Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-20
Дугаар 35
Хэргийн индекс 128/2018/0618/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Б.Мөнхтуяа,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.5 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин Зайсан толгой уулын энгэр налуу хэсэгт аялал  жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.

4. Тусгай хамгаалалтай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж            заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар “Э” ХХК-ний газар ашиглах эрхийг Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг гол үндэслэл болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчин Зайсангийн аманд 0.5 га талбай газрыг аялал жуулчлалын зориулалтаар Зайсан толгойн налуу энгэр байршилд олгосон, Э ХХК-ний аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөсөн төсөл, барилгын эскиз зургаар дархан цаазат Зайсан толгойг ухаж, нурааж төслөө хэрэгжүүлэх нь тодорхой тул нийтийн эрх ашиг, дархан цаазат газар буюу байгаль экологи хамгаалах зорилгоор дуусгавар болгосон.

6. Анхан болон давах шатны шүүх анх газар ашиглах эрх олгосон А/220 дугаар тушаалыг хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу юм.

7. Анх олгосон тушаалаар хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгох ёсгүй байтал олгосноор тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үзэл баримтлал, зорилго, дархан цаазат газрыг хамгаалах дэглэм зөрчигдөж байгаль экологид хохирол учрах болсон бөгөөд мөн хуулийн зорилгод дархан цаазат газрыг зөрчсөний дараа, уулыг ухаж нураасны хойно хариуцлага тооцох, дуусгавар болгох биш урьдчилан хамгаалах сэргийлэх юм.

8. Иймд хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9.    Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10.  Маргаан бүхий тушаалаар “Зайсан толгойг нурааж, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгчээс “уул нураасан, уулын төлөв байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа явуулаагүй, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэж маргажээ.

11.  Хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид олгосон 0.5 га газар нь Зайсан толгойн зүүн энгэрт, налуу хэсэгт байршилтай газар болох нь тогтоогдсон байна.

12.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах, зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглосон буюу нэгэнт газрын байдал налуу байршилтай тул тухайн газрыг зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй тул нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

13.  Нэхэмжлэгчийн “газарт байшин барихгүйгээр, газрыг ухахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой, уулын авиралт, аялал зохион байгуулах замаар ашиглах” тухай тайлбарыг гаргаж байгаа боловч энэ асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох судалгаа, баримтыг үндэслэн шийдвэрлэх байна.

14.  Түүнчлэн нэхэмжлэгчээс “газар ухах зэргээр байгалийн унаган төрхийг алдагдуулсан зөрчил гаргаагүй” гэж маргаж байгаа боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, энэ дагуу “Зайсан толгойн энгэрт, налуу газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон” нь хэрэгжих боломжгүй шийдвэр байсан тул уг алдааг засч, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул нэхэмжлэгчээс заавал зөрчил гаргасан байхыг шаардахгүй.

15.  Харин захиргааны байгууллага нь ийнхүү алдаатай шийдвэр гаргасныхаа үр дагаврыг өөрөө хариуцах, тухайлбал, газар ашиглах эрхийг олж авахад төлбөр төлсөн бол захиргааны байгууллага буцаан өгөх үүрэгтэй. 

16.  Нэхэмжлэгчээс “Зайсан толгойн ард хэсгийг ухаад олон давхар байшин барьсан зогсоох арга хэмжээ аваагүй хирнээ манай компанид болохоор ялгавартай хандаж, тэгш бус хандсан” гэж маргаж байх бөгөөд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүйгээр маргааны бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах цар хүрээтэй, энэ хэргийн үйл баримт нь өөр бусад хуулийн этгээд ямар үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоогүй, иймээс захиргааны байгууллагад өөрт нь хандаж, шийдвэрлүүлэх асуудал байна.

17.  Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2018 оны 3 сард хүчингүй болгосон байхад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгчтэй “Газар ашиглах” гэрээ байгуулсан /дүүргийн Засаг дарга гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй/ нь илэрхий алдаатай, гэвч захиргааны байгууллагын энэхүү алдаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх үндэслэл болж чадахгүй, газар ашиглуулах тушаал хүчингүй болсон байхад газар ашиглах гэрээ байгуулагдах боломжгүй юм. 

18.  “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд усны нөөц бохирдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий иргэн аж ахуй нэгж, байгууллагын жагсаалтад “Э” ХХК багтаагүй” гэх гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг заасан бөгөөд газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Хамгаалалтын захиргааны санал заавал авсан байхыг шаардахгүй.

19.  Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралгүй, маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй, усны хамгаалалтын бүсийн асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, “...тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг болон уул нураах эрсдэлтэй гэж буй үндэслэлээ хангалттай тогтоогоогүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулах эрсдэл үүссэн байхад хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.

20.  Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 624 дүгээр магадлалыг хүчингүй болгож,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХТУЯА

                                     ШҮҮГЧ                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ