Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-25
Дугаар 12
Хэргийн индекс 128/2019/0149/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд С ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны

газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст 

холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа   

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийг “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0384 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Г.Г, өмгөөлөгч З.С нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0384 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийг “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2019/0352 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0384 дугаартай магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг үндэслэл болгосон. Өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн хэдий ч энэ агуулгаар маргаагүй. Анхан шатны шүүх Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолын 14, 18, 19, 21, 22, 23, 24 дэх мөр, өгүүлбэрийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

5. Мөн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргажээ. Гэтэл дээрх мөрүүдэд бичигдсэн өгүүлбэрүүд нь “С” ХХК- ийн ирүүлсэн үнийн санал шаардлага хангахгүй байгааг нотлох нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүхийн тогтоолын хянавал хэсэгт тусгагдаагүй, дээрх нотлох баримтыг шаардлага хангасан байна гэж дүгнээгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан журмаар комиссын нарийн бичгийн даргад үүрэгт ажил байхад оролцогч нарыг шалгах эрхтэй байсан мэтээр буруу ташаа дүгнэлт хийсэн нь илт хууль бус байсныг маш тодорхой харуулж байна.

6. Ийнхүү Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын зарим хэсэг шүүгчид нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр хууль, тогтоомжид нийцээгүй дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хууль, тогтоомжид нийцүүлэн хараат бусаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэхээр байна. Нэгэнт сонгон шалгаруулалтын комисст ирсэн баримтыг дээд шүүх тогтоол гаргах замаар, эсхүл илбэдэж өөрчлөх боломжгүйг та бүхэнд удаа дараа хэлж байгаад харамсалтай байна. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт байхгүй. Харин ч бүр эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. 

7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийн талаар тодорхой заасан. Уг хуулийн 47.1.6 дахь хэсэгт “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцэж байхад огт энэ талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд ихэд гомдолтой байна. Хэрэв гуравдагч этгээдийн шаардлага хангаагүй саналыг хүлээн авахаас татгалзан буцаасан бол тухайн шалгаруулалтад манай компани хамгийн өндөр оноог авах байсан нь ойлгомжтой байна. Гэтэл үндэслэлгүйгээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь илт хууль бус захиргааны акт мөн болохыг харуулж байна.

8. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолын хянавал хэсэгт “Сонгон шалгаруулах журмын 7.2.2 дахь хэсэгт зааснаар техникийн саналыг нээх үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. Учир нь шаардлага хангасан тендерийн баримт бичгийг дараагийн шат буюу техникийн саналын үнэлгээ өгөх шатанд оруулах ба нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан байна” гэж дүгнэсэн. Дээд шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэл муутай дүгнэлт байсан. Ийм хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн буруу ташаа дүгнэлт хийж байгаад ихэд гомдолтой байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны байгууллагад хэдий ч хандаж болно гэж заасан байгаатай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэлийг 2018 онд хянан шийдвэрлэсэн үйл баримт бий. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг маргааны үйл баримтад үзлэг хийсэн бөгөөд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.8-д Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, саналын хуудасны нийт тоо, эх хувь эсхүл хуулбар хувийн аль болохыг тодорхой бичсэн байна гэж заасныг зөрчиж “С” ХХК холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог тавилгүй санал ирүүлсэн болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

10. Журмын 5.11 -д “Сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө гэж заасны дагуу “С ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байжээ гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагыг хангаагүй саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байсныг өмнөх нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал дахин “С” ХХК-ийн ирүүлсэн саналд үзлэг хийн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна.

11. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэхээр хуульчилсан. Гэвч хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь тайлбартайгаа зөрүүтэй, цаг хугацааны хувьд зөрчилтэй үйл баримтууд байгаа. Мөн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал түүнийг үгүйсгэн, дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид шийдвэрлэг гэсэн янзтай хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд үл нийцнэ. Нөгөө талаар Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, цаг хугацааны хувьд зөрчилтэй үйл баримт байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэх нь ойлгомжгүй байна.

12. Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б” ХХК нь оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчийн үнэлгээний нэгдсэн дүнгээр манай компани 74.5 оноотойгоор удаах /2 дугаар/ байранд шалгарсан байдаг. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол Төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдгийг мартсан байна. Нэгэнт шүүхээс шийдвэр гарч авах ёсгүй байсан саналыг авч сонгон шалгаруулалтад ялсан болохыг тогтоосон учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус шийдвэр болох нь хэн ч харсан ойлгомжтой байна. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасантай нийцсэн байна.

14. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулах комисст холбогдуулан ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан Сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-ийг шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

15. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: ...54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ...байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 110 дугаар зүйлийн 110.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” тус тус заасан.

17. Нэхэмжлэгч “Б” ХХК өмнө нь шүүхэд “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль, журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр /“С” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 427 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх 2 нэхэмжлэлийг гаргахдаа, ижил үндэслэлээр буюу сонгон шалгаруулалтаар гуравдагч этгээд “С” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгарсанд тооцохыг даалгах үндэслэлээр маргажээ. 

18. Тодруулбал, дээрх байдлаар нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар маргаж дахин нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, улмаар хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн байна.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг үндэслэл болгосон. Өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн хэдий ч энэ агуулгаар маргаагүй. Анхан шатны шүүх Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн 408 дугаартай тогтоолын 14, 18, 19, 21, 22, 23, 24 дэх мөр, өгүүлбэрийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. ...Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүхийн тогтоолын хянавал хэсэгт тусгагдаагүй, дээрх нотлох баримтыг шаардлага хангасан байна гэж дүгнээгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

20. Учир нь, нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлээр, “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн үндэслэлээр, Сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, тус комиссын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган, Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаатай маргасан бол, өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч мөн л Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслэн “С” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 3 шатны шүүх шийдвэрлэж, шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд нэхэмжлэгчийн “өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн хэдий ч энэ агуулгаар маргаагүй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй бөгөөд хяналтын шатны шүүхээс, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн асуудлаар дахин дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

21. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА