Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-25
Дугаар 9
Хэргийн индекс 114/2019/0006/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Д” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Д” ХХК-ийн гомдолтой,

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                       Г.Банзрагч,

                                                                 Б.Мөнхтуяа,

                                                                 Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                             П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:             Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0552 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК нь татварт 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шаардлагаас хэсэгчлэн 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Д”ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 57,978,027.30 төгрөг, торгууль 17,393,408.20 төгрөг, алданги 18,526,117.20 төгрөг, нийт 93,897,552.70 төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0552 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д Нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд татварын тайландаа тусгаагүй орхисон” гэжээ. Манай компанийн 2016 оны 01, 03 дугаар сарын тайлан, “М г э и” ХХК-ийн 2015 оны 12, 2016 оны 01, 03 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, “Д” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн нэгтгэл зэргээр тогтоогдож байгаа.

4. Хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд татварын тайланг багасгаж тусгасан эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон хасагдах зүйлийн үндэслэлгүй өсгөсөн” гэжээ. Хэргийн материалд дээрх зөрчил нь нотлогдоогүй, “Д” ХХК ийм зөрчил гаргаагүй.

5. Мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4-д “хуулийн этгээдийн нэр хаяг тамга тэмдэг данс улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл зөвшөөрөл эд хөрөнгө баримт бичгийг бусдад шилжүүлсэн эсхүл ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь манай компанид ямарч хамааралгүй.

6. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот зэргийг үндэслэн буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тус эрүүгийн хэрэг маргаанд “Д” ХХК-ийг буруутган шалгаагүй, тус хэрэгт сэжигтэн гэрчээр байцаалт аваагүй, 8 ш падаан хий бичилттэй эсэхийг тогтоогоогүй байхад шууд буруутгаж байгаа нь хууль бус юм.

7. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Дархан-Уул аймгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 шийтгэлийн хуудсаар “хий бичилттэй падаан ашиглаж, татвар ногдох орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр 95,446,937 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийсэн нь баримтаар тогтоогдсон, нөгөө компани хий бичилт хийснийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй, эрүүгийн журмаар шалгах ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй, нэхэмжлэгчийг буруутгаагүй” гэж, хариуцагчаас “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийгээгүй болох нь эрүүгийн журмаар шалган тогтоогдсон” гэж тус тус маргажээ.

10.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015 оны 12 дугаар сарын 15, 16, 2016 оны 1 дүгээр сарын 27, 28, 30-н зэрэг өдрүүдэд “М г э и” ХХК болон “Д” ХХК-иас “бараа материал худалдан авсан” гэх  боловч уг худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй, кассын ордер, зарлагын баримтууд нь дугааргүй, кассын нярвын гарын үсэггүй зэргээр шаардлага хангаагүй, бараа, материалын тайлан хөтлөөгүй, дээрх 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол, хий бичилттэй борлуулалтын судалгаа, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

11.  Шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг хэн нэгнээс бараа, материал худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин “М г э и” ХХК,  “Д” ХХК-иас бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй гэж үзэж, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн тухай давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

12.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч болон худалдагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

13.  Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “М г э и” ХХК,  “Д” ХХК-иас “бараа материал худалдан авсан” гэх боловч уг худалдан авалтын нөгөө тал болох дээрх хоёр компани нь дугаар бүхий 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт бичсэн, бодитоор худалдаа хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул уг худалдан авалтыг бодитоор хийгдсэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн “нөгөө компани санхүүгийн ямар баримт бүрдүүлснийг мэдэх боломжгүй, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаанд оролцоогүй” тухай гомдлыг хангах боломжгүй.

14.  Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, 8 падаан хий бичилттэй эсэхийг тодорхой тогтоогоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, бараа материал худалдсан болон худалдан авагч талууд өөр өөр тайлбар гаргасан, зөрүүтэй буюу худалдсан тал болох  “М г э и” ХХК,  “Д” ХХК-иас борлуулалтыг бодитоор хийгээгүй болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон байхад уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн, эргэлзээгүй үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна.

15.  Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0552 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ