Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-25
Дугаар 393
Хэргийн индекс 128/2018/0823/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                  Д.Мөнхтуяа,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын ашиглалтын МҮ-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0461 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25, 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын МV-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0461 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийг үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221 /МА2019/0461 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын ашиглалтын МV-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны акт болох 512 дугаар шийдвэр нь уг актын үндэслэл болгосон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн учраас хууль бус шийдвэр болсон тул энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн “... нэхэмжлэгчийн нөөц тогтоогдсон гэх газар нь ... хаана байрлаж байгаа... талаарх баримт байхгүй байхад шүүх хариуцагчийн буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэсэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйлүүдийг нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримттай уялдуулан хэрэглээгүй нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэл бүхий байдлаар магадлан шийдвэрлэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

5. Давж заалдах шатны шүүх “...талбайн байршлын зураг нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй” гэж үзсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас шүүхэд мөн талбайн байршлын зурагнуудыг ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байдаг. Уг нотлох баримтын шаардлага хангасан зургуудаас нэхэмжлэгчийн урьд эзэмшиж байсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу хориглогдсон талбай хамааралгүй буюу үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид буцаан олгоогүй талбай зэрэг нь тодорхой харагдаж байгаа болно. Нэхэмжлэгч нь зөвхөн нөөц бодогдсон талбайн талаар бус харин ма гаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

6. Мөн түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоогүй газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр эзэмшиж байсан талбайг буцаан авах давуу эрхтэй байтал хариуцагч нь хууль, Засгийн газрын тогтоолоор хориглогдоогүй, чөлөөлөгдсөн талбайг нь буцаан өгөхгүй эс үйлдэхүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байгаа тул тэрхүү зөрчигдсөн эрхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргээ хууль ёсоор хэрэгжүүлэн сэргээхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилсэн.

7. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.8, 11.1.23 дахь заалтуудад зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх, тусгай зөвшөөрөлтэй талбай давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү эрх, үүргийн хүрээнд МV-015646 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын тогтоолоор хориглохоо больсон, анх эзэмшиж байсан талбайд нь хамаарч байгаа хэсгийн хэмжээгээр буцааж олгохыг даалгуулахаар тодорхой нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх “...ямар хэмжээгээр буцаан олгох шийдвэр гаргахыг хүсч байгаа нь тодорхой бус” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0461 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасантай нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч: “Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын ашиглалтын МҮ-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан.

12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын ашиглалтын МҮ-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд хэрхэн, яаж өөрчлөлт оруулах байтал хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргаж, 512 дугаар шийдвэрийг гаргасан гэж үзсэн, ямар хэмжээний талбайг буцаан олгуулах шийдвэр гаргуулахыг хүсч байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, үүнээс үүдэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв  байна.

13. Түүнчлэн, нэхэмжлэгч “Б” ХХК-иас “...нөөц нь тогтоогдсон талбай тус компанид буцаан олгож буй талбайн гадна үлдсэн. Бид Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон, хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан авч үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Гэвч захиргааны байгууллага үүргээ дутуу гүйцэтгэж, нэхэмжлэгчид буцаан олгох ёстой байсан талбайг нэмж олгохгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргасан байхад анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг тодруулж, маргаж буй үндэслэлтэй холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ, иймд давж заалдах шатны шүүхийн “...нөөц нь тогтоогдсон гэх талбай нь Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр тогтоосон талбайн хаана нь байрлаж байгаа, уг нөөц бүхий талбай  нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан, усан сан бүхий болон ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцаж байгаа эсэх талаарх нотлох баримтыг цуглуулахгүйгээр, хариуцагчийг буруутган хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” гэсэн дүгнэлт мөн үндэслэл бүхий болжээ.

14. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

15. Иймд, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “...давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0461 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                              ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА