Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-20
Дугаар 34
Хэргийн индекс 128/2018/1051/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч И ТББ
Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд О ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“И” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын

албанд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа,

            Шүүгчид:                       Г.Банзрагч,

                                                  Д.Мөнхтуяа,

                                                  Ч.Тунгалаг,         

            Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газрын албаны, Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн “О” ХХК-д “нийтийн эзэмшлийн зам талбайг актаар түр ашиглуулах” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, маргаан бүхий газарт холбогдох хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг журмын дагуу нэхэмжлэгчид танилцуулахыг даалгах, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2, 12 дугаар зүйлийн 12.2.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ТББ-ын 1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа “О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах” гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; 2.Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахын даалгах; 3.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын дарга Э.Болорчулуунаас И ТББ-д ирүүлсэн Зам талбай хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох гэсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа О ХХК-д “Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах” гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; гэсэн хэсгийг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 63 дахь хэсгээр О ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ТББ-ын Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 62 дахь хэсгээр ““О” ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн “тогтоох” хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-ны “И” ТББ-д ирүүлсэн “Зам талбай хашаа буулгах” утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуульд нийцэж гараагүй байхад, анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь зөвхөн өөрийн эзэмшлийн бус, нийтийн эдэлбэр газрыг зохих зөвшөөрөлгүйгээр хашсан гэж үзсэн.

4.  Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар нийтийн эдэлбэрийн газар зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байгууламж, хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг, 2 дугаар хавсралтаар ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлыг 2017 оны 3 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулж тайланг танилцуулахыг Засаг даргын орлогчид даалгасан байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн гуравдагч этгээдэд олгосон газраа ашиглах боломж олгох зорилгоор гаргасан захиргааны акт бөгөөд үүнийг хуульд нийцсэн гэж үзсэн нь Газрын тухай хуулийн зарчмыг зөрчсөн.

5.  Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 5-8 д заасан “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нъ үндэслэл бүхий байх, бусдын эрх, хуулъ ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нъ хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг зөрчсөн.

6.  И нь энэхүү газрыг хамгаалах зорилгоор хашсан бөгөөд, эзэмшил газартаа барьсан байшингийн арын хэсгийг гуравдагч этгээдүүд нийслэлийн Засаг даргын олгосон зөвшөөрлийн дагуу байшин барьсан, гуравдагч этгээд нар И-д ямар ч хамааралгүйгээр барилгаа төлөвлөж замгүй болгож, граж болон арын хэсэгт хүрэх цорын ганц гарц, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хашиж хамгаалсан бөгөөд нийтийн зорчих чөлөөтэй боломжийг хаах, хаших ямар нэг зорилго байгаагүй. Гэтэл, Игийн ард байрлах О төв нь мөн л адил нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан хашсан байхад ижил тэгш шударгаар хандалгүй, зөвхөн Игийн үүргийг шалгаж Зам талбай чөлөөлөх мэдэгдэл дангаар өгч байгаа нь шударга биш.

7.  Энэ шалтгааны улмаас И нь Хотын хэсэгчилсэн төлөвлөгөө танилцуулах тухай нэхэмжлэлийн гуравдахь шаардлагаа тавьсан байхад, урьдчилан шийдвэрлэх журмын дагуу газрын албанд хүсэлт, гомдол гаргаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлага нь зайлшгүй 1-р шаардлагатайгаа уялдаж байгаа бөгөөд энэ шаардлагыг хотын захирагчид гаргасан тул төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн болон Захиргааны ерөнхий хуулийн 27.3.3-т заасан “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”-ийг мэдэгдэх буюу танилцуулах, өөрөөр хэлбэл Хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухайн газарт хамаарах хэсгийг заавал танилцуулж байж шийдвэр гаргах үүрэгтэй байна.

8.  Мөн давж заалдах болон анхан шатны шүүхээс Нийслэлийн газрын алба нь, Газрын тухай хуулийн хуулийн 23.3.5-т заасан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхийн дагуу газар зохион байгуулалтын чухам ямар зохион байгуулалт хийсэн үйлдэл байгааг тодруулаагүй, ямар зориулалтаар газар чөлөөлөх ажиллагаа хийж байгааг тодруулаагүй, төлөвлөлтийг нь тодруулаагүй атлаа хуульд нийцсэн үйлдэл гэж үзсэн нь тухайн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

9.  Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргаас гаргасан журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, дур зоргоороо хандсан гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 2 ба 3 дугаар шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10.  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

11.  Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр /тэмдэглэл/ “О” ХХК-д “нийтийн эзэмшлийн зам талбайн 4235 мкв газрыг актаар түр ашиглуулах”-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “нийтийн эзэмшлийн газрыг нийтээр ашиглах болохоос хэн нэгэнд ашиглуулахаар шийдвэрлэх эрхгүй, илт хууль бус шийдвэр гаргасан, Зөвлөлд ийм эрх олгогдоогүй” гэж маргаж байна. 

12.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т “...нийтийн эдэлбэрийн газраас бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “...нийтийн эдэлбэрийн газрыг нийтээр ашиглана” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нийтийн эзэмшлийн газрыг “О” ХХК-д түр ашиглуулахаар шийдвэрлэсэн Зөвлөлийн шийдвэр нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, өөрт олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан, илт хууль бус захиргааны акт мөн байна.

13.  Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй.

14.  Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцах хүсэлтийг “захиргааны байгууллагад гаргаж байсан” гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, бичгийн нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв болжээ.

15.  Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот  мэдэгдлээр  “зохих зөвшөөрөлгүй, эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан” гэх үндэслэлээр “И” ТББ-д зөрчил арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

16.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн бус, нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан болох нь тогтоогдсон, иймээс уг  зөрчлийг арилгуулахаар хариуцагчаас мэдэгдэл хүргүүлсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “энэхүү газрыг хамгаалах зорилгоор хашсан” гэх гомдол үндэслэлгүй.

17.  Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд болон зэргэлдээ орших орон сууцны иргэд нь мөн адил өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн, нийтийн эзэмшлийн газар хашсан байхад зөвхөн манай компанид шаардлага хүргүүлж, бусад аж ахуй нэгжээс зөрчил арилгахыг шаардаагүй, тэгш бус хандсан” гэх гомдлын тухайд: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар нийтийн эдэлбэр газрыг нийтээр ашиглах зарчмын хүрээнд маргаан бүхий газрын ойр орчмын нийтийн эзэмшлийн газрыг бусад аж ахуй нэгжтэй харилцан тохиролцох замаар нийтээр ашиглах байна. Хэрэв бусад аж ахуй нэгжээс нийтийн эзэмшлийн зам талбайг хашсан бол холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.

18.  Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 572 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧ                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ