Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-03
Дугаар 61
Хэргийн индекс 128/2019/0664/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Х б" ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Х б” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын улсын ахлах байцаагч

Б.Н-т холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “... улсын ахлах байцаагч Б.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Б.Н нарыг оролцуулж,

       Гомдол гаргагч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч З.С нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Х б” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Н-т холбогдуулан гаргасан “... улсын ахлах байцаагч Б.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Х б” ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч З.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагыг хангахгүй байна.

4. “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ хандан “Х б” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд болон барьцаалан зээлдэх газрын харилцах дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0% данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг гэсэн нөхцөл тавьж, уг нөхцлийн дагуу гэрээгээ шинэчлэн байгуулах, шинэчлэхгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй гэсэн шаардлага тавьсан нь хууль зөрчсөн” гэсэн гомдлыг гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан.

5. ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч нь тус банкийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж шийтгэлийн хуудсанд дурдсан байдаг.

6. “Х б” ХХК-иас явуулсан үйл ажиллагааны тухайд: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “Банк өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээ авах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж, мөрдүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны А162/195 тоот хамтарсан тушаалаар “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд үүгээр банкинд харилцагчийн эрсдлийг тогтоох, үнэлэх, холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээлгэсэн.

7. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ийн Ази номхон далайн бүсийн байгууллага (АРG)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдлийн үнэлгээг 2016 онд хийсэн. Уг үнэлгээгээр банк бус санхүүгийн байгууллага болон ломбард нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, хяналт сул гэж дүгнэсэн байдаг. 2017 онд АРG-ээс Монгол Улсын хэмжээнд шалгалт явуулж, үр дүнг дүгнэн, улмаар Монгол Улсын Засгийн газарт хугацаатай үүрэг, зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу Монгол банкнаас арилжааны банкуудад харилцагчийн эрсдлийг тогтоож, холбогдох арга хэмжээг авахтай холбоотой журам, заавар үүргийг өгсөн.

8. Олон улсын эрх бүхий байгууллага, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн дагуу Х банкны зүгээс өмнө дурдсанчлан өндөр эрсдэлтэйд тооцогдсон харилцагч болох банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хяналт тогтоох, эрсдлийг бууруулах зорилгоор харилцан хамтын ажиллагаа санал болгож ажиллаж байгаа болно.

9. Энэхүү ажлын хүрээнд өндөр эрсдэлтэйд тооцсон Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан эрсдлийг бууруулах зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу өндөр эрсдэлтэй этгээдийн харилцагчаар бүртгүүлэх, шинээр данс нээх, хаах хүсэлт бүрийг бүртгэлийн ажилтан Х банкны хэрэгжилтийг дэмжих нэгж /комплеансийн газар/-д хүргүүлж, тэндээс зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хүсэлтийг шийдвэрлэдэг байх, үүнтэй холбоотойгоор нэмэлтээр үүсэх ажлын ачаалал, үйл ажиллагааг нь харгалзан үзсэний үндсэн дээр тус сегментэд тохирох тусгай шимтгэл, хураамж бүхий бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага гарсан.

10. Ингээд Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, мөн хуулийн 11.3-д “төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасныг үндэслэн “Х б” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчид зориулан төгрөгийн харилцах дансны шинэ бүтээгдэхүүн гаргах тухай” 02/381 дүгээр тушаалаар “...Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд болон барьцаалан зээлдэх газрын харилцах дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0% данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг” байхаар шийдвэрлэсэн.

11. Уг шийдвэрийг гомдол гаргасан “Х к” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18/64 дүгээр албан бичгээр, “З к” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5028/7-12 дугаар албан бичгээр “С ф” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5111/01/40 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангасан банкны үйл ажиллагааны талаар огт анхааралдаа авч үзээгүй бөгөөд уг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь саарал жагсаалтад орох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой зайлшгүй холбоотой байсан юм.

13. Уг асуудал нь тухайн үед нээлттэй яригдаж эхлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед уг асуудлыг бид тайлбарлах нь банк, санхүүгийн харилцаанд өндөр эрсдэл үүсгэхээр байсан. Ийм ч учраас уг асуудал нийтэд илэрхий болсон үед буюу шүүх хуралдааны явцад бид уг үндэслэлийг мөн учирлан тайлбарласан боловч ямар ч дүгнэлт хийгээгүй болно.

14. Гомдлын хууль зүйн үндэслэл, эрх зүйн харилцааг анхаарч үзээгүй тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Х банкийг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/428 дугаартай магадлалаар уг тогтоолыг илт хууль бус буюу анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны акт болохыг тогтоосон болно.

15. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ШӨХТГ-ын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч юм.

16. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг” ойлгохоор заасны дагуу “Х б” ХХК нь “Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлийн” өрсөлдөгч бөгөөд зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь “банкны үйлчилгээ” байна.

17. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тус банкнаас үйлчилгээ авч буй гомдол гаргагч “Х к” ХХК /барьцаалан зээлдэх үйл ажиллагаа/, “З к” ХХК /барьцаалан зээлдэх үйл ажиллагаа/, “С ф ББСБ” ХХК /банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа/-иуд нь “Х б” ХХК-ийн өрсөлдөгч биш, үйлчлүүлэгч буюу хэрэглэгч болно.

18. “Х к” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, “Заг капитал “ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх харилцагчаар бүртгэгдэж, данс нээлгэхдээ Улаанбаатар хот Баянгол дүүргийн, 3 дугаар хороо, Замчдын гудамж, 84-2 тоот гэсэн хаягтайгаар Х банкны Баянгол салбарын Андууд тооцооны төвийн харилцагчаар бүртгэгдэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд тус салбарт бүртгэлтэйгээр харилцаж байгаа бөгөөд талууд харилцан тохиролцож “Байгууллагын харилцах данс, хугацаагүй хадгаламж, цахим үйлчилгээний гэрээ”-г байгуулан ажиллаж байна.

19. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.4-т “тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэж заасны дагуу банкны үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн.

20. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.3-д “төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т “үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээг дангаар тогтоох...” гэж тус тус заасны дагуу “...санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, данс хөтөлсний шимтгэлийн 5,000 төгрөг” болгож байгаа талаар гэрээний тал болох “Х к” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18/64 дүгээр албан бичгээр, “З к” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5028/7-12 дугаар албан бичгээр “С ф ББСБ” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5111/01/40 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн.

21. Энэхүү мэдэгдэл нь иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах үүргийн эрх зүйн харилцаа, тодруулбал гэрээний үүргээс үүдэлтэй харилцааны хүрээнд гэрээний нэг тал нь нөгөө талдаа санал болгож байгаа нөхцөл юм.

22. “Х б” ХХК-иас явуулсан үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.4, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-д заасны дагуу зохицуулагдах харилцаа байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг харилцааг Өрсөлдөөний тухай хуульд хамааруулан тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11-т заасныг зөрчсөн мэтээр тайлбарлаж, уг харилцаанд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавих эрхтэй гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна.

23. Гомдол гаргагчийн эрх зүйн байдал, төлөөлөх эрх бүхий этгээд гомдол гаргасан эсэх тухайд: Дээрх мэдэгдлүүдийг Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ”, 28.2-т “хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна”, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно”, 29 дүгээр зүйлийн 29.6-д “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасны дагуу “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф ББСБ” ХХК-ийн ерөнхий захиргаа оршин байгаа газар буюу Улаанбаатар хотод байрлах хаягт, тус компаниудын бүртгэлтэй салбараас хүргүүлсэн.

24. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1.4-т “оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч”, 3.2 дугаар зүйлийн 1-д “зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан байх бөгөөд хуулийн уг зохицуулалтаас үзвэл, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах боломжтой.

25. Гомдол гаргасан “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф ББСБ” ХХК-иуд нь Улаанбаатар хотод бүртгэлтэй хуулийн этгээдүүд бөгөөд “Х б” ХХК-иас мэдэгдлийг Улаанбаатар хот дахь үндсэн салбарт хүргүүлсэн атап “Х к” ХХК, “З к” ХХК-иудын орон нутаг дахь салбараас гомдол гаргасан. “С ф ББСБ” ХХК нь орон нутагт салбаргүй болно.

26. Мөн зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Х к” ХХК, “З к” ХХК-ийн орон нутаг дахь салбараас гомдол гаргасан гэх боловч тус салбаруудыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, итгэмжлэл олгогдоогүй, тамга тэмдэг зөрүүтэй гэх зэрэг нөхцөл байдлууд байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлд ямар ч дүгнэлт хийгээгүй болно.

27. Түүнчлэн “С ф” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлоосоо татгалзсан байдаг бөгөөд уг асуудалд мөн огт дүгнэлт өгөөгүй.

28. Анхан болон давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...банкны үйл ажиллагааны зах зээлд орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай гэж тогтоогдсон банкны хувьд хэрэглэгч- харилцагчаас өөрийн харилцагчтайгаа заавал тухайн банкаар дамжуулан харилцах хэрэгцээ, шаардлагыг ашиглан дансны үлдэгдлийн болон данс хөтөлсний шимтгэлийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн, мөн дансны үлдэгдэлд хүү тооцохгүй зэргээр өөртөө ашигтай нөхцлийг бий болгосон аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь орон нутаг дахь Х банкны харилцагч өөрийн хэрэглэгч-харилцагчийг хясан боогдуулсан шийдвэр үйл ажиллагаанд тооцогдох тул ...” гэж дүгнэжээ.

29. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “...борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах”. 7.1.5-д “...үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох...”, 7.1.11-т “...гэрээнд тусгахыг тулгах шаардах...” зэргээр уг хуулиар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хориглосон ноёлох үйл ажиллагааг явуулсан гэж үзэн шийтгэвэр ногдуулсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна” гэж дүгнэсэн байна.

30. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д “зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.

31. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа”-г тодорхойлж, 7 дугаар зүйлийн 7.1-д “давамгай байдлаа хууль бусаар ашиглах” үйл ажиллагааны төрлүүдийг нэрлэн заажээ.

32. Анхан шатны шүүхээс хуулийн дээрх заалтыг “...Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг Х боогдуулахад давамгай байдлаа хууль бусаар ашигласан, эсхүл аж ахуй эрхлэгчийг зэх зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлахад давамгай байдлаа хууль бусаар ашигласныг тус тус ойлгохын зэрэгцээ давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг “ноёлох үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байна” хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй байна.

33. Учир нь хууль тогтоогчоос Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагааг тодорхойлохдоо хоёр нөхцлийг /давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг Х боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор/ тодорхой зааж, дээрх хоёр нөхцлийн хүрээнд “зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” ойлгохоор заасан байна.

34. Хуулийн бүтэц, зохицуулалт, агуулгаас үзвэл, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зах зээлд ноёлох (Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг Х боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж хэрэглэгчийг хясан боогдуулах)-ын тулд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэж үзэхээр байна.

35. Гэтэл “Х б” ХХК-иас санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, данс хөтөлсний шимтгэлийн 5,000 төгрөг болгох зорилго нь хуульд заасан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг Х боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгын алинд нь ч хамаарахгүй бөгөөд гомдол гаргагч барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь манай банкны өрсөлдөгч биш ба манай компани хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргаагүй, хэрэглэгчийг хясан боогдуулсан зүйлгүй, давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба дээрх хуулийн зохицуулалтууд манай банкинд огт хамааралгүй юм.

36. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хэдийгээр “Х б” ХХК нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.3-д “төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасны дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулах замаар хөлсөө өөрөө тогтоох эрхтэй ч давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохицуулалтад (хэрэглэгчийн эрх, шударга өрсөлдөөний асуудлаар) байхаар байна. Тиймээс уг харилцааг зөвхөн иргэний эрх зүйн хэм хэмжээнд зохицуулагдана гэж үзэхээргүй байна” гэжээ.

37. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасны дагуу шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй. Гэвч мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Өрсөлдөөний тухай хууль нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль юм.

38. Дээр дурдсанчлан, “Х б” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаа нь ноёлох үйл ажиллагаанд хамаарахгүй, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдсан харилцаанд хамаарахгүй байх бөгөөд шүүхээс хуулиар маш тодорхой зохицуулсан асуудлыг, өөрөөр хэлбэл өөр нарийвчилсан зохицуулалттай өрсөлдөх хэм хэмжээг агуулсан хууль байхгүй байхад Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.6-д заасан бүрэн эрхэд хамаарах мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

39. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   40. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсаар Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х б” ХХК-д 493,387,520 төгрөгийн торгууль оногдуулсан, гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... Х банк нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдоогүй байхад ... торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай болон Өрсөлдөөний тухай хуулиудын холбогдох заалтуудад нийцээгүй, түүнчлэн банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх шаардлагаар өндөр эрсдэл бүхий харилцагчаа өөрөө тодорхойлж, түүнд тавих хяналтыг сайжруулах шаардлагаар гаргасан шийдвэрийн зорилгыг харгалзаагүй нь хууль бус..., ... гомдол гаргагч барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь манай банкны өрсөлдөгч биш, ... банкны үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн /байхад/ Өрсөлдөөний тухай хуулийн /холбогдох/ заалтыг баримталж зөрчил тогтоосон нь ... хууль зөрчсөн” гэх зэргээр маргасан, талууд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээний талаар маргаагүй болно.

41. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл,  Х банкны захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 дүгээр “Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан төгрөгийн харилцах дансны шинэ бүтээгдэхүүн гаргах тухай” тушаалаар  “... даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани болон ломбардад нээх төгрөгийн харилцах дансны шинэ бүтээгдэхүүний нөхцөлийг хавсралтаар /баталж/, тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллахыг Х банкны бүх салбар нэгжүүдэд үүрэг /болгож/” шийдвэрлэсэн, уг шинээр мөрдүүлэхээр шийдвэрлэсэн нөхцлөөр санхүүгийн байгууллагын сегментийн “тухайлсан харилцагч нар”-т төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг байхаар тогтоосон, уг шийдвэрийн дагуу Х банкны салбар төвөөс “З к” ХХК, “Х к” ХХК, “С ф” ББСБ зэрэг аж ахуйн нэгжүүдэд “... гэрээгээ шинэчлэх шаардлагатай, ... гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд танай байгууллагын дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхаарна уу” гэх мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “... /Х банкийг/ банкны үйл ажиллагааны зах зээлийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд  давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр байгаа, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

42. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг Х боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг /ойлгох/”-оор, 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасны дотор 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах”-ыг, 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”-ыг, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих”-ыг тус тус хориглохоор заажээ.

43. Тухайн тохиолдолд, Х банк нь даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани болон ломбардын үйлчилгээ эрхлэгч харилцагч нарт бусад харилцагч нараас ялгавартай нөхцөл буюу “төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг байх”-аар шинэ нөхцөл тавьсан, ийнхүү ялгавартай нөхцөл тавьсан учир шалтгаан, үндэслэл тодорхойгүй байх тул давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хясан боогдуулсан, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

44. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...гомдол гаргагч барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь манай банкны өрсөлдөгч биш ба манай компани хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргаагүй, хэрэглэгчийг хясан боогдуулсан зүйлгүй, давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба дээрх хуулийн зохицуулалтууд манай банкинд огт хамааралгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

45. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “/банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал гэх мэт санхүүгийн үйл ажиллагаанд эрхлэгч, оролцогч/ нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байх”-аар, 14.2-т “дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр нь энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтад нийцсэн байх ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг хангасан байх”-аар заасан нь тухайн тохиолдолд маргааны үйл баримтад хамааралгүй, Х банкнаас өөрийн харилцагч нарт тогтоосон дээрх шинэ нөхцлийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор санхүүгийн байгууллагын сегментийн харилцагч нарын үйл ажиллагаанд “хяналт тавих” агуулгатай гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар ... банкинд харилцагчийн эрсдлийг тогтоох, үнэлэх, холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээлгэсэн ...-ний дагуу ... өндөр эрсдэлтэйд тооцсон Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан эрсдлийг бууруулах зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу өндөр эрсдэлтэй этгээдийн харилцагчаар бүртгүүлэх, шинээр данс нээх, хаах хүсэлт бүрийг бүртгэлийн ажилтан Х банкны хэрэгжилтийг дэмжих нэгж /комплеансийн газар/-д хүргүүлж, тэндээс зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хүсэлтийг шийдвэрлэдэг байх, үүнтэй холбоотойгоор нэмэлтээр үүсэх ажлын ачаалал, үйл ажиллагааг нь харгалзан үзсэний үндсэн дээр тус сегментэд тохирох тусгай шимтгэл, хураамж бүхий бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага гарсан, ... анхан болон давж заалдах шатны шүүх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангасан банкны үйл ажиллагааны талаар огт анхааралдаа авч үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

46. Түүнчлэн, Х банкнаас “З к” ХХК, “Х к” ХХК, “С ф” ББСБ зэрэг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн “... гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд танай байгууллагын дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхаарна уу” гэх мэдэгдлүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэх гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэгдсэн харилцаа үүсгэсэн гэж шүүх дүгнэх боломжгүй, түүнчлэн, Х банкнаас дангаар тогтоосон уг “төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%” гэх шинэ нөхцлөөр “үйлчилгээний хөлс тогтоосон” гэж үзэх үндэслэлгүй тул  гомдол гаргагчийн энэ үндэслэлээр, хяналтын журмаар гаргасан “... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, ...189.4-т ... заасны дагуу банкны үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, мөн хуулийн 11.3-д “төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасныг үндэслэн шинэ нөхцөл тогтоосон нь хууль зөрчөөгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

47. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор 1802000064 дугаартай Зөрчлийн хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х банкны захирлын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/127 дугаар тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 дүгээр “Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан төгрөгийн харилцах дансны шинэ бүтээгдэхүүн гаргах тухай” тушаалыг хүчингүй болгосон хэдий ч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү зөрчлөө арилгасан нь зөрчилд шийтгэл оногдуулсан маргаан бүхий 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч З.С нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Х б” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА