Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-23
Дугаар 05
Хэргийн индекс 128/2019/0124/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Н л" ХХК
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Н л” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хороонд

холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Санхгүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 563 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Д.Л нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г-ийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 563 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор 1.1 “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан”, 1.3 “хийсэн үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдий таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгосон.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... хариуцагч давж заалдах гомдолдоо “Н л” ХХК нь “... мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд саад учруулсан” гэх үйлдэл нь “... Шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриапсан” гэх зөрчип гаргасан хэмээн давж заалдах гомдолдоо маргажээ гэж хэрэгт цугларсан нотлох баримтууд, улсын байцаагчийн акт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол зэрэгт байхгүй нөхцлийг өөрсдийн санаачилгаар шинээр гаргаж ирсэн байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зуйлийн 2-т “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байна. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэх хуудасны “олсон” хэсэг буюу холбогдогчийн гаргасан зөрчлийг тодорхойлох хэсэгт “... “Н л” ХХК нь Улсын прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Л.Бадраптын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэж, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг үндэслэн 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

6. Дээрх улсын байцаагчийн шийтгэх хуудасны зөрчил хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүй” гэх үйлдлийн талаар огт дурдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбар, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолд огт байхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын маргаанд огт дурдагдаагүй үндэслэл, түүний шалгахад шаардлагатай нотлох баримтыг авах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

7. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (Шийтгэлийн хуудсыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай) зэрэг баримтуудыг давж заалдах шатны шүүхийг магадлалд дурдсан “мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт гаргаж өгөөгүй” гэх зөрчлийн талаар огт байхгүй болно.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар эүйлийн “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж эаалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах журмаар гомдол огт дурдагдаагүй төдийгүй улсын байцаагчийн шийтгэх хуудаст огт байхгүй үндэслэлийг тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

9. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгт “... анхан шатны шүүх “Новел лиэинг” ХХК-ийн маргаж буй дээрх үндэслэлийг шалгаж, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргасан гэх шалтгаанаар үзлэг хийхээс татгалзсан нь зөрчилд тооцогдох эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй” гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд хариу тайлбартай хамт маргаан бүхий зөрчлийн хэргийн хувийн хэргийг бүгдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнчлэн хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “...”Н л” ХХК нь 300 гаруй зээлдэгчтэй тул холбогдох баримтуудыг байгаа газар нь үзэх боломжгүй авч явж үзнэ” гэж шаардсан болохоо удаа дараа хэлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэл)

11. Манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр компанийн байранд ирж, байгууллага болон үйлчлүүлэгчийн нууц бүхий зээлийн гэрээ бусад холбогдох баримт бичгийг өгөхийг шаардаж, авч явна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэдгээ зохих журмын дагуу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс прокурорын зөвшөөрөл бүхий “үзлэг хийх” ажиллагаанд огт саад учруулаагүй бөгөөд “хураан авах” ажиллагаа хийх гэж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасан журмын “прокурорын зөвшөөрөл”-тэй тохиолдолд хураалгаж болохоо тайлбарласан болно.

12. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс манай компанийн зөрчлийг хэрэг нээсэн тогтоолд гомдол гаргасан гэх үндэслэлээр үзлэг хийхээс татгалзсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хариу таилбар, хоёр шатны шүүхэд амаар гаргасан тайлбар зэргийг буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

13. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 563 дугаар магадлал нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас дүгнээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрийг хэрээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Гомдол гаргагч “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б-ны “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

15. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г-ийн  2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай шийтгэлийн хуудсаар “... зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааны явцад, ... /эрх бүхий этгээдийн/ зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан “Н л” ХХК-ийг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргаж, хянан шийдвэрлэж байх хугацаанд ... манай компанийн байранд үзлэг хийхээр ирсэн ... нь хууль бус, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудал /тул/ ... үзлэг хийлгэхээс татгалзсан нь ... хууль зөрчөөгүй, ... шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Үзлэг хийлгэхээс татгалзаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ил тодорхой саад учруулсан /тул/ ... шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль ... -д нийцсэн” гэж тус тус маргажээ.

16. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулж хийвэл зохих дүгнэлтүүдийг бүрэн хийгээгүй, маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

17. Тухайлбал, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар  “...үзлэг хийхэд саад учруулсан” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан, гомдол гаргагчаас “үзлэг хийлгэхээс татгалзсан” үйл баримттай маргаагүй, харин ийнхүү “татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан, энэ тохиолдолд шүүх зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогчийн “үзлэг хийлгэхээс татгалзах эрх”-ийн талаар дүгнэлт хийх шаардлагатай, түүнчлэн, гомдол гаргагчийн “... Ерөнхий прокурорт гомдол гаргасан байхад ... үзлэг хийхээр ирсэн нь хууль бус” гэх гомдлын үндэслэлд холбогдуулж, “зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу уг хэргийг шалган шийдвэрлэхэд шаардлагатай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийхгүй байх, зогсоох үндэслэл болох эсэхэд дүгнэлт хийх” нь зүйтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

18. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, “Н л” ХХК нь 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн хариуцагч улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 17, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус прокурорт гаргасан гомдолдоо болон 2019 оны 01 дүгээр сарын 18, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан гомдолдоо “... Санхүүгийн зохицуулах хороонд ... /манай/ компанийг шалгах эрх хуулиар олгогдоогүй ... тул аливаа тайлбар, мэдүүлэг өгөхөөс татгалзсан”, “... зөрчлийн хэрэг нээсэн асуудал нь маргаантай байгаа /учраас/... үзлэг хийлгэхээс татгалзсан” үйл баримтуудаа өөрөө тодорхойлсон, үүнийг үндэслэн анхан шатны шүүхийн тодруулбал зохих асуудлуудыг магадлалд тодорхойлсон байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийг магадлалд дурдсан “мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт гаргаж өгөөгүй” гэх зөрчил огт байхгүй, ... бидний зүгээс прокурорын зөвшөөрөл бүхий “үзлэг хийх” ажиллагаанд огт саад учруулаагүй, ... давж заалдах шатны шүүхээс манай компанийн зөрчлийг хэрэг нээсэн тогтоолд гомдол гаргасан гэх үндэслэлээр үзлэг хийхээс татгалзсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хариу таилбар, хоёр шатны шүүхэд амаар гаргасан тайлбар зэргийг буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

19. Иймд, “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 563 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б-ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  “Н л” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА