Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-07
Дугаар 304
Хэргийн индекс 221/2019/0004/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "З о ө" ХХК
Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“З о ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын

ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг

                                                      Б.Мөнхтуяа

                                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г, Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З о ө” ХХК-ийн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт... Иймд маргаж буй 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагдан мөрдөгдөх байсан хэдий ч уг акт батлагдан гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан, өөрөөр хэлбэл тухайн үед Захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хуулийн зохицуулалтгүй байсан учир уг актыг “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй... гэсэн байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Захиргааны хэм хэмжээний акт”-ын тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг яагаад хууль зөрчөөгүй гэж шүүх үзэж байна вэ. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэгч байгуулах байгууллага болсон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн үед мөрдөгдөж байсан 119 дүгээр тогтоолын утга агуулга, хэмжээ хамаарах заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйл бүгд багтсан бөгөөд цөөхөн заалтын үг үсэг өөрчлөгдсөн тухайлбал “Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд” нийтэлнэ гэсэн заалт “Захиргааны хэм хэмжээний акт” сэтгүүлд нийтэлнэ гэсэн заалтаар солигдсон.

3. Иймд Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй "хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлээгүй Захиргааны хэм хэмжээний акт Засгийн газрын 119 дүгээр тогтоолын 2.5.1, 2.5.2, 2.5.3 дугаар заалт, Захиргааны ерөнхий хууль 67.2, 67.3, 67.4 дүгээр заалтыг зөрчсөн байх ба давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ хариуцагч талын зөвтгөх талыг бариад нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж аж ахуйн нэгжийн эрх ашгийг хэрхэн зөрчсөн талаас нь дүгнэлт гаргаад ямар хуулийн ямар заалттай хэрхэн тухайн Захиргааны хэм хэмжээний акт зөрчилдсөн талаар дүгнэлт хийсэнгүй.

4. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 08 дугаар тогтоол “Монгол улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуультай зөрчигдсөн олон заалт орсон талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, дурдаагүй байгаа нь хэрэглэх ёстой хуулийг эс хэрэглэв.

5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл өөрийн удирдах дээд байгууллага Засгийн газрын тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг нэгдүгээр хавсралтаар баталсан, мөн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 83 дугаар тогтоолоор уг 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгож, тус “нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн баталсан, түүнчлэн, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар тогтоолоор уг 83 дугаар тогтоолын 1, 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, “нөхцөл, шаардлага”-ыг дахин шинэчлэн баталжээ.

7. Нэхэмжлэгч “З о ө” ХХК нь дээрх 2016 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.2-т заасныг зөрчсөн, ... хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр дагаж мөрдүүлсэн” гэх үндэслэлээр гаргасан байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, маргааны үйл баримтын талаар “... 8 дугаар тогтоолоор баталсан “нөхцөл, шаардлага”-ыг хүчингүйд тооцсон, одоо 2016 оны 98 дугаар тогтоол хүчинтэй мөрдөгдөж байгаа нь тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч эрх зүйн үйлчлэлгүй болсон хэм хэмжээний актыг шүүхээс хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх хуулийн боломжгүй байхад хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэстэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн хяналтын журмаар гаргасан “... шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлнэ үү” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

9. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэсэн нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актын талаар бөгөөд энэ тохиолдлын хувьд нэгэнт хүчингүй болсон, нэхэмжлэгчид эрх зүйн нөлөөлөл үзүүлэхгүй байгаа 08 дугаар тогтоолоор батлагдсан “Нөхцөл, шаардлага”-ыг улсын нэгдсэн бүртгэлд “бүртгүүлэлгүй”-гээр дагаж мөрдүүлсэн гэх үндэслэлээр шүүх хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм.

10. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь “... ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэхэд илүү бичиг баримт шаардсан нөхцөл шаардлагыг 08 дугаар тогтоолоор тогтоож Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн, ... 08 дугаар тогтоолыг хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр дагаж мөрдүүлсэн” гэж маргасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, уг 08 дугаар тогтоолыг мөрдөж байх хугацаанд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “З о ө” ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заасан үйл ажиллагаануудыг эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байх ба “бүртгэгдээгүй” гэх уг нөхцөл шаардлага нь нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж үзэхээргүй байна.

11. Иймд, эрх бүхий этгээдээс хүчингүй болгож, эрх зүйн ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй хэм хэмжээний актыг /маргааны зүйл байхгүй/ улсын нэгдсэн бүртгэлд “бүртгүүлээгүй” гэдгээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэрийг шүүхээс гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “З о ө” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

12. Хяналтын шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... давж заалдах шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хэрхэн зөрчиж байгаа талаас нь дүгнээгүй, хэм хэмжээний акт хууль хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийсэнгүй” гэх гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “З о ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “З о ө” ХХК-ийн гаргасан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, завсар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                          Ч.ТУНГАЛАГ