Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-27
Дугаар 53
Хэргийн индекс 128/2019/0617/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч А ХХК
Хариуцагч Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, тус яамны Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд З ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Барилга хот

байгуулалтын яам, тус яамны Үнэлгээний хороонд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:           Д.Мөнхтуяа,

       Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                               Б.Мөнхтуяа,

                                               Ч.Тунгалаг,

       Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “А” компанитай гэрээ байгуулахыг даалгах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам, “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 664 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалсайхан, Л.Ишжамц, Б.Сэргэлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, Б.Баатарсайхан, Д.Алтансүх, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, В.Гантулга, Б.Ууганболор, Э.Номин нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан,Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/201805105 дугаартай төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “А” компанитай гэрээ байгуулахыг даалгах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам,  “З” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А” компанитай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 664 дүгээр  магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, ... Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А” компанитай гэрээ байгуулахыг даалгах” гэснийг хасч, 2 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 тоот албан бичгээр гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гомдол гаргах эрхийг хангаагүй, нөгөөтэйгүүр тендерт оролцогчийн эрхийг зөрчсөн. “А” ХХК нь тендерт шалгарч захиалагч барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч гэнэт л тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гардаж авсан. Сангийн яамны хууль зөрчсөн энэхүү санаатай эс үйлдэхүйн талаар шүүхүүд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дэх хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэснийг зөрчсөн байна.

4. Магадлалын 4 дүгээр талд шүүх “... тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч “З” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны хуралдаан дээр “З” ХХК буюу тендерт оролцогч этгээд гомдол гаргаагүй буюу тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан байхад түүнийг “З” ХХК гаргасан гэж үзэн Сангийн яам шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж маргадаг.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар үйлийн 55.1 дэх хэсэгт зөвхөн тендерт оролцогч л хуулийн дагуу гомдол гаргахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Сангийн яам аливаа тендерт оролцсон этгээдийн тендер шалгаруулалттай холбогдох хуулийн дагуу гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

6. Нотлох баримтаар авагдсан Хавсралт-1 Сангийн яаманд хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гомдол гэх хавтасны 1-4 дэх хуудсанд Монгол болон Англи хэл дээр бичигдсэн гомдол байх бөгөөд тус гомдол нь Монгол Улсад хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон олон улсын гэрээ конвенцын шаардлага хангаагүй, “З” ХХК гомдол гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй баримт бичгүүд юм. Тус гомдол гэх нотлох баримтыг шинжлэх судалбал тухайн гомдлыг хэн гаргасан болох нь тодорхойгүй, гарын үсэг зурсан байх боловч гарын үсгийн тайлал байхгүй, тухайн гомдлыг гадаад улсад үйлдсэн болох нь илэрхий, хэн болохоо нотолсон баримтыг Сангийн яаманд хавсарган хүргүүлээгүй.

7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан гэх этгээд Монгол болон англи хэлээр бичсэн гомдолд гарын үсэг зураад байгаад үнэлэлт дүгнэлт өгөхгүй орхигдуулсан байна. Гадаад улсад үйлдэгдсэн аливаа баримт бичиг нь хууль ёсны эрх бүхий этгээд үйлдсэн эсэхийг нотлох шаардлагатай өөрөөр хэлбэл, “З” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан болохыг тухай улсын нотариат баталгаажуулах ёстой.

8. Монгол Улс “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах Шаардлагыг халах тухай конвенц”-д 2008 онд нэгдэн орсон. Энэхүү Конвенцын 2 дугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч улс бүрт энэхүү конвенц үйлчлэх бөгөөд нутаг дэвсгэрт нь хэрэглэх баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг хална. Энэхүү конвенцын хүрээнд “баталгаажуулалт” гэж баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг тухайн баримт бичиг хэрэглэгдэх орны дипломат буюу консулын төлөөлөгч нотлон гэрчлэх албан ёсны үйлдлийг хэлнэ.” гэж, мөн Конвенцын 3 дугаар зүйлд “Гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотлон гэрчлэхийн тулд тухайн баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас 4 дүгээр зүйлд заасан гэрчилгээг олгох шаардлага тавигдана” гэж, мөн Конвенцын 4 дүгээр зүйлд “3 дугаар зүйлийн эхний хэсэгт заасан гэрчилгээг баримт бичиг дээр, эсхүл түүнд хавсаргасан өөр хуудсан дээр үйлдэж олгох бөгөөд уг гэрчилгээ нь энэхүү конвенцод хавсаргасан загварын хэлбэртэй байна. Гэхдээ гэрчилгээг олгож байгаа улсын албан ёсны хэлээр үйлдэж болно. Гэрчилгээнд тусгагдах стандарт заалтуудыг мөн өөр хэлээр үйлдэж болно” гэж маш тодорхой зааж өгсөн байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төслийн худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу явуулна” гэж заасан. Төрийн аливаа байгууллага гомдлыг хүлээн авахдаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүрэгтэй.

9. “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-т заасан “Гарын үсэг”-ийн бүрдэлд гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал орохоор зааварласан байдаг бөгөөд аливаа хуулийн этгээдийн хууль ёсны баримт бичиг энэхүү зааврын дагуу Монгол Улсад хэрэглэж ирсэн.

10.  Иймд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд хүргэгдсэн гэх албан бичгийг “З” ХХК-ийн эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх ямар ч үндэслэлгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хангалттай үндэслэл болно.

11.  Мөн Сангийн яамнаас “З” ХХК-ийг гомдол гаргасан гэж үзээд шийдвэрлэхдээ Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг зөрчсөнийг 2 шатны шүүх дүгнээгүй орхигдуулсан. “З” ХХК гэх Тендерийн гомдлыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яам хүлээн авсан гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “ Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-т заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж гомдлыг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор хязгаарлан хуульчилсан. Гэтэл Сангийн яам 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг зөрчин 16 хоногт хариу өгсөн.

12.  Тендерийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг илт зөрчин хэт нэг талыг барьж “А” ХХК-д гомдлын талаар мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагааг хийгээгүй нь хариуцлагатай байх, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл А” ХХК нь Сангийн яам гомдлыг шийдвэрлэсэн даруй шүүхэд хандах боломжтой байсан бөгөөд тус компанийн шүүхэд гомдол гаргах эрхийг хясан боогдуулаад зогсохгүй, үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийг гаргахад нөлөөлсөн.

13.  “З” ХХК-ийн ирүүлсэн тендер Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй байхад тус компанийн тендерийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргасан. Захиалагчийн боловсруулсан Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3(д)-д заасан “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-тай тэнцэх. Үүнийг дараах баримтаар нотолно. Банкан дахь дансны үлдэгдэл, Засгийн газрын бонд, Арилжааны банкнуудаас судлагдсан зээлийн талаар банкны тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ /судалж үзээд зээл олгох боломжтой тухай тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй/ гэж заасан ба “З” ХХК нь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг нотлохдоо “Р ХК-ийн Амлалт” /“З” ХХК-ийн тодорхойлсноор бол “Экспортын зээлийн баталгаа”/ буюу Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3(д)-д заасан Арилжааны банкнуудаас судлагдсан зээлийн талаар банкны тодорхойлолт хавсаргасан.

14.  Энэхүү Р ХК-ийн Сонирхол Илэрхийлсэн Тодорхойлолт буюу “Сонирхол Илэрхийлсэн бичиг”-ийн 5-т “Зээлийн зориулалт: Экспортын зээлийн санхүүжилтээр төслийн экспортын гэрээний үнийн дүнгийн 100 хувь хүртэлх санхүүжилтийг еврогоор олгох боломжтой” гэж заасан. Өөрөөр хэлбэл “...олгох боломжтой тухай тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй” гэж Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3(д)- маш тодорхой заасан байхад энэ хэсгийг хангаж байна гэж Үнэлгээний хороо дүгнэж, үүнийг нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүх дээр ярьж маргасаар байхад шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэр, магадлал гаргасан.

15.  Энэ талаар Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд Үнэлгээний    хорооны    гишүүн    Р.Д “Түргэн    хөрвөх чадварыг бас хангахгүй байгаа” гэж,  гишүүн  Б.О “Түргэн хөрвөх чадвар нь хүрэхгүй байгаа” гэж, гишүүн Ү.Б “Түргэн    хөрвөх чадвартай хөрөнгө нь ТШӨХ-д заасныг хангаж чадахгүй байна. Санал болгож буй үнийн 30% байна гэж заасан боловч үүнийг хангаагүй. Австри улсын Р банкны тодорхойлолтод төслийн санхүүжилтийн зорилгоор ашиглах боломжтой 31,000 еврогийн санхүүгийн нөөцтэй гэж баталгаажуулж ирүүлсэн” гэж тус тус тусгагдсан. Энэ үндэслэлээр Үнэлгээний хороо “З” ХХК-ийг шалгаруулаагүй байхад эдгээр нотлох баримтыг аль ч шатны шүүх харгалзаж үзээгүй.

16.  Мөн Захиалагчийн боловсруулсан  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4.(в)-д заасан ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл, тусгай зөвшөөрөл, БА-3.5 цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралтын тусгай зөвшөөрөл байхгүй байхад энэ хэсгийг хангасан гэж Үнэлгээний хороо үзсэн нь үндэслэлгүй. Энэ шаардлагыг хангахгүй байгаа талаар Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар бүхий хурлын тэмдэглэлд гишүүн Б.О “Туслан гүйцэтгэгч “М” ХХК нь зураг төслийн тусгай зөвшөөрлийг тендер нээхээс хэдхэн хоногийн өмнө авсан байна. ТШӨХ-д заасан сүүлийн 3 жилд хийсэн ижил төстэй ажлын шаардлага хангахгүй болонгуут туслан гүйцэтгэгч Магнус компани нь цаашаа өөр хэд хэдэн компанитай гэрээ байгуулчихсан байгаа юм. Ерөнхий захирал Э нь Г-д эрх олгоогүй мөртлөө Г нь компаниудтай гэрээ хийгээд, ИТА-аа томилчихсон байсан. Г нь өөрөө гэрээ хийх, тушаал шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. СХД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулсан байгаа, тэр гэрээ нь 2020 оны 4 дүгээр сард дуусах юм байна. “Б” ХХК-тай гэрээ байгуулсан, Гэрээ нь мөн 2020 оны 4 дүгээр сард дуусна. Тусгай зөвшөөрлийн гэрээ хавсаргаагүй, гэрээний хамт тусгай зөвшөөрөл хүчинтэй байдаг” гэж тусгагдсан.

17.  Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо “З” ХХК-ийн тендерийг өмнө нь дээрх байдлаар дүгнэж тендерээс татгалзсан нотлох баримт байхад, дахин үнэлгээ хийхдээ дээрх нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай тэмдэглэл байхгүй байхад Үнэлгээний хорооны шийдвэр хуулийн дагуу гарсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ асуудал дээр нэхэмжлэгч мөн л маргадаг боловч хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

18.  Тендерийн хуульд заасан хамгийн чухал шаардлагатай санхүүгийн чадавхийг хангасан эсэх тодорхойлдог баримт бичиг нь санхүүгийн тайлан, тендерийн шаардлага хангасан баталгааг тендерт оролцогч ирүүлэх үүрэгтэй. Тендерийн баримт бичигт аудитын баталгаажсан тайланг ирүүлэхийг Захиалагчаас шаардсан байдаг. Захиалагчийн боловсруулсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тайлан ирүүлэх 6.2 (б)-д “Сүүлийн 3 жилийн (2016, 2017, 2018 он) Санхүүгийн тайланг аудитаар баталгаажсан байх шаардлагатай” гэж заасныг мөн л хангахгүй байдаг. “З” ХХК-ийн ирүүлсэн тендерт хавсаргасан Санхүүгийн тайлан нь шаардлага хангаагүй, баталгаажсан тайлан биш байсан. Аудитын тухай хуульд заасны дагуу аудитын хуулийн этгээд эсхүл аудитор “З” ХХК-ийн ирүүлсэн 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан тухай ямар ч дүгнэлт болон тодорхойлолт, үүнийг нотолсон албан бичиг зэрэг гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн материалд байхгүй байна.

19.  Аудитын үйл ажиллагааг Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Аудитын хуулийн этгээд нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аудитын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж хуульчилсан. Тусгай зөвшөөрөл бүхий аудитын хуулийн этгээд нь Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1/санхүүгийн тайлангийн аудит;/, 9.1.2/санхүүгийн тайланг нягтлах ажил;/, 9.1.3/бусад баталгаажуулах ажил;/, 9.1.4 /санхүүгийн холбогдох үйлчилгээг хийх/ бөгөөд эдгээр үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ дүгнэлт, зөвлөмж гаргадаг. Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу “Аудитын дүгнэлт нь үнэн, зөв нотлох баримтад үндэслэх бөгөөд аудитын үйл ажиллагааны явцад аудиторын өөрөө цуглуулсан ажлын баримт нь цаас, хальс, цахим болон бусад хэрэгсэл дээр хадгалсан мэдээлэл хэлбэртэй байна” гэж хуульчилсан байна. “З” ХХК-ийн дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн тухайд, “яаманд гаргасан гомдолд хавсарган хүргүүлсэн 180 хуудас материалыг Захиалагч хүлээн авч Тендерийг дахин үнэлэхдээ нөхөж ирүүлсэн баримтыг харгалзан үзэж үнэлсэн” гэж Захиалагч шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлсэн.

20.  Шүүхэд ирүүлсэн Тендерийн баримт бичгийн сүүлийн хуудсанд “З” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлтээр ирүүлсэн 198 хуудас нотлох баримтыг Захиалагч хүлээн авч судлан дахин үнэлэхдээ Тендерийн хууль болон Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг ноцтой зөрчин Тендерээс гадуур ирүүлсэн баримтыг үнэлсэн. Тендерийн хуулийн 5.1.1 дэх хэсэгт “Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж, мөн хуулийн 12.1 дэх хэсэгт Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэж хуульчилсан. Мөн “З” ХХК-иас ирүүлсэн Тендерийн баталгааны хугацаа дууссан байсныг, гуравдагч этгээдийн зүгээс нөхөн өгсөн тухай тайлбарыг шүүх хуралдаан дээр хэлдэг боловч хэрхэн нөхөж Захиалагчид хүргүүлсэн, Захиалагч хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байхад шүүх үнэлж, дүгнээгүй орхигдуулсан байна.

21.  Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 22.4 дэх хэсэгт “ТОӨЗ-ын 22.1-д зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн аливаа тендерийг захиалагч хүлээн авахгүй бөгөөд түүнийг хаягаар нь буцаана.” гэж, мөн зааварчилгааны 23.1 дэх хэсэгт “захиалагч тендерүүдийг ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар, ТШӨХ-д заасан огноо, цагаас өмнө хүлээн авна.” гэж заасныг ноцтой зөрчин нөхөж хүргүүлсэн баримт бичгийг үнэлснийг шүүх дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

22.  Магадлалын Хянавал хэсэг буюу 7 дугаар талд “ ... тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс 30 хоногоор сунгагдсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй” гэж хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Тендерийн хуулийн хүчингүй болсон заалтыг үндэслэн тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан нь хууль зөрчөөгүй гэж үзжээ. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталсан ба 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Монгол Улсын Албан ёсны хэвлэл болох “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/1070/ дугаарт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” хэвлэгдэн олон нийтэд мэдээлэгдсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.4 дэх хэсгийн “30” гэснийг “15” гэж ... өөрчилсүгэй.” гэж хугацааны өөрчлөлтийг хуульчилсан байна.

23.  Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор аливаа тендерийн хүчинтэй хугацааг нэг удаа 15 хоногоор сунгахаар хуульчлан дагаж мөрдөхөөр байхад хуулийн өөрчилсөн заалтын өмнөх хугацааг үндэслэн 30 хоногоор тендерийн хүчинтэй хугацааг сунгасан нь хууль хэрэглээний хувьд маш ноцтой зөрчил болсон.

24.  Тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” /Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэж заажээ. Энэ зүйлд заасан “30” хоног өмнө “45” гэж байсан ба мөн Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн... 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн “45” гэснийг “30” гэж... өөрчилсүгэй.” гэж заасан. Тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр нээсэн. Энэ өдрөөс хойш өмнө үйлчилж байсан 45 хоногийг тооцож үзэхэд 45 дахь хоног нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бөгөөд энэ өдрийг дуусталх тендер хүчинтэй байсан.

25.  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03/2202 тоот албан бичигт “Тендерийн хуулийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг сунгаж өгнө үү”-ийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна. Энэхүү хүсэлтийг үндэслэн Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргын “Хугацаа сунгах тухай” албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх тендерийн хүчинтэй байх хугацааг тус тус 30 хоногоор сунгаж байна”  гэж Барилга, хот байгуулалтын яаманд хариу өгсөн байна. Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон үеэс харилцаа үүссэн, түүнд хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанд хариу өгч тендер хүчинтэй хугацааг сунгах харилцаа дуусжээ.

26.  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг шүүх хэрэглэхгүй,хууль зүйн үндэслэлийг заахгүй илт нэг талыг барьж шийдвэрлээд байгаа, хуулийг дагаж мөрдөх болон нотлох баримт үнэлэх үүргээ илт ноцтой зөрчсөн, шүүхийн шударга бус ажиллагааг таслан зогсоож өгөхийг Монгол Улсын Дээд шүүхээс хүсэж байна.

27.  Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

28.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

29.  Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарласан “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч “А” ХХК болон гуравдагч этгээд “З” ХХК-ууд оролцож, тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар Хурлын шийдвэрээр нэхэмжлэгч компанийг шалгаруулсан, гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор Сангийн яам уг шийдвэрийг хянаж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 тоот албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх”-ийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж, гуравдагч этгээдийг шалгаруулсан, ингэхдээ “ерөнхий инженер B-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажил 3 сая ам.доллараас багагүй байх шалгуур үзүүлэлтийг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, нэхэмжлэгчээс “гэрэлтүүлэг болон бусад хийж гүйцэтгэсэн ажил үнийн дүн 3 сая ам.долларт хүрч байгаа, ерөнхий инженерийн ажлын туршлагын талаарх мэдээллийг хүргүүлсэн, холбогдох сертификатуудаар нотлогдоно” гэж маргажээ.

30.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээллээр санхүүгийн чадавхийг нотолно” гэж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн ТОӨЗ 6.3 (а)-д “2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалт хамгийн багадаа 50 хувь байх ба нийт мөнгөн дүн дунджаар 3 сая америк доллараас багагүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд “хийж гүйцэтгэсэн ажил” гэдгийг тухайн тендер шалгаруулалтаар зарлагдсан ажилтай ижил төсөөтэй ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн байхыг ойлгохоор байна.

31.  Нэхэмжлэгчийн тухайд тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх баримтуудаас үзвэл,  гэрэлтүүлгийн чиглэлтэй холбоотойгоор 2016 онд Штокерау хотын захиргаа-527,945 евро, Цөберн хотын захиргаа-74,776 евро, Алтхофен хотын захиргаа-170,202 евро, Перницийн захиргаа-215,786 евро, нийт 988,709 евро /1 сая орчим евро/-гийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэсэн, бусад хийж гүйцэтгэсэн ажил нь гэрэлтүүлгийн чиглэлтэй холбоогүй,  ямар ажил гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, гэрэлтүүлгийн чиглэлтэй холбоотой болохыг нотолсон өөр баримт байхгүй байх тул  гэрэлтүүлгийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил 3 сая америк долларт хүрсэн гэж үзэх боломжгүй байна. Иймээс  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “хийж гүйцэтгэсэн бүх ажил хамаарна, зөвхөн гэрэлтүүлгийн ажлаар хязгаарлахгүй” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хуулийн дээрх зохицуулалтаар тухайн тендерийн ажилтай ижил төсөөтэй хийж гүйцэтгэсэн ажлыг харгалзан үзэх байх тул Үнэлгээний хорооны татгалзал хууль зөрчөөгүй.

32.  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 (г)-д “Төслийг гүйцэтгэх Ерөнхий инженер нь мэргэшсэн ба түүнээс дээш зэрэгтэй цахилгааны инженер байна. Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байна” гэж заасан, нэхэмжлэгчээс ерөнхий инженерээр B-ийг томилж, түүний товч намтар, паспортын хуулбар, Австри стандарт, Холбооны цахимжуулах ба эдийн засгийн байршлын яам, Австри-Техник хяналтын нийгэмлэг, Холбооны эдийн засаг хөдөлмөрийн яам, Оберварт дүүргийн захиргаа зэрэг байгууллагуудаас олгосон гэрчилгээ, мэдэгдэл, баримт зэргийг хавсаргасан байх боловч эдгээр баримт нь тендерийн баримт бичигт заасан  “олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай” болохыг нотлохгүй, ийм баримт байхгүй байгаа нь уг шаардлагыг хангахгүй байна.

33.  Дээрхээс дүгнэвэл тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 (а) болон 6.3(г)-д заасан шаардлагыг нэхэмжлэгч компани хангахгүй байгаа нь тухайн компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нийцсэн, нэгэнт шаардлага хангахгүй байгаа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах боломжгүй, тендерийн шалгуурыг хангасны эцэст нэхэмжлэгчид гэрээ байгуулахыг шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн “бүх нөхцөлийг хангасан тендерийн материал хүргүүлсэн байхад үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан” гэх гомдол үндэслэлгүй.

34.  Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 тоот албан бичгээр гуравдагч этгээдийн гомдлыг хянан үзэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдийн Сангийн яаманд хандаж гаргасан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гомдол хуулийн шаардлага хангаагүй, хэн гаргасан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлал байхгүй, гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлоор шийдвэрлэсэн” гэж маргажээ.

35.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт зааснаар тендерт оролцогч нь Сангийн яаманд гомдол гаргах, Сангийн яам нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй, тухайн тохиолдолд гуравдагч этгээдийн Сангийн яаманд гаргасан гомдолд гарын үсгийн тайлал байхгүй, тухайн компанид ямар албан тушаал эрхэлдэг этгээд болох тухай мэдээлэл байхгүй байгаа боловч энэ нь гуравдагч этгээдийн “гомдол гаргасан” үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй, гуравдагч этгээдийн тухайд хүсэл зоригоо илэрхийлж, тендерт оролцогчийн эрхээ эдэлсэн нь нэхэмжлэгчид энэ асуудлаар маргах эрхийг үүсгэхгүй юм.

36.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох урьдчилсан зохицуулалттай, энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиргааны шийдвэр хууль зөрчөөгүй буюу нэхэмжлэгч өөрөө тендерийн шаардлагад нийцээгүй баримт ирүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зураг төслийн тусгай зөвшөөрлийг тендер нээхээс хэдхэн хоногийн өмнө авсан, санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулаагүй, сүүлд нөхөж өгсөн, Р банкны тодорхойлолтод “судалж үзээд зээл олгох боломжтой” гэж тодорхойлсон нь тендерийн шаардлага хангахгүй байсан” гэх зэрэг гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

37.  Нэхэмжлэгчийн “хуульд өөрчлөлт орсноор тендерийн хүчинтэй хугацааг нэг удаа 15 хоногоор сунгах байхад 30 хоногоор сунгасан” гомдлын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан, тухайн хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, “30” хоног гэснийг “15” хоног гэж өөрчилсөн, уг заалт 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн байхад  Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6-1/4004 тоот албан бичгээр тендерийн хугацааг 30 хоногоор сунгасан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй боловч тухайн үед нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй, тендер шалгаруулалт явагдаж дууссан, Үнэлгээний хороо эрх бүхий этгээдийн гаргасан хугацаа сунгасан шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд тендер шалгаруулалтыг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

38.  Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 664 дүгээр дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХТУЯА

                                   ШҮҮГЧ                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ