Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-23
Дугаар 6
Хэргийн индекс 128/2019/0148/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “С м м” ХХК
Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“С м м” ХХК-ийн гомдолтой,

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн

улсын ахлах байцаагчид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                            Г.Банзрагч,

                                                        Б.Мөнхтуяа,

                                                        Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4-т тус тус заасныг баримтлан “С м м”ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө барааны тэмдэг нь төсөөтэй эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар шүүх нэхэмжлэгчийг бусдын барааны тэмдгийг төсөөтэй ашигласан, үүнээс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна гэж, давж заалдах шатны шүүх төсөөтэй болох нь илт тогтоогдож байна гэж үзсэн. Ямар хууль зүйн болон бодит үндэслэлээр төсөөтэй гэдгийг тогтоож, хэрэглэгчид хэрхэн төөрөгдөлд орсон нь тодорхойгүй.

4. Угтаа бол нэхэмжлэгч нь “М м” ХХК-ийн барааны тэмдгээс үг, өнгө, дүрсийн хувьд ялгаатай барааны тэмдэг /лого/ ашигласан болохоос бус төсөөтэй барааны тэмдэг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдүүлж ашиг олох зорилго агуулаагүй.

5. Анхан шатны шүүх “ .... хэрэгт авагдсан зөрчлийн хэргээс үзэхэд “С м м”ХХК-ийн төлөөллийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь, шийтгэлийн хуудастай Ж.Б танилцсан болох нь, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-өөс мэдүүлэг авсан болох нь, холбогдогчоос мэдүүлэг авсан болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй” гэж, давж заалдах шатны шүүх “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж.Б-ийг оролцуулж, мэдүүлэг авахдаа хариуцагч нь түүнд зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан ... тул Ж.Б-ийг “С м м”ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж тус тус дүгнэсэн.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар “холбогдогч” гэж хэнийг ойлгох, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, улмаар хүсэлт, гомдол гаргах зэрэг эрхийг эдлүүлэхтэй холбоотой шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй мэтээр Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Гомдол гаргагч “С м м”ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “М м” ХХК-ийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан” гэх үндэслэлээр 3,000,000 /гурван сая/ төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

10.  Хариуцагчаас “хуулиар хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил дүрс, хэлбэр бүхий тэмдэг ашигласан, хэрэглэгчид андуурахаар байгаа, үгэнд эрхийн хамгаалалт хийхгүй, зөвхөн “М” үсэг бүхий логонд эрхийн хамгаалалт хийсэн” гэж,  гомдол гаргагчаас “манай барааны тэмдгийн лого дүрслэл болон үг үсэг өөр, ялгаатай, “М м” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

11.  Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1-т “барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх онцгой эрхтэй” гэж маргааны үйл баримтыг зохицуулсан байна.

12.  Энэ тохиолдолд, “М м” ХХК нь өөрийн бараа, үйлчилгээг бусдад таниулах зорилгоор барааны тэмдэг бүтээж, уг тэмдгийг оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх онцгой эрхтэй болсон, харин гомдол гаргагчийн ашиглаж байгаа барааны тэмдэг нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, “М м” ХХК-ийн барааны тэмдгээс ялгагдах шинжгүй, ижил өнгөтэй, “М” үсэг бүхий цасан ширхэгтэй, дүрс ижил зэргээр хэрэглэгчдийг төөрүүлэх шинжтэй, үгийн хувьд “Мах маркет”, “С м м”гэсэн байгааг “бусдаас ялгагдах онцгой шинжтэй, шинэлэг, өвөрмөц” гэж үзэхгүй.

13.  Иймээс гомдол гаргагчийн “ялгаатай эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд дүгнэгдэх бүрэн боломжтой, тусгай мэдлэг шаардагдах асуудал биш байна. Учир нь барааны тэмдгийн үндсэн шинж нь бусдаас ялгагдах илэрхий чадвар бөгөөд энэ нь хэн ч харсан “ялгаатай” гэж ойлгогдох, ижил төсөөтэй шинжгүй байх үндсэн зарчимтай.

14.  Гомдол гаргагчийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй, шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдаанд “2018 оны 12 сарын сүүлээр Оюуны өмчийн газраас дуудаж, “бусдын барааны тэмдгийг ашиглаж байна” гэж хэлсэн, “эрхээ эдлэе” гэхэд “дахин ир” гэсэн, үүний дагуу 12 сарын 26-ны өдөр би өмгөөлөгч гэсэн статусаар очсон” гэж тайлбарлаж байсан тул хариуцагчийг “шууд шийтгэлийн хуудас гардуулсан” гэж буруутгах үндэслэлгүй, зөрчил шалгах ажиллагааны журам зөрчөөгүй байна.

15.  Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2019/0586 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С м м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ