Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-10
Дугаар 66
Хэргийн индекс 128/2018/0692/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, түүний өмгөөлөгч Б.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд дараах 2 үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Газрын төлбөр төлөөгүй тухайд: 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн газар ашиглах гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн засаг дарга гарын үсэг зураагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн газрын төлбөрийг гэрээнд заасан хувиарийн дагуу төлөх эрх зүйн орчин бүрдээгүй юм. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт талууд тохиролцож, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байхаар хуульчилсан байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Сум, дүүргийн засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай байгуулна" гэж гэж заасан байна. Нөгөөтэйгүүр гэрээнд тухайн газрыг зориулалтын дагуу ашигласныхаа төлөө төлбөр төлөхөөр тохиролцсон атлаа захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй байхад иргэн, аж ахуйн нэгжийг буруутгасан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд Хан-Уул дүүргийн Засаг даргад уг гэрээнд гарын үсэг зуруулах тухай хүсэлт гаргасан гэдгээ илэрхийлсэн боловч уг үйл явдалтай холбоотой нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах ажиллагаагаа хийгээгүй гэж үзэж байна.

5. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тухайд: Би М ХХК-ийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр авсан цагаасаа хойш уг газар дээр зөвшөөрөлгүй амьдарч байгаа хүмүүстэй ойлголцох гэж оролдсон боловч зөвшилцөлд хүрч чадаагүй тул албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Гэтэл нэр бүхий уг газарт амьдарч байсан хүмүүс нь бүртгэлгүй, тухайн газарт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Өнөөдөр тэр хүмүүс сайдаас газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээгээ гаргуулчихсан байна. 2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандаж “Сүүлийн жилүүдэд яамны зүгээс Зайсангийн аманд олон жил амьдарсан иргэдэд газар өмчлүүлэх ажиллагаа явагдаж байгаа тул 2012/33 тоот гэрчилгээ болон түүний хавсралтад заасан солбицлын цэгт бусдад газар давхардуулан олгохгүй байхыг хүсье” гэсэн агуулгатай хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхэд танай газартай давхардсан иргэн, хуулийн этгээд байхгүй байна гэсэн хариуг өгч байсан атлаа өнөөдрийн маргаан бүхий актыг гаргасанд үнэхээр гомдолтой байна. Энэ мэтээр хаа дуртай газартаа зөвшөөрөлгүй ирээд буучихдаг, дархан цаазтай газартаа модон бие засах газрыг бий болгосон, төлөвлөгөөгүй гэр хорооллыг дэмжсэн захиргааны байгууллагын алдааг шүүх хүлээн зөвшөөрч шийдвэр гаргаж байгаа нь эрх зүйт төрд байж боломгүй алдаа гэж үзэж байна.

6. Захиргааны шүүх нь иргэн, хуулийн этгээд болон төрийн захиргааны байгууллагын тэгш байдлыг хангаж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагаас нотлох баримт бүрэн гүйцэт цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

8. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...газрын төлбөрөө төлж байсан, 2015 онд газрын төлбөрөө төлөх гэхэд, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас “танай газар маргаантай” гээд төлүүлээгүй, иймд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэстэй. ...мөн энэ хугацаанд уг газрыг ашиглаагүй шалтгаан нь хүмүүс бидний газар хэмээн эсэргүүцэл үзүүлж, чөлөөлж өгөөгүй тул зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. ...маргаан бүхий захиргааны актын талаар манайд мэдэгдээгүй хууль зөрчсөн” гэж маргажээ.

9. “М” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар болох “Зайсангийн ам” нэртэй газарт 1 га газрыг /иргэн Ч.П өөрийн байгуулсан компанийн нэр дээр шилжүүлсэн/ “аялал жуулчлалын” зориулалтаар шилжүүлж ашиглуулсан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны дотор “М” ХХК хамрагдаж, тус компанийн 1 га газар ашиглах эрхийг цуцалжээ.

10. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасан.

11. Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг олгохоор, гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг, мөн гурван сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулахаар журамлажээ. 

12. Дээрх хууль, журамд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь тогтоосон хугацаанд гэрээ байгуулж батлуулах, улмаар гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан  шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

13. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/154 дүгээр тушаалаар газар ашиглуулсантай холбогдуулан, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах гэрчилгээ /2012/33 дугаар/ олгосон байх ба улмаар 5 дугаар сарын 23-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ” байгуулагдаж, 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид газрыг актаар хүлээлгэн өгчээ. Гэвч нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авсанаас хойш гэрээнд зааснаар газрын төлбөрт 1 жилд 13,200,000 төгрөгийг төлөх ёстой, гэвч тус компани 2016 онд нэг удаа 200,000 төгрөг төлсөнөөс өөрөөр газрын төлбөр төлөөгүйн гадна тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн газраа ашиглахаар төлөвлөх, зураг төсөл батлуулах, техникийн нөхцөл авах зэргээр газрыг ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.

14. Нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөх гэхэд “маргаантай” гэдгээр төлбөрийг  төлүүлээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, эдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ...гэрээнд дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй” гэж маргах боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргаас гэрээ байгуулахаас зайлсхийсэн, газраа зориулалтын дагуу ашиглахад эрх бүхий байгууллага, бусад этгээдээс саад учруулсан, эсхүл гэрээгүй гэдгээр хориглосон гэх үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс энэ талаар маргаан үүсгэж байгаагүй байна.

15. Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийг газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаал хуульд нийцсэн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

16. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...шүүхүүд нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 03-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА