Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-18
Дугаар 435
Хэргийн индекс 114/2019/0004/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "Б ж" ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Д.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Б ж” ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул

 аймгийн Татварын хэлтсийн хяналт

шалгалтын улсын байцаагч Б.Байгалмаа,

Д.Б нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                            Б.Мөнхтуяа

                            П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаар “шийтгэлийн хуудас”-ын 1 дэх заалтаар оногдуулсан 5,503,974.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0529 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Б ж” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 5,503,947.60 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0529 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Буянхишиг, Б.Байгалмаа нарын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 5,503,947.60 төгрөгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Д.Б, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Б ж” ХХК-д холбогдох 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,503,947.60 төлбөрт хамаарах зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар 3Үйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул уг зөрчлийг “хялбаршуулсан журам”- зар шийдвэрлэсэн. /ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10-3/827 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018.03.15-ны өдрийн 58 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018.01.22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтийн хавсралт нэгтгэл №1, 2, 3, 6, сэжигтний мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон/

4. Эрх бүхий албан тушаалтны зүгээс илэрсэн зөрчлийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан “хялбаршуулсан журам”-аар шийдвэрлэн хяналтын прокуророор хянуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан ...шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 5,503,947.60 төгрөгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “зөрчил үйлдсэн нь ил тодорхой ... зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” байхад буруу тайлбарлаж 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хамааруулан хэрэглэсэн. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Анхан шатны шүүх, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 14.5 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, гомдол гаргагч нь маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 2 ширхэг падаанаар тодорхойлогдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагчид төлсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад “... тухайн үед ямар нэгэн татварын зөрчил гаргаагүй болох нь ... татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 190021677 дугаар актаар нотлогдож байна” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, улмаар “... “М г э и” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад шилжүүлж ашиглуулсан нь тус компанийн буруутай үйл ажиллагаа, ... 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй эсэхийг тодорхой тогтоогоогүй” гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэн, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

7. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “... холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл бий болоогүй байхад ... зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, дээрх байдлаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

8. Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Буянхишиг, Б.Байгалмаа нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгүүд, хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэн “М г э и” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэсэн үйл баримтад холбогдуулан “Б ж” ХХК-ийн 2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн, 2017 оны байдалд бүрэн шалгалт хийж, “М г э и” ХХК-иас цахимаар татварын шивэлт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 431242811 дүгээр падаанаар тодорхойлсон 10,000,000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 582828586 дугаар падаанаар тодорхойлсон 26,363,636.36 төгрөгийн худалдан авалтыг тус тус 2016 оны 8, 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, тайлагнасныг тогтоосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Шалгалтаар, гомдол гаргагч “Б ж” ХХК нь уг 2 ширхэг падаанаар тодорхойлогдох нийт 36,363,636.36 төгрөгийн дүн бүхий бараа материалыг “М г э и” ХХК-иас бодитойгоор худалдан аваагүй зөрчил илэрсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчоор тогтоогдсон “Б ж” ХХК-ийн захирал С.Ундрага нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааны талаар “... урдаас ачуулж, бараа тээвэрлэж байгаа жолоочоос бичүүлж авсан /Монгол гранд эйнжил инвест компанийн ажилтнууд гэх/, ... баримт бүрдүүлж өгснөөрөө тус компани нь хариуцлага хүлээх ёстой” гэх зэргээр мэдүүлжээ.

10. Түүнчлэн, зөрчлийн материалд авагдсан татварын шалгалт хийх үндэслэл болсон баримтуудаас үзэхэд, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “М г э и” ХХК-ийн захирал Р.Б-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба үүгээр “нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулаагүй атлаа бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн” нь тогтоогдсон, эдгээр аж ахуйн нэгжүүдийн дотор “Б ж” ХХК байна.

11. Зөрчлийн хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14 дүгээр зүйлийн 14.4-т “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд, маргааны бүхий 2 ширхэг падаан “хий бичилттэй” болохыг тогтоогдсон энэ тохиолдлын хувьд “Б ж” ХХК нь уг падаанаар тодорхойлогдсон худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасныг зөрчсөн байна.

12. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлүүдийг заасан, үүний 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсэн үндэслэлээр энэ зөрчлийг татварын улсын байцаагч нар шийдвэрлэсэн ба эрх бүхий байгууллагаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээлэл, үүнд холбогдох “эрүүгийн журмаар” шалгаж тогтоосон нөхцөл байдалд үндэслэн татварын хяналт шалгалт явуулснаар зөрчил “ил тодорхой үйлдэгдсэн”-ийг тогтоожээ.

13. Иймээс, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байхад давж заалдах шатны шүүх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлүүдийн “аль нэг нь” тогтоогдсон байх хуулийн агуулгыг буруу тайлбарлаж, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэх үндэслэлийг давхар шаардаж, улмаар “зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх дүгнэлтээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

14. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Д.Б, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарын хяналтын журмаар “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0529 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 1.4 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.4, 14.5-д заасныг тус тус баримтлан “Б ж” ХХК-ийн гаргасан “Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 дугаар “шийтгэлийн хуудас”-ын 1 дэх заалтаар оногдуулсан 5,503,974.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ