Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-10
Дугаар 65
Хэргийн индекс 128/2019/0115/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “А и” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын

хэлтсийн татварын улсын байцаагч нарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А и ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгох шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн) хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “А и” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “А и” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “А и” ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.А, Б.А нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сард гаргасан. Тус хэргийн шүүх хурал 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж “А и" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 128/ШШ2019/0809 дугаартай шийдвэр гаргасан. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж “А и” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж 600 дугаартай магадлал гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-г үндэслэж Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хан-Уул дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.А, Б.А нар нь 2018 оны 10 дугаар 01-ний өдрийн 23181000475 тоот томилолтоор “А и” ХХК-ийн 2013-2017 оны үйл ажиллагаанд татварын хяналт, шалгалт хийсэн. Татварын ерөнхий хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.” гэж заасныг зөрчиж 2013-2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 2015 оны 12 сарын 04-ний өдөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11 холбогдох зүйл заалтуудыг баримтлан илт хууль бус акт гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох бус хөхүүлэн дэмжсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." 50 дугаар зүйлийн 50.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй", Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно", 10.1.1-т “10.1.1.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон" Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:’’ 4.2.1-т "хуульд үндэслэх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь зөрчсөн шийдвэр гаргалаа.

6. Мөн хариуцагч нарын зүгээс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон татварын хуулийн 74 дүгээр зүйлийг баримталж акт үйлдсэнээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4-ийг үндэслэж хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарладаг. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж заасны дагуу татварын хяналт шалгалт хийх үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Татварын хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна." гэсэн заалтыг хэрэглэж 20 хувиас хэтэрхээргүй алдангийн хэмжээ тогтоох ёстой байсан боловч 30 хувиар тооцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүдээс эрх зүйн байдлыг нь дордуулсан хүчингүй болсон хуулийн зүйл заалт хэрэглэснийг үндэслэлтэй хэмээн үзсээр байна.

7. Үүнээс дурдвал: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт: (“А и” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагчийн хийсэн татварын тооцооллыг үгүйсгээгүй) гэжээ. Гэвч хүчин төгөлдөр бус болсон хуулийн зүйл заалтуудыг үндэслэсэн акт болон түүний үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх боломжгүй гэдгийг бид шүүх хурал дээр дурдсан боловч энэ үйл явдлыг болоогүй мэтээр шийдвэртээ тусгажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: (Зөрчлийн тухай хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, харин Татварын ерөнхий хуульд зааснаар үнийн дүнгийн 20 хувиас хэтэрхээргүй байхаар зохицуулсан байх тул “А и” ХХК-д оногдуулах шийтгэлийг (алданги) хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна.) гэжээ. Үүнээс харахад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн маань хэдэн оны хуулийн хэд дэх зүйл заалтыг баримталж шийтгэл оногдуулсныг хараахан ойлгож амжилгүйгээр магадлал гаргасан нь харагдаж байна.

8. Иймд бидний гаргаж буй энэхүү гомдлыг хангаж шийдвэрлэж Хан-Уул дүүргийн татварын байцаагч нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. “А и” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.  

10. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “А и” ХХК-ийн 2013-2017 онуудын албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт явуулж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 4-д заасныг үндэслэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0291667 дугаар шийтгэлийн хуудсаар, татвар ногдох орлогыг тайлагнаагүй, төлөөгүй, зардал өсгөсөн нийт 7,656,672,183.3 төгрөгийн зөрчилд 344,719,753.1 төгрөгийн нөхөн татвар, 50,400,877.3 төгрөгийн алданги, 103,415,925.9 төгрөгийн торгууль, нийт 498,536,556.3 төгрөгийн төлбөр оногдуулсан.   

11. Нэхэмжлэгчийн гаргасан “...Хан-Уул дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар ...Татварын ерөнхий хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана” гэж заасныг зөрчиж, ...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11-д заасан заалтуудыг баримтлан илт хууль бус акт гаргасан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 оны/ болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

13. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д албан татвар төлөгчийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод албан татвар ногдохоор, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.5-д албан татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татвар ногдуулахаар, 21 дүгээр зүйлийн 21.1-д албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөхөөр, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар тус тус заасан.

14. Мөн, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна: ...74.1.3. нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.1.4. тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэж, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус хуульчилсан байна.

15. Нэхэмжлэгч “А и” ХХК нь 2013 онд 81,138,113.7 төгрөг, 2016 онд 178,221,410.2 төгрөг, 2017 онд 1,511,744,041.8 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, 2016 онд 8,876,000.0 төгрөг, 2017 онд 3,140,510,494.6 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоос тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татвараа төлсөн боловч тайланд дутуу тусгасан, 2016 онд 8,876,000.0 төгрөг, 2017 онд 2,727,306,123.0 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогоос НӨАТ-ийг дутуу тайланд тусгасан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

16. Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нарын дээрх 0291667 дугаар шийтгэлийн хуудсаар “А и” ХХК-ийн гаргасан зөрчилд 344,719,753.1 төгрөгийн нөхөн татвар, 50,400,877.3 төгрөгийн алданги, 103,415,925.9 төгрөгийн торгууль, нийт 498,536,556.3 төгрөгийн төлбөр оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. 

17. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн, иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА