Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-03
Дугаар 56
Хэргийн индекс 128/2019/0257/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ц.Ө.М" ХХК
Хариуцагч АМГТГ-ын КХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Ц.Ө.М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, АМГТГ-ын КХ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                                   Г.Банзрагч,

                                                              Д.Мөнхтуяа,

                                                              Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                         П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:           Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 618 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг тус тус баримтлан “...Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэл болон 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 618 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг баримтлан “Ц.Ө.М” ХХК-ийн АМГТГ-ын КХ-т холбогдуулан гаргасан “Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ-ын КХ-т даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ-ын КХ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч, захирал нь Ч.Рэгзэнханд бөгөөд компанийн тусгай зөвшөөрлийн талаар мэдэх өөр ажилтан байхгүй юм. Тархины хавдрын маш хүнд хагалгаанд ороод компанийнхаа үнэт хөрөнгө болох тусгай зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулах ч боломжгүй нөхцөл байдалтай байхад түр орлон гүйцэтгэгч томилох тушаал болон итгэмжлэл бичих, бэлдэх, цаашлаад гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч, захирлын хагалгааны дараах биеийн байдал хэвтрийн дэглэмд удаан хугацаанд байсан зэрэг нөхцөл байдал нь тур орлон гүйцэтгэгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой байсан эсэх мөн түүнчлэн нэхэмжлэгч компанид өөр бусад ажилтан байсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байж давж заалдах шатны шүүх шууд дүгнэлт хийсэн нь үндэслэлгуй байна.
  2. Ч.Рэгзэнханд нь Менингиома /Ялган оношлогоонд бусад экстрааксиал хавдрууд болон метастаз/ оноштойгоор тархины хүнд хагалгаанд орж хагалгааны дараах дэглэм /оюуны болон биеийн хүчний ажил хийх, ном унших, бичиг баримт боловсруулах зэргийг хориглосон эмчийн заалттай/ нарийн сахих ёстой байсан гэдгийг шүүх огт анхаарч үзээгүй. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байгаа нь харагдаж байгаа боловч түр орлох хүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгааныг үгүйсгэн баримт уг хэрэгт байхгүй байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүх энэ маргаанд хэрэглэх ёстой хууль болох тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, 4.1.8.б гэсэн дэд заалтуудыг хэрэглээгүй, мөн төсөөтэй харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 94.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн.
  3. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх миний бие захирал Ч.Рэгзэнхандад хагалгаа хийсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Л.Аваажигмэдтэй биечлэн уулзаж тархины хавдар авах хагалгаа, эмчилгээнийх нь талаар тодруулахад “хагалгааны дараа ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй 3-5 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байх шаардлагатай байдаг, Ч.Рэгзэнхандын хувьд 1 жил 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж харьцангуй богинохон хугацаа бичиж өгсөн, үнэхээр хүнд хагалгаа гэдгийг эмчийнх нь хувьд хэлэх байна” гэж тайлбарласан. Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан байгаа “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудсаар нотлогддог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2 хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас болон хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой бусад баримтыг үнэн зөв үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх чухам яагаад нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй байгаа тухайгаа үндэслэл бүхий дүгнэлт няцаалт хийгээгүй.
  4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн Х\/-018980 дугаар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхдээ “хэргийн үйл баримтыг дүгнэн үзвэл дээрх ойлголтод хамруулан үзэх боломжгүй байна” гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь, Давж заалдах шатны шүүх ямар ойлголтод хамруулах боломжгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, 4.1.8.б гэсэн дэд заалтуудыг хэрэглээгүй, мөн төсөөтэй харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 94.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
  5. Б.Отгонбаяр гэх хүн нь “Ц.Ө.М” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч бөгөөд Ч.Рэгзэнханд захиралтай ажил хэргийн хүрээний танилууд юм. Ч.Рэгзэнханд захирал хагалгаанд орж хэдэн сар хэвтэрт байсных нь дараа биеийн байдлыг нь асуун эргэлтээр очиж уулзаж байсан байдаг. Б.Отгонбаяр нь тус компанийн тусгай зөвшөөрлүүдийн талаар мэдэх хүний хувьд Ч.Рэгзэнханд захиралд туслах зорилгоор, ямар нэгэн итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр ХҮ-018980 дугаар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл сунгуулах өргөдлийг яаран сандран гаргасан байдаг бөгөөд өргөдөл гаргахдаа “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг” батлуулж өгөөгүй байдаг ба ийм хугацаа ч байгаагүй билээ. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй нь дангаар хувьцаа эзэмшигч, захирал Ч.Рэгзэнханд нь дээрх хүнд өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсантай холбоотой буюу хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой юм.
  6. Нэхэмжлэгч компанийн захирал Ч.Рэгзэнханд хагалгааны дараа тархины олон мянган хялгасан судаснууд тасарч тархины үйл ажиллагаа саатаж бүрэн ухаангүй хоносон, тус хялгасан судаснууд нь нөхөж холбогдоход тодорхой хугацаа ордог, ухаан орсны дараа юмыг хоёр болгож хардаг байсны зэрэгцээ босож зогсох, үзэг бал барих, бичиг цаас боловсруулах ямар ч боломжгүй зэрэг хагалгааны дараах хүндрэлүүд үүссэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэж чадаагүй мөртлөө шууд буруу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
  7. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргаж өгөөгүйг хариуцагч үндэслэлгүйгээр татгалзсаныг хууль бус гэж үзэн баримт бичгээ бүрдүүлж сунгуулах өргөдлөө дахин гаргахыг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Тэрнээс биш тусгай зөвшөөрлүүдийг шууд сунгахыг даалгах шаардлага гаргаагүй болно. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүдээ сунгуулж, улмаар Үргэлжлүүлэн эзэмших, хайгуулын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгаа болно.
  8. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж тусгай зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулах өргөдөл гаргах боломж олгосон шийдвэр гаргасан боловч хариуцагчийн зүгээс Ч.Рэгзэнханд захирлын хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой ямар нэгэн тодорхой үндэслэлгүй гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх мөн учир дутагдалтай үндэслэлгүй дүгнэлт хийж, гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
  9. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

  1. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч “Ц.Ө.М” ХХК-иас ХҮ-018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, уг ХҮ-018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  3. Нэхэмжлэгчээс “компанийн захирал нь мэс заслын эмчилгээ хийлгэж, удаан хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсны улмаас тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаанд нь болон үндэслэл журмын дагуу гаргаж өгч чадаагүй” гэж маргасан бөгөөд ашигт малтмалын хайгуулын ХҮ-018749 болон ХҮ-018980 тоот тусгай зөвшөөрлүүдийг хугацааг дуусгавар болгосон бүртгэл, хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрүүдийн үндэслэл тус бүрт нь дүгнэлт хийлээ.
  4. Нэг. Ашигт малтмалын хайгуулын ХҮ-018749 тоот тусгай зөвшөөрлийн тухайд, Говь-Алтай аймаг Бигэр сум, Тээл нэртэй газарт орших 2608,88 гектар талбайг анх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар “Монголиан прожект менежмэнт групп” ХХК-д олгосон бөгөөд улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байна.
  5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...”, 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болно” гэж зааснаас үзвэл 018749 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргах ёстой байсан байна.
  6. Гэвч, дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдээс хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, гүйцэтгэх захирал Ч.Рэгзэнханд нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэс засалд орсон талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Ц.Ө.М” ХХК-г төлөөлж Б.Отгонбаяр гэх хүн 018980 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн “ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан” гэх нөхцөл байдал арилсан байсан гэж, тухайн үед 018749 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр захиргааны байгууллагад хандах бүрэн боломжтой байсан гэж тус тус үзэхээр байна.
  7. Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хоёр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, нэг хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан атлаа нөгөө хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргаагүй, үүнийгээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
  8. Хоёр. Ашигт малтмалын хайгуулын ХҮ-018980 тоот тусгай зөвшөөрлийн тухайд, Говь-Алтай аймгийн Тайшир сум, Сайр нэртэй газарт орших 4255,47 гектор талбайг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар “Ц.Ө.М” ХХК-д олгосон, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг төлөөлж Б.Отгонбаяраас 018980 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан боловч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
  9. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг мөн хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичгийг хавсарган төрийн захиргааны байгууллагад гаргахаар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хугацаа сунгуулах тухай өргөдлөөс үзвэл дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” хавсаргаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй байна.
  10. Нэхэмжлэгчийн “өвчтэй байсан” гэх гомдол энэхүү тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйл баримттай шууд холбоогүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй, үүний үндэслэл шалтгааныг захиргааны байгууллагад мэдэгдээгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
  11. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ