асуудал үүсгэхгүй чимээгүй өнгөрсөн. Цолмон нь шударга хандсан бол газар байшинг улсын бүртгэл хийлгэхдээ Д.Дэмбэрэлдоржийн гэрээслэлийн нэг хувийг бүртгэлийн газарт баримтын хамт хавсарган өгөөд, жижиг байшинг өмчлөхөөр бүртгүүлэх байсан.

8. Гэтэл 2006 онд ямар ч бичиг баримтгүйгээр “Өв залгамжлах гэрчилгээ” олж авсан байдаг. Энэ гэрээслэлийг бичиж өгсөн нотариат нь “нотариатын эрхээ хураалгаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа” атал захиргааны хэргийн шүүхэд олдоогүй өнгөрсөн. Энэ бүхэн Цолмонгийн шударга биш дандаа хуурамч баримт бүрдүүлж чаддагийг нотолж байна.

9. Д.Б- нь 2014 оныг дуустал газрын кадастрын бүртгэлийг байнга шалгаж, аав Д.Дэмбэрэпдоржийн нэр дээр бүртгэлтэй байсан тул маргаан үүсгээгүй 2015 он хүрсэн.

10. Цолмон нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үед тухайн хашааны газрын тал мөнгийг би гаргасан гэх баримт шүүхэд өгсөн. Гэвч бичгийн хэв шинжилгээгээр гарын үсгийг Дэмбэрэлдорж үйлдээгүй болох нь тогтоогдсон баримт иргэний хэрэгт байгаа билээ. Хэрвээ 2003 онд Д.Дэмбэрэлдорж газраа хамтран өмчлөх хүсэлтээ гаргасан бол Цолмонд энэ хашааны тал мөнгийг би гаргасан гэж хуурамч баримт бүрэлдүүлэх шаардлага ч байгаагүй болно. Цолмон нь танил талаа ашиглан 2003 оны захирамжид нэр оруулсан гэж үзэж байгаа. Шүүхээс үзлэг хийхдээ Нийслэлийн газрын албаны хуулийн архивт байгаа хуулбар дээр үзлэг хийсэн. Харин Нийслэлийн архивт байгаа эх хувь дээр үзлэг хийгээгүй юм.

11. Нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөх шийдвэр гаргахад бүрдүүлсэн хувийн хэрэг, эх баримт байхгүй байсан тул энэ үзлэгийн талаар маргаан үүсгээгүй, шаардлага байхгүй гэж үзсэн билээ.

12. Цолмон нь Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдах явцад тэр өвгөн, тэр хөгшин гээд Д.Дэмбэрэлдоржийг өөртөө хамааралгүйг нь нотолж нь Д.Дэмбэрэлдоржийн хашаанд анх гэр оронгүй гэж гуйж буугаад жижиг байшинд нь зэргэлдээ амьдарсаар байгаад Д.Дэмбэрэлдорж нас барсан болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх хуралдаанууд дээр Улсын бүртгэлийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө харж байсан тэр хашаанд амьдарч байсан юм шиг, “...нэг байшин байхад алийг нь бүртгэсэн гэж маргаад байгааг ойлгохгүй байна" гэж хэлж тэмдэглүүлж байсан. Гэтэл хамгийн сүүлийн шүүх хурал дээр гуравдагч этгээд Цолмонгийн төлөөлөгч буюу охин нь “Одоо хашаанд 2 байшин бий” гэж хариулсан. Харин Д.Дэмбэрэлдоржийн жижиг байшинд одоо хэн амьдарч байна гэхээр хариулаагүй юм.

13. Шүүгч А.Сарангэрэл нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр дангаараа Сүхбаатар дүүргийн Газрын албаны бичиг баримтад үзлэг хийгээд “Нийслэлийн өмч харилцааны газар /НОХГ/ гэсэн архивын тэмдэг дарсан, маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байдаг. Гэтэл энэ баримтын эх хувь хаанаас ч гарч ирээгүй. Газар өмчлөлийн хувийн хэрэг алга болно гэдэг нь байж болохгүй юм. Нийслэлийн Газрын албаны хуулбар үнэн гэж тэмдэг дарсан баримтын эх хувь нь Нийслэлийн Газрын албанд байхгүй байхад дүүрэг дээр нэг ийм хууль бус баримт байгааг шүүгч ганцаараа очиж үзээд хариуцагч тал үүнийг иш татаж маргаад байсан билээ. Цолмон нарын нэр орсон газар өмчлүүлэх шийдвэр нь хуурамч тул энэ хүмүүс 2006, 2016 онд газар өмчилсөн тухай улсын бүртгэл хийлгэсэн хувийн хэрэгт маргаан бүхий газрын кадастрын зураг ерөөсөө байхгүй байна.

14. Миний аавын эзэмшиж байсан газрыг Цолмон нарт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. 1.2006-2014 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас аавынхаа нэрээр Д.Дэмбэрэлдоржийн гэрээслэлийн нэг хувийг бүртгэлийн газарт баримтын хамт хавсарган өгөөд, жижиг байшинг өмчлөхөөр бүртгүүлэх байсан. Гэтэл 2006 онд Цолмон нь газрыг өөрийнхөө нэр дээр болгосон боловч холбогдох баримт, кадастрын зураг байхгүй байна. 2. Нэгэнт газрын кадастрыг зурагт өөрчлөлт ороогүй тул би тухайн хашаа байшинд иргэн Цолмонг амьдарч байгааг хүлээн зөвшөөрч, 2015 он хүртэл явсан. 3. Монгол улсын Газрын тухай хуульд бусдын газар дээр барилга байгууламж барих, байрлахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг билээ. Нэгэнт аав маань амьд сэрүүн ахуйдаа хашааны газрыг надад өмчлүүлэхээр гэрээсэлсэн. Харин 4*6 метр хэмжээтэй өвлийн байшинг Цолмонд эзэмшүүлэхээр гэрээсэлсэн байна. Ийм тохиолдолд Цолмонгийн байшин нь бусдын газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгөнд хамаарна гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс Цолмонд байшинд нь ногдох газар өмчлүүлэх тухай ойлголт бүхий заалтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заагаад байгаа нь хууль бус болсон гэж үзэж байна. 4. Газрын кадастрын зураггүйгээр газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй Газрын тухай хуульд заасан байгаа.

15. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрч байна. Харин маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлийг Д.Б- миний нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон. 1. Д.Б- би аавынхаа өмчлөлд байсан газар, үл хөдлөх хөрөнгө өвлийн сууцыг хууль ёсны дагуу ч, гэрээслэлийн дагуу ч өмчлөх эрхтэй билээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байгаа. Иргэн Цолмонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад “Энэ маргаан нь өмчийн маргаан биш, бүртгэлийн маргаан байна. “…Бархасжав нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ аваагүй байна...” гэж тус тус дүгнэсэн магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар мөн нотолсон. 2. Захиргааны хэргийн шүүх хурлын явцад хариуцагч тал болох Улсын бүртгэлийн байгууллагын төлөөлөгч удаа дараа үл хөдлөх хөрөнгө болох өвлийн байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэж болно гэж хэлж байсанг шүүхүүд хянаж үзээгүй. 3. Гуравдагч этгээд “Одоо хашаанд 2 байшин байгаа, том байшинд бид амьдарч байгаа” гэж мэдүүлсэн. Энэ нь иргэн Д.Дэмбэрэлдорж нь амьд ахуйдаа 2 байшинтай байсан түүний жижгийг иргэн Цолмонд эзэмшүүлэхээр гэрээсэлсэнг нотолж байна. Харин Цолмон нь миний аавын надад гэрээслэн үлдээсэн байшинг дур мэдэн засан сайжруулсан. Тэрээр хүүхдүүдтэйгээ анх амьдарч эхэлсэн, гэрээслэлээр өвлөвөл зохих байсан байшинг тордож сайжруулаагүй орхиж, гэрээслэлээр өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэж байна. 4. Улсын бүртгэлийн байгууллага газар өмчлөлийг Цолмон нарын нэр дээр бүртгэж Д.Дэмбэрэлдоржийн нэрийг хасахдаа кадастрын зургийг хэний нэр дээр байгааг шалгаагүй. Мөн иргэн Д.Дэмбэрэлдоржийн нэрийг улсын бүртгэлээс хасахын тулд үүний үндэслэлийг нотолсон баримтыг шалгаж нягтлаагүй байна.Ийм баримт байхгүй байхад тухайн үед хуйвалдаж, илт хууль бус бүртгэл хийсэн.

16. Гуравдагч этгээд гэрээслэлээс өмчлөхөөс татгалзсан тухай: Бархасжав би аавыгаа нас барсны дараа гэрээслэлийг нээлгэхэд гэрээслэлд 3 хүн байгаа учир бүгдэд нь мэдэгдэнэ гээд Цолмонг дуудаж, гэрээслэлийг танилцуулсан. Иргэн Цолмон тухайн үед мэдлээ гээд явсан. Мөн энэ байшинд амьдарч байгаад суллаж өгнө гэж 2014 оныг хүртэл хэлж байсан. Ингэхдээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн тухай хэзээ ч хэлж байгаагүй юм. Хэрвээ надад хэлсэн бол би тэр үед нь маргаан үүсгэх байсан. Тэрээр гэрээслэлээр өвлөгдвөл зохих байшинг хүлээх авахаас татгалзсан байгаа. Энэ нь бусад этгээдэд өвлөгдвөл зохих хашааны газар, өвлийн байшинг хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа өмчлөн авахаар бүртгэл хийлгэсэн, 2006 онд өвлөх эрхийг нотолвол зохих ямар нэгэн бичиг баримтгүйгээр өв залгамжлах гэрчилгээг олж авсан, хуурамч баримт бүрдүүлж байсан баримтаар нотлогдсон.

17. Бүртгэлийн байгууллага овог нэр зөрөөтэй, нас барсан иргэний жолооны үнэмлэхийг ашигласан байхад маргаан бүхий хашааны газар байшинг бусад этгээдэд өмчлүүлсэн тухай бүртгэл хийсэнг зөвтгөх, хуулийн үндэслэл, баримт байхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал дээр даргалагч шүүгч нь гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг хөтөлж “Та нэр андуурагдаж бичигдсэн гэж үзэж байна уу” гэж асуусан. Нөгөө өмгөөлөгч нь тиймээ овог нэр андуурагдаад бичигдсэн гэж үзэж байгаа гэж хариулсан. Анхан шатны шүүх дээр маргаагүй асуудлаар гэнэт худлаа тайлбар хэлж, шүүгч хөтөлж асуугаад байгаа нь хууль зөрчсөн.

18. Монгол улсын хуульд тооны болон үсгийн алдааг залруулахыг зөвшөөрдөг. Гэтэл овог нэр зөрөөтэй, овог нь өөрөөр бичигдээд, насанд хүрсэн хүнийг Д.Дэмбэрэлдорж үрчлэн авсан, овог нэр сольсон тухай баримтгүй байхад ийм асуудлыг яриад байгаа шүүгч маргааныг үндэслэлтэй шийдэхгүй юм.

19. Д.Б- би өөрийн өмчилж авах эрхтэй газар байшинг өмчлөх эрхийг бүртгүүлсний дараа өмчийн маргаанаа буюу Цолмон нарыг өөрийн өмчийн байшингаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргах юм. Би Цолмон нарт итгэж 2004 оноос хойш 10 гаруй жил хашаа байшиндаа амьдруулсан. Суллаж өгөхгүй гэж хэлснээс нь хойш иргэний болон захиргааны шүүхийн 5 дахь жилдээ заргалдаж, өмчлөх эрхээрээ хохирч байна. Таны бүртгэлтэй нэг ч хөрөнгө байхгүй байхад өмчийн маргаан үүсгэх үндэслэлгүй гэж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл үүсээд байна. Цолмон нар байж болох бүх хуурамч баримт бүрдүүлж, хуулбарыг Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт өгч чадсан байна. Мөн өв залгамжлах гэрчилгээ бичиж өгсөн нотариат нь хүртэл олддоггүй ийм л хэрэг байна.

20. Иймд, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн бүх шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

21. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

22. Нэхэмжлэгч Д.Б-аас “...өөрийн аав Д.Дэмбэрэлдоржоос гэрээслэлээр өвлүүлэн үлдээсэн газар, хашаа байшинг маргаан бүхий захиргааны актуудаар хууль ёсны болон гэрээслэлээр өвлөн аваагүй этгээдүүдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч байгууллагуудын үйлдэл нь хууль бус бөгөөд уг хууль бус актуудын улмаас хууль ёсны өвлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргажээ.

23. 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анх Д.Дэмбэрэлдорж нь Сүхбаатар дүүргийн ОСГ-ны 21 дүгээр хорооны Дамбадаржаагийн 33-460 тоот хашааг бусдаас шилжүүлэн авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Дэмбэрэлдоржид 20 жилийн хугацаатайгаар 300 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээг олгожээ. Улмаар НЗД-ын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр захирамжаар Д.Дэмбэрэлдоржид Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 33 дугаар гудамжны 412 тоотод байрлах 228 м.кв газрыг өмчлүүлж, /хаяг өөрчлөгдсөн/ хамтран өмчлөгчөөр Л.Цолмон, Д.Энхбилэг, Д.Энхтогтох, Э.Хишигдэлгэр, Э.Бор нарыг бүртгэж, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэнд газар өмчлүүлэх тухай гэрчилгээ олгосон байна.

24. Д.Дэмбэрэлдорж нь 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан байх бөгөөд тэрээр тухайн үед буюу 2003 оны 344 дүгээр захирамжтай маргаагүй, өөрөөр хэлбэл хамтран өмчлөгч нарын бүртгэлийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, ийм захирамж гарсан болохыг мэдэх боломжтой байсан учраас уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

25. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх захирамж гарснаар тухайн иргэн газар эзэмших эрх үүсэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Дэмбэрэлдоржийн 2003 оны 344 дүгээр захирамжид заасан газраа өмчилж авахаар гаргасан хүсэлт, холбогдох баримт байхгүй” гэсэн үндэслэл тухайн 2003 оны 344 дүгээр захирамжийг эрх зүйн хүчин чадалгүй гэж үзэх боломжгүй, эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх захирамж хүчин төгөлдөр байгаа, түүнийг хуурамч баримт бичгийг үндэслэн гаргасан тухай эрүүгийн журмаар шалгаж тогтоогоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Дэмбэрэлдорж нь амьд сэрүүн үедээ Л.Цолмон нартай эзэмшиж байгаа газраа хамтран өмчлөх тухай хүсэлтийг гаргаж байгаагүйг нотолж байна, танил талаа ашиглан захирамжид нэр оруулсан” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

26. Хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага Д.Дэмбэрэлдорж нь 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь тогтоогдсон, мэдүүлэг гаргагч Л.Цолмон нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, өв нээгдээгүй байхад 32 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаарт бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

27. Д.Дэмбэрэлдорж агсан нь 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бичсэн гэрээслэлдээ “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 33-р гудамжны 494 тоот хашаа өвлийн 11 м урттай байшинг охин Бархас, хүргэн Сүхбаатар нарт өвлүүлэн эзэмшүүлэх, мөн өвлийн 4х6 харьцаатай байшинг надтай амьдарч байгаа Лхамжавын Цолмонд өвлүүлэн эзэмшүүлэхээр” заажээ.

28. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан байх тул газар болон уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, байшингийн гэрээслэл, өвлөх эрхийн асуудлаар маргаантай байгаа тул уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлэсний дараа улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

29. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Б- нь 2014 оныг дуустал газрын кадастрын бүртгэлийг байнга шалгаж, аав Д.Дэмбэрэлдоржийн нэр дээр бүртгэлтэй байсан тул маргаан үүсгээгүй 2015 он хүрсэн” гэх гомдлоор 2003 оны 344 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, газрын кадастрын бүртгэлээс гадна газар эзэмшүүлсэн захирамжид заасан нэрийг шүүхээс үнэлэхгүй байх эрхгүй юм.

30. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ