Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-25
Дугаар 11
Хэргийн индекс 128/2018/0728/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

  “М” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

  улсын байцаагч нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

           Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 588 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч М.Б, хариуцагч Т.Б, Д.Д нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 588 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 588 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Хариуцагчаас гомдол гаргагч “М” ХХК-ийн гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, “М” ХХК, “Н” ХХК болон “С” ХХК нарыг холбогдогчоор татаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заагаад 3.2.1-т “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсны дагуу “М” ХХК-ийг хохирогч, “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-ийг холбогдогч гэж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн атлаа хохирогчид шийтгэл оногдуулсан байгаа нь хууль хэрэгжүүлэгч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж үзнэ.

5. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 77 дугаар тогтоол, Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны хугацааг сунгах тухай санал, Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэгт хохирогч “М” ХХК, холбогдогч “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК гэж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгосон байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримт буюу 1802000242 дугаар Зөрчлийн хэргийн хувийн хэргээс тодорхой харагдана.

6. Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үйлдсэн холбогдогчид шийтгэл оногдуулах эрх хэмжээг хариуцагчид олгосон болохоос хохирогчид шийтгэл оногдуулах зохицуулалт хуульчлагдаагүй буюу захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоох бөгөөд албан тушаалтны эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд захиргааны актыг хуульд заасан журмыг баримталж гаргах үүрэгтэй байтал шүүхээс хууль хэрэгжүүлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж байгаа нь хууль бус юм.

7. Захиргааны байгууллага албан, тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх гэж заасан зарчмыг баримтлан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээнэ.Энэхүү хуульд үндэслэх зарчим нь төрийн байгууллага, албан тушаалтнаас эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахдаа хуулийг ямар нэг байдлаар зөрчихгүй байх явдлаар хэрэгжих юм.

8. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч нар хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь “М” ХХК-ийн гаргасан зөрчилд холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэж байгаа нь захиргааны байгууллагын дур зоргын, хууль зөрчдөг үйлдлийг өөгшүүлэх бөгөөд шүүхээс энэ мэтчилэн дүгнэсээр байвал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийтгэлийн хуудас гаргах ажиллагааг журамлах шаардлагагүй буюу сөрөг үр дагавар бүхий жишиг тогтоох юм.

9. Хоёр. Нэг зах зээл дээр дээрх компаниуд тохиролцож өрсөлдөөнөө зогсоохыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулах гэж ойлгодог. Энэ нь ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг компаниуд хоорондоо үнэ, тоо хэмжээ, худалдаалах газар нутгийг тохиролцох үйлдэл нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзнэ.

10. Харин “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-иуд нь “М” ХХК-ийн кока кола ундааг Монгол улсын зах зээлд борлуулалт хийж байгаа аж эрхлэгчид буюу Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...“өрсөлдөгч” гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг" гэж заасны дагуу “М” ХХК-ийн бүтээгдэхүүнийг борлуулагчид бөгөөд эдгээр аж ахуй нэгжийн хооронд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 588 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

12. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “М” ХХК-иас ирүүлсэн “...“Э К К” ХХК нь бусад аж ахуйн нэгжүүдтэй үгсэн хуйвалдаж зохиомлоор бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохиролцож, хэрэглэгчдийн худалдан авах сонголтонд хязгаарлалт тогтоож байгаа үйлдэл нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн гомдолд үндэслэн, тус газрын улсын байцаагч нар нь зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, “М” ХХК-ийг “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр, маргаан бүхий 0005529 дүгээр шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн торгуулийн шийтгэл оногдуулжээ.  

13. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; ...гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж, аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

14. Гомдол гаргагч “М” ХХК нь “Э К К” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МСSCC17-05-035 дугаарын “Нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулан, уг гэрээний 3.14-т “Худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэж зааж тохиролцсон байх ба “М” ХХК нь гэрээний энэхүү заалтын дагуу худалдагч талын саналын үнийг баримтлан тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ирсэн нь “Э К К” ХХК-иас, харилцагч “М” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1068 тоот, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 тоот, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 тоот албан бичгүүд, саналын үнийн жагсаалт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл  гомдол гаргагч “М” ХХК болон “Э К К” ХХК-иуд нь “О” сүлжээ дэлгүүрүүдэд “Э К К” ХХК-ийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах жижиглэнгийн үнийг хэлцэн тохирч, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон гэрээ байгуулсан зөрчил гаргасан нь тогтоогджээ.

15. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “М” ХХК-ийг “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” зөрчил гаргасан гэж үзэж, 0005529 дүгээр шийтгэлийн хуудсаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувь буюу 11,955,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна.

16. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“М” ХХК-ийг хохирогч, “Э К К” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-ийг холбогдогч гэж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн атлаа хохирогчид шийтгэл оногдуулж байгаа нь хууль хэрэгжүүлэгч, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж үзнэ” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

17. Учир нь, 1802000242 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалаас үзэхэд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” 33 дугаар тогтоолоор, хэргийн оролцогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Г-г тогтоосон, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэн, мөн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Т.Г-г оролцуулж, түүнд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн зэрэг баримтуудаар “М” ХХК-ийг хохирогчоор оролцуулсан нь үгүйсгэгджээ, иймд энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

18. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 588 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА