Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-09
Дугаар 410
Хэргийн индекс 128/2018/0943/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч О.Б
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд З.Б
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

О.Б-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн

мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Б-ийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0397 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг тус тус үндэслэн Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Баясгалантөгөлдөрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0397 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0397 дугаар магадлалыг 9 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч магадлалыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Маргааны гол асуудал болох барилгын өргөтгөлд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А-674 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан ба 2013 оны 10 дугаар сарын 23-нд өргөтгөлөө дуусгаж ашиглалтад оруулж, 2016 оны 10 дугаар сарын 06-нд Нийслэлийн улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг.

5. Гэтэл нэхэмжлэгч эрх ашиг нь хөндөгдсөн хэмээн гомдол гаргаж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зөрчил арилгуулах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 02-07-136/1306 дугаар “Албан шаардлага” гарсан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 06-нд хандсан байгаа нь хугацаатай үүрэг даалгавар өгсөн Албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж холбогдох арга хэмжээ авахгүй байгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүй, дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйтэй холбоотой гомдлоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т заасан шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шаардах эрхээ алдсан байтал шүүх 2018 оны 10 дугаар сарын 31-нд захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнийг давж заалдах шатны шүүх хянан үзсэнгүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан боловч хуульд заасны дагуу сэргээлгэж шүүхэд хандах байтал тийм баримт хэрэгт авагдаагүй байдаг.

6. Магадлалд дурьдагдсан ....шинжээчийн дүгнэлт гаргуулах, ... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт өгсөн. Албан шаардлагыг илт хууль бус шинжтэй хэмээн дүгнэсэн нь тодорхойгүй гэх зэргээр дүгнэлт өгсөн нь бүхэлдээ шүүх гомдлын хүрээнд асуудлыг хянахдаа шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх, биелэгдэх боломжтой байх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хуульд нийцүүлсэн шийдвэрийг гаргаагүй гэж үзэж 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0397 дугаар магадлалыг хүчингүй болгож, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хянан шийдвэрлэж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчид болон гуравдагч этгээд оролцож эрх ашгаа хамгаалж, тэгш мэтгэлцэх боломжийг шүүгчийн туслах санаатай хязгаарлаж оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл хурлын товыг зарлахдаа шүүгчид сургалттай тул үдээс хойш хийх болсон гэж мэдэгдсэн атлаа үдээс өмнө хурлын товыг тавьж хийлгэж нэхэмжлэлийн үндэслэл, факт, гомдлын талаар санал дүгнэлт гаргах боломжийг хязгаарласан.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Баясгалантөгөлдөрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

9. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг гүйцэт цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байхад анхан шатны шүүх энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй нь буруу болсон байна.   

11. Мөн нэхэмжлэгч О.Б-ээс “...З.Баясгалантөгөлдөр нь үйлчилгээний барилгын өргөтгөлийг барихдаа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй, архитектор төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж, өргөтгөлийн барилгын нийт хэмжээг томсгон, барилгажих талбайн координатыг өөрчлөн зүүн тийш 25 м зөөж барьсан, мөн тус өргөтгөл баригдсанаар миний өмчлөлийн байшинд нар тусах боломжгүй болж мөөгөнцөр үүссэн төдийгүй өмчлөлийн байрандаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж маргасан бол, гуравдагч этгээд З.Баясгалантөгөлдөрөөс “...Манай баригдсан өргөтгөлийн барилга иргэн О.Бийн эзэмшлийн барилгын 2 цонхыг хаагаагүй бөгөөд мөөгөнцөртөх шалтгаан болох ямарч үндэслэлгүй. ...Маргаан бүхий барилга нь өргөтгөлөөр баригдсан тул инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, 2 давхар хүртэл, 3600 м.кв эзлэхүүн хүртэлх иргэний барилга гэх ангилалд багтаж байгаа. Тиймээс Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бүх бичиг баримтыг үйлдэн, холбогдох этгээдүүдээр баталгаажуулан ажилласан, инженерийн хангамжууд өөрийн эх үүсвэртэй байсан тул нэмэлт техникийн нөхцөл болон зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй. ...О.Б өргөтгөлийн барилга барьж эхэлснээс, дуусах хүртэл хугацаанд юу ч хэлэлгүй орж гараад явдаг байсан, тухайн үед гомдол санал гаргаж байгаагүй атлаа барьж дуусаад ашиглаж эхэлснээс хойш өргөдөл, гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбар гарган тус тус маргажээ.

12. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбоотой, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

13. Ялангуяа давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийн зөрчлийг тогтооход шаардлагатай ажиллагааг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан гуравдагч этгээдийн барилгын өргөтгөл нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан эсэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх, авах шаардлагагүй гэх үндэслэл болсон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын үйлчлэлд ямар үндэслэлээр хамаарч байгаа зэргийг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж,...” гэснийг анхаарахын зэрэгцээ гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэл болох нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх үндэслэлийг шалгаж дүгнэлт хийх нь зүйтэй болно.

14. Иймд, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд  хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0397 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                         

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА