Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-21
Дугаар 326
Хэргийн индекс 116/2018/0004/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн захирал Л.А
Хариуцагч ДА-ийн ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "ДО" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Х” ХХК-ийн захирал Л.А-ны нэхэмжлэлтэй,

ДА-ийн ЗД-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                        Д.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ДА-ийн ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах”

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0337 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Л.А-н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбазар, гуравдагч этгээд “ДО” ХХК-ийн захирал Б.Бат-Орших, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Давааням,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Хөх туг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДА-ийн ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0337 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Л.А-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад олон жил болж байна. Шүүх хэргийг удааж байгаа гол шалтгаан нь гуравдагч этгээд “ДО” ХХК-ийн захирал Д.Бат-Орших түүний өмгөөлөгч нарын хуульд хийгдээгүй шаардлагыг шүүх хүлээн авч үндэслэлгүйгээр хэргийг түдгэлзүүлж, хууль бус шинжээчийн дүгнэлтээр миний үл хөдлөх хөрөнгийг зориуд будлиантуулж хэргийг удаашруулж байсан нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байлаа. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбазар, М.Нямсүрэн нар бол тайлбартаа “Х” ХХК нь үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий тоосгон складын үл хөдлөхийн гэрчилгээг 2005 онд авсан боловч уг барилгын доорх газрыг эзэмшиж аваагүй учраас газрын кадастрын мэдээллийн санд, жижүүрлэлтийн зурагт тэмдэглэгдээгүй талаар удаа дараа мэдүүлдэг. Энэ нь “Х” ХХК-ийн өмч мөн болохыг баталдаг. 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 тоот тушаал, мөн өмч хувьчлалын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн компанийн бүх гишүүдийн хурлын протокол, үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, үндсэн хөрөнгийн дахин үнэлсэн акт зэрэгт дээрх маргаан бүхий өмч нь “Х” ХХК-ийн өмч мөн гэдгийг, мөн жагсаалтын 27 дугаар мөрөнд уг тоосгон складыг 70,000 төгрөгт үнэлсэн, гэрчүүдийн мэдүүлэг бусад шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, дээрх нотлох баримтуудыг үндэслэж энэ маргаан бүхий склад нь “Х” ХХК-ийн өмч болохыг шүүх баримтаар тогтоосон шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч би үнэн зөв гэж үзэж байна. Ер нь гуравдагч этгээд нь миний өмчийг өөрийнхөө гэдгийг баримтаар нотолж чадаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө буруу захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд бид хоёрыг эвлэр гэдгийг анхан шатны шүүх хурал дээр удаа дараа тайлбараа гаргасан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захирамжаа хууль зүйн үндэслэлтэй болохыг аль ч шатанд тайлбарлан нотолж чадаагүй.

4. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Учир нь энэ шийдвэр хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаан тал бүрээс нь бүрэн бодиттой шинжилсний үндсэн дээр гаргасан шийдвэр юм. Ийм учраас анхан шатны шүүх шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх ашгийг хуульд зааснаар хамгаалсан хууль ёсны буюу үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

5. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0337 дугаар магадлал нь нэг талыг барьсан анхан шатны шүүхийн хуульд заасан дүгнэлтийг үгүйсгэсэн шүүгч Д.Батбаатар, Х.Хонинхүү нар нь том дарга нарын нөлөөнд орсон өөрсдийнхөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын талаар гаргасан тогтоол, захирамжаа үгүйсгэж хууль бус магадлал гаргасан гэж үзэж байна.

6. Энэ нь хурал дээр илт харагдсан учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгочхоод тэд нарыг хуралд оруулсан. Тэд нар хуралд ороод гаргасан захирамжийнхаа талаар юу ч ярьж чадахгүй байхад магадлалд тэдний эрх ашгийг хамгаалсан нь буруу гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээдийн төлөөлөгч “ДО” ХХК-ний захирал Д.Бат-Орших, түүний өмгөөлөгч В.Давааням нар өөрсдийнхөө эрх ашиг зөрчигдсөн талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй нөгөө л хууль бус шинжээчийн дүгнэлт, миний 2 өөр үл хөдлөх хөрөнгийг хольж хутгаж яриад хуулийн заалт яриагүй байхад давж заалдах шатны шүүхэд буруу дүгнэлт өгч хэргийг олон жилээр сунжруулж, хойшлуулж, дунд шатны шүүх хүнд суртал гаргаж байна гэж үзэж байна. Энэ хэргийг яагаад удаагаад байгааг ойлгохгүй байна тодорхой хэрэг шүү дээ.

7. Энэ хэргийг давж заалдаж шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн тогтоолоор Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0116 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахсугай гэсэн тогтоол гарч байсан. Энэ гуравдагч этгээд шүүхийн шатанд олон удаа үндэслэлгүй гомдол, хүсэлт гаргаж хэргийг хойшлуулж байсны нэг жишээ юм. Анхан шатны шүүх нь энэ ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсан, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад зөв дүгнэлт өгсөн.

8. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй анхан шатны шүүх нь хууль ёсны буюу үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь ДА-ийн ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн Газрын алба (төрийн захиргааны байгууллага) нягтлан хянаж шаардлага хангаагүй бол энэ талаар үндэслэлийг хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна гэж, мөн хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ гэж заасныг тус тус анхаарч үзэх байжээ гэж шүүх хуульд зааснаар дүгнэсэн гэж үзэж байна.

9. Мөн ДА-ийн ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн заалт нь хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэл бүхий хуулийн заалтыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, утга агуулгын хувьд алдаатай захирамжийг гаргах бодит нөхцөл байдал зөрчлийг шалгаж тогтоогоогүй захиргааны байгууллага газрын гэрчилгээ олгох ёстой боловч үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллагын чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан болох, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна.

10. Хариуцагч нь тухай шийдвэрийг гаргахдаа зориулалт бүхий хуулийн заалтыг буруу хэрэглэж маргаан бүхий захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, нэхэмжлэгч нараас шүүх хурал дээр олон дахин асуулт асууж хамаг цагаа барсан, давж заалдах шатны шүүх, шүүх хурал дээр гомдол гаргах эрхгүй этгээд хууль, эрх ашиг нь зөрчигдөөгүй, гуравдагч этгээд түүний өмгөөлөгч нараас олон дахин асуулт асууж хариулж авчхаад манай өмгөөлөгчийг шүүх хурал дээр яриулаагүй байсан нь нэг талыг барьж хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч би 2018 оны 08 дугаар сарын 10-нд хариу тайлбар гаргаж өгсөн. Гэтэл хоорондоо 1-2 км зайтай 2 өөр объектыг шинжээч нар буруу ойлгож дүгнэлт гаргасан байгаа. Би иргэний хуульд зааснаар маргаан бүхий тоосгон складаа хуулийн дагуу өөрийн зардлаар кадастрын зураг хийлгүүлсэн. Үүнийг аль ч хурал дээр талууд үгүйсгээгүй учир хуульд зүйн дагуу гэж үзэж байна. Энэ маргаан бүхий тоосгон складын барилгыг 1990 оноос эхлэн өмч хувьчлалаар авч одоо хүртэл ашиглаж байна. 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн компанийн бүх гишүүдийн хурлын протокол, үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн акт, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл бусад анхан шатны шүүхэд гаргаж өгсөн номлох баримтаар миний өмч болох нь тогтоогдож байгаа.

11. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэж үзэж байна. Мөн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5, 27.5, 115.5-д зааснаар давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гомдлыг шүүх буцаасан нь зөв гэж үзэж байна.

12. Харин гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуульд зааснаар буцаачхаад хэн нэг хүний нөлөөнд орж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хамгаалсан магадлал гаргасныг буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй. Учир нь гуравдагч этгээд Д.Бат-Орших нь хэрэгт байгаа олон хэмжээ нь зөрүүтэй газраа дахин хэмжүүлж манай тоосгон складын доорх газар түүний орчны газрыг хуульд зааснаар хэмжүүлж захирамжаа хууль ёсны гаргуулахад “ДО" ХХК-ний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй болно.

13. Манай объект, газрыг мэдэхээс илүү сайн мэдэж байгаа. Би өөртэй нь урд нь уулзаж байсан тэгэхэд танай өмч гэдгийг батлаад тодорхойлолт бичээд өгье гэж байсан. Би объектоо зарна гэхэд худалдаж авъя гэж ярьж байсан. Гэтэл одоо болохоор минийх гээд огт худал яриад байгааг би ойлгохгүй байна. Олон жил хөрш явлаа гэрчүүд баталсан. Шүүхэд очихоор минийх гэж худал яриад нотлох баримтаа гаргаж өгдөггүй санаатайгаар будлиулж асуудлыг хойшлуулан, саад учруулан, миний хууль ёсны эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

14. Шүүх үндэслэлгүй хэргийг олон жил гуравдагч этгээдийн хууль бус хүсэлтээр хэргийг түдгэлзүүлж, хойшлуулж удааж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгааг хяналтын шатны шүүх зөвтгөж, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан шаардлагыг анхан шатны шүүх биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байна.

17. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт хэргийг оролцогчдын тайлбар, маргааны үйл баримтыг тоочин бичсэнээс өөрөөр маргалдагч талуудын гаргасан маргааны гол асуудлыг үнэлээгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

18. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

19. Дээр дурдсанаар анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, эдгээрт эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

20. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0337 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ