Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-16
Дугаар 419
Хэргийн индекс 221/2019/0013/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.У-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр,

нийгмийн хамгааллын яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                              Д.Мөнхтуяа

                             П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтыг хүчингүй болгох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон яг ямар хуулийн ямар заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгтэй ямар үндэслэлээр нийцэхгүй зөрчилдөж байгаа талаарх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаагүй байна.

4. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;” гэсэн заалтыг мөн зөрчсөн гэжээ.

5. Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудас Ийнхүү “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах эрхийг тусгайлан олгосон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн агуулга, зорилгоос давсан, хуулиар хориглоогүй байхад бусад итгэмжлэл бүхий байгууллага энэ талаар дүгнэлт гаргах эрхийг хязгаарлаж, хориглолт тогтоосон шинжтэй байна.” гэжээ. “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам’’-ын 3.6 дахь заалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн ямар агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй талаар шүүх шийдвэртээ тусгаагүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай заагаагүй байна.

6. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв болон итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллах зохицуулалт үйлчилж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн хэмжилт судалгааны дүн, тайланг захиргааны зөвлөлийн хурлаараа хэлэлцэн саналаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, асуудлыг шийдвэрлэдэг.

7. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан хэвийн бус ажлын байрны жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яамны харьяа энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага эрхлэн хариуцаж, ажлын байрны хэмжилт судалгааг хийж гүйцэтгэж буй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцэж байгаа болно.

8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;" гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтад “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана.” гэж заасан нь хориглосон зохицуулалт тусгасан бус бусад хууль тогтоомжтой уялдуулан зохицуулсан зохицуулалт болно.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрийн 13 дугаар хуудасны “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх, ... үндсэн чиг үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага байх бөгөөд ...” гэж дүгнэсэн байтал мөн шийдвэрийн 15 дугаар хуудасны “... Ийнхүү Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтаар тухайлан нэг байгууллага үнэлгээ дүгнэлт гаргахаар заасан нь ..., тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй нийцэхгүй, ... байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж журмын уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв” гэж дүгнэсэн байгаа нь дээрх дүгнэлтүүд бие биенээ үгүйсгэсэн дүгнэлтүүд болсон байна.

10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үндсэн чиг үүрэг байгаа эсэхийг дүгнэхдээ зөвхөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 2.3 дахь заалтаар хязгаарласан нь буруу байна.

11. ХАБЭМТ нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжлийн чиг үүрэгтэй эсэхийг шүүх бүрэн шалгаж тогтоогоогүй өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл болон 32 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг дутуу гүйцэтгэн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрийн 13 дугаар хуудасны “... Хариуцагчаас “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 3.6 дахь заалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар тусгайлан зааж журамлах болсон шаардлага, шалтгаан, хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байна", 15 дугаар хуудасны Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээдээс “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тев хариуцан гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болох”-ыг батлах тайлбар, холбогдох баримт нотолгоог шүүхэд ирүүлээгүй байх тул ...” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хариу тайлбарт “... 2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд “Ажпын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага хийнэ.” гэж заасан байсныг 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.” гэж өөрчлөн найруулсан болно. Ингэснээр тэр үеийн Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв дангаараа ажпын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг байсныг өөрчилж Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлүүлсэн төрийн болон хувийн байгууллагаар хийлгэх боломжтой болсон.

14. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 3.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана.” гэж заасан.

15. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална." гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд Хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллахаар зохицуулж өгсөн байгаа нь Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажиллах эрх нь нээлттэй юм.

16. Дээрх Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /одоогийн/ хийх ба ажил олгогч болон ажилтан өөрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн мэргэжлийн төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагаар хийлгэж болно. гэж хариу тайлбар хүргүүлсэн. Мөн гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт тодорхой дурдсан байгаа болно.

17. “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 2.3 дахь заалтад “Итгэмжлэл бүхий байгууллагуудыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв бүртгэж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хамтран ажиллана.” гэж заасан заалтын хамтран ажиллана” гэсэн хэсгийг орхигдуулж зөвхөн бүртгэх болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар байна гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Энэхүү журам нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт болохын хувьд ХАБЭМТ нь ажпын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхтэй холбоотой харилцаанд оролцохдоо итгэмжлэл бүхий байгууллагуудыг бүртгэж, мэргэжил арга зүйгээр хангахаас гадна тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллах зохицуулалтыг тусгасан зохицуулалт тул “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 2.3 болон 3.6 дэх заалтууд хоорондоо зөрчилдсөн бус харин ч хоорондоо уялдаа холбоотой зохицуулалтууд байна. Үүнийг шүүх буруу дүгнэсэн байна.

18. Нэхэмжлэгч Б.У- өөрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг тогтоолгох талаарх хүсэлтийг бичгээр ХАБЭМТ болон ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад гаргаж байгаагүйг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсээр байтал шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага хийж болох бөгөөд нэхэмжлэгч Б.У- аль ч байгууллагад өөрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх хүсэлт гаргаагүй байна.

19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Б.У- нь “Сүүн цацал трейд” ХХК-д ажиллахаа больсон өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллахгүй байгааг шүүх шийдвэр гаргахдаа үнэлээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг баримталсан байх ч уг хуулийн заалтууд нь тухайн маргааны үйл баримттай хэрхэн нийцэж уялдуулж байгаа талаар үнэлгээ, дүгнэлтийг хийгээгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

20. Гуравдагч этгээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “.. 2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага хийнэ” гэж байсныг 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулан “31.1-д “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ” гэж өөрчлөн найруулсан болно.

21. Мөн “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэлтэй, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ гэж зохицуулж өгсөн. Ингэснээр зөвхөн ХАБЭМТ ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг байсныг өөрчлөн стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн нийт байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхийг бий болгож өгсөн.

22. “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтыг ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана” гэж заасан. ХАБЭМТ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад оруулсан ажил мэргэжлийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үналгээг хийнэ. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт. шинжилгээний төв итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллахыг зохицуулсан зохицуулалт болно.

23. Тодруулбал ХАБЭМТ-ийг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхдээ дангаар ажиллахгүй улсын, мэргэжлийн бусад байгууллагатай хамтарч ажиллахыг үүрэг болгосон дотоод үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт юм

24. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална", “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 3.7-д “Тус төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн хэмжилт судалгааны дүн, тайланг захиргааны зөвлөлийн хурлаараа хэлэлцэн саналаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг ХАБЭМТ хийхээр зохицуулсан зохицуулалт юм.

25. Б.У-гийн ажиллаж байгаа “Сүүнцацал трейд” ХХК болоод бусад байгууллага “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 3.6 дахь заалтаас үл хамааран доорх үндэслэлээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5-д Ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй,

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.4-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр шинээр бий болгох, тухайн ажлын байрны чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.

26. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.5-д Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.1-д заасан итгэмжлэл бүхий байгууллагад ажил олгогч хүсэлт гаргана гэсэн хуулийн хэрэгжилтийг ханган ажилтныхаа зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгэж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд манай төвд хүсэлт ирүүлж байгаагүй байна.

27. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй байхаар хуулийн зохицуулалт байгаа нь "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”- ын 3.6 дахь хэсэгтэй ямар нэг байдлаар хамааралгүй юм.

28. Мөн “Сүүн цацал трейд” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.У-гийн маргаж буй ажлын байр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” -д тусгагдаагүй ажлын байр бөгөөд хөдөлмөр хамгааллын инженерүүдээс Эрчим хүчний салбарын цахилгаан химийн цехүүдийн хөдөлмөр хамгааллын инженерүүд л хамаарагддаг болно.

29. Дээрх жагсаалтад тусгагдаагүй болон нэршил зөрсөн эрсдэлтэй ажлын байранд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэн хууль зүйн үндэслэлтэй зөвлөмж гаргуулан уг дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлтээ өгөх эрх нь нээлттэй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэхээр заасан, хуулийн энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх Б.У-гийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих материаллаг хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

31. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах”-аар заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг батлан мөрдүүлсэн ба уг журмын 3.6-д “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана” гэж журамласан нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

32. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг /ойлгохоор/, 31 дүгээр зүйлийн 31.1-д “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийх”-ээр зааснаас үзвэл, эрх бүхий байгууллагаас тухайн ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг тодорхойлж, үнэлгээ хийх чадвартайг нь тогтоосон бөгөөд үүний үндсэн дээр итгэмжлэл олгогдсон мэргэжлийн байгууллага нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхтэй байна.

33. Гэтэл, маргаан бүхий журмаар тухайн ажил, мэргэжил болон тэтгэвэр тогтоох нөхцөлтэй нь уялдуулан ялгаж, үнэлгээ хийх байгууллагыг шууд нэрлэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /одоогийн нэрээр/-д “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах ажлыг” тусгайлан хариуцуулж, “итгэмжлэл” бүхий эрх бүхий байгууллагын эрхийг хязгаарласан, хориглолт агуулсан хэм хэмжээ тогтоосон нь буруу.

34. Түүнчлэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ” гэж заасан байхад журмын уг зохицуулалтын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхийг авалгүйгээр, үнэлгээ хийх “итгэмжлэл”-тэй эрх бүхий бусад байгууллагатай хамтарч үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар байгаа нь хуулийн зохицуулалтыг давсан бөгөөд хэм хэмжээ шинээр тогтоосон гэж үзэхээр байна.

35. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”-аар, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”-аар, 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”-аар тус тус заасан, эдгээр шаардлагуудыг мөн тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан /2016 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болсон/ “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.7.1-д “Үндсэн хууль болон бусад хууль, ...-/д/ нийцсэн байх”, 1.7.3-т “хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцэж байх”, 1.7.7-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус зааж, журамласан байна.

36. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн тус тус гаргасан “... бусад хууль тогтоомжтой уялдуулсан, хязгаарлалт тогтоогоогүй, дотоод үйл ажиллагааг зохицуулсан” гэх гомдлуудыг хүлээж авах боломжгүй.

37. Түүнчлэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах” гэж ажилтны нийтлэг эрхийг, ажил олгогчийн үүргийн талаар 28 дугаар зүйлийн 28.1.5-д “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх”-ээр, 31 дүгээр зүйлийн 31.2-т “ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэх”-ээр тус тус заасан, нэхэмжлэгч Б.У- нь “Сүүнцацал трейд” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олборлолтын уурхайд орж ажилладаг, ажлын байраа хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөл гэж маргасан, тухайн ажлын байрны “хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай” гэж ажил олгогч үзсэн, энэ тохиолдлын хувьд зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг төвөөр “хөдөлмөрийн нөхцөлийг тогтоолгох”-оор болсон нь итгэмжлэл бүхий бусад эрх бүхий байгууллагаас сонгож, үнэлгээ хийлгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон байна.

38. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд юуг хамааруулж үзэхийг, 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан, нэхэмжлэгч Б.У-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл нь хуульд заасан уг шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн гаргасан “... Б.У- аль ч байгууллагад өөрийн ажлын байрын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, ... Б.У-гийн ямар эрхийг зөрчиж байгаа болон цаашид зөрчиж болзошгүй талаар дүгнээгүй, үнэлээгүй” гэх гомдлуудыг хүлээж авах боломжгүй.

39. Мөн, нэхэмжлэгч Б.У-гийн ажлын байрыг тодорхойлох, шүүхэд нэхэмжлэл гаргах үед ажиллаж байсан ажлаасаа гарсан гэх үйл баримтууд нь энэ маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тайлбарыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

40. Эдгээр үндэслэлээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, гуравдагч этгээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Д нараас гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч, гуравдагч этгээд нараас гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ