Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-16
Дугаар 424
Хэргийн индекс 128/2019/0048/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Х.Д, С.Б
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Ц
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 Х.Д, С.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

 Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197, 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-2202004835 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0500 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарын нэр дээр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0500 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0500 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Б.Ц би Эд хөрөнгө өмчлөх эрхийн Г-2202004835 дугаартай гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 16 дугаар гудамж 349/6 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691м2 газрыг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аав Ц.Б-өөс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Аав Ц.Б нь уг газрыг 1993 оны 07 сарын 23-аас 2004 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны 06 дугаар сарын 28-нд батлагдан гарсан хуулийн дагуу өөрийн эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,  Нуурын 16 дугаар гудамж 349/6 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691 м2 газрыг өмнөх эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн газар өмчлүүлэх тухай шийдвэрээр 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөн авсан байдаг. Нэхэмжлэгч нар аав Ц.Бөд анх газар эзэмшүүлсэн эзэмшлийг хууль бус гэж маргадаггүй.

5. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны Тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Аж ахуйн хашааг худалдах тухай тогтоол гаргаж тогтоолд хэн хэнд юу юуг худалдаж байгааг тодорхой бичсэн байдаг. /Тус хорооны ажилчин Х овогтой Д, иргэн С овогтой Б нарын гаргасан өргөдөл хүсэлтийг харгалзан үзэж, аж ахуйн хашаа, складын барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58490 төгрөгөөр дээрх хүмүүст худалдахыг зөвшөөрсүгэй/ гэсэн байдаг. Харин МУЗН-гээс газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөөгүй. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна гэж заасан. 1991 онд тухайн газрыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Х.Д, С.Б, Ц.Б нарын хэнийх ч эзэмшил, өмчлөлд байгаагүй. Уг газар нь 1993 онд Ц.Бөд эзэмшүүлэх хүртэл төрийн өмч бөгөөд төрийн эзэмшилд байсан. Нийслэлийн Засаг дарга 2007 оны 03 дугаар захирамжаар Ц.Б-д тус газрыг өмчлүүлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийг үндэслэл болгосон байдаг. Уг захирамж нь 1993 онд Ц.Б-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газар өмчлөх эрх олгосон байдаг.

6. Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох 8 хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-2202004835, 000041883 дугаар гэрчилгээтэй 591 м.кв газрыг өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Цт олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 3496 тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ тодорхой биш ойлгомжгүй. Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар нь Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хууль заасны дагуу нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөн авсан. Дахин үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхгүй. Х.Д-гийн өмчилж буй газартай маргаан бүхий газар нь ямар нэгэн байдлаар давхцаагүй. Нэхэмжлэгч Х.Д-гийн ямар эрх хөндөгдөж байгааг тодруулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй.

7. Дараах үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 221 /МА2019/0500 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8. 2019 оны 01 сарын 03-ны Х.Д, С.Б нараас Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгч Х.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэлд Х.Д-гаас Б.Ц-д олгосон итгэмжлэл хавсаргагдаагүй байсан. Нэхэмжлэл гаргаснаас 4 сарын дараа буюу 2019 оны 05 сарын 09-ний өдөр итгэмжлэл олгогдсон. Мөн нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэл дээр зурсан гарын үсэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зурсан гарын үсэг хоорондоо зөрүүтэй байдаг. Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэлийг буцаах тухай хариуцагчаас хүсэлт гаргасан ч шүүхээс удаа дараа боломж олгож итгэмжлэлээ сольж ир гэсэн шаардлага тавьж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол хэлэлцэх шүүх хуралд С.Б нэхэмжлэлд гарын үсэг зураагүй гэдгээ хэлсэн.

9. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Х.Д-ийн газар эзэмших, өмчлөх эрхийг хөндсөн эсэх: Ц.Б-д өмчлүүлсэн 691 мкв газар нь нэхэмжлэгч Х.Д-ийн газартай ямар ч давхцалгүй, Х.Д нь хуульд заасан эрхийн дагуу нэг удаа газраа үнэгүй өмчилж авсан. Одоо X.Д-ийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй. Түүний газар өмчлөх эрх хэвээр байна. Х.Д нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн миний өмчлөлийн газарт Х.Д-ийн ямар ч хөрөнгө байхгүй.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197, 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-2202004835 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000041883 дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Монголын улаан загалмай нийгэмлэгээс 1991 онд 1051 м.кв газар бүхий, аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58940 төгрөгөөр худалдан авч хамтран эзэмших болсон. ...Гэвч Нийслэлийн Засаг дарга нь бидний, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн доорх газраа өмчлөн авах эрхийг зөрчиж, уг газарт амьдарч байгаагүй Ц.Б-д манай газраас 691 м.кв газрыг өмчлүүлсэн нь хууль бус” гэж маргасан. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаас, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан, шүүх бусад шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

13. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 1051 м.кв газраас, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар Ц.Б, Б.Батбаяр, Б.О, Б.Д, Б.С нарт 493.6 м.кв газрыг, мөн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар Х.Дд 676.58 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар “газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилсөн” гэсэн үндэслэлээр Х.Д-д 360 м.кв газар /349а тоотод/-ыг, Ц.Б нарт 691 м.кв газар /349б тоотод/-ыг өмчлүүлж шийдвэрлэжээ.

14. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл  ажиллагааг сумын газрын  даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зааснаар эрх бүхий Засаг дарга, газрын алба нь газар өмчлүүлэхдээ өргөдөл гаргасан иргэнийг тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоож, түүний өмчлөх газрын заагийг газар дээр нь хянаж тогтоон, газрын мэдээллийн санд оруулах, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байна.

15. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар Х.Д, Ц.Б нарт газар өмчлүүлэхдээ, хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл Ц.Б нь газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн эсэх, уг газар нь бодит байдал дээр бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалгалгүй, нэхэмжлэгч нарын Монголын улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 103 дугаар тогтоолоор худалдан авсан аж ахуйн хашааны доорх 1051 м.кв газраас, 360 м.кв газрыг Х.Д-д, 691 м.кв газрыг Ц.Б, Б.Б, Б.О, Б.Д, Б.С нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, түүнчлэн Ц.Б нь дээрх 691 м.кв газрыг бэлэглэлийн гэрээгээр хүү Б.Ц-таа шилжүүлж, Б.Ц нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд мэдүүлснээр маргаан бүхий газрыг түүний өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

16. Иймд нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Ц-т олгосон өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдэл хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн байна гэж үзлээ.

17. Харин нэхэмжлэгч нарын гаргасан “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349б тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Х.Д, С.Б нар нь улсын бүртгэлийн байгууллагад газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаар мэдүүлэг /холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн/ гаргаагүй тул шүүхээс, хариуцагчид маргаж буй газрын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарт олгохыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна. 

18. Гуравдагч этгээд Б.Ц-ын “...нэхэмжлэлд Х.Дгаас Б.Ц-д олгосон итгэмжлэл хавсаргагдаагүй байсан. ...Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байдаг. ...Ц.Б-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөөр байхад шүүх гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь түүний эрх ашиг сонирхлыг зөрчсөн...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын гаргасан нэхэмжлэлд С.Б болон Х.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэлд Х.Д-гаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Ц-д олгогдсон итгэмжлэл /1хх-ийн 8 талд/ хавсаргагдсан, уг итгэмжлэлд Х.Дг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг олгожээ. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарын маргаж буй газрын өмчлөх эрх Ц.Б-өөс Г.Ц-т шилжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Б.Ц-ыг татан оролцуулж хэргийг шийдвэрлэсэн байна.  

19. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Ц-ын “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0500 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА