Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-16
Дугаар 321
Хэргийн индекс 115/2019/0006/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "П" ХХК
Хариуцагч ДГА-ийн ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДГА-ийн ЗД-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...ДГА-ийн ЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64,397,061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөг гаргуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0364 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн ДГА-ийн ЗДд холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64,397,061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0364 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0364 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118, 34.1, 34.2, 34.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхгүйгээр зөвхөн хариуцагч талын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/612 захирамжаар хүчингүй болсон 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/30/342 тоот дугаартай байгаль орчны нөлөөллийн дүгнэлт, газар эзэмших гэрээг дүгнэсэн талаарх үйлчлэл нь зогссон баримт бичгүүдийг үндэслэн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээг шинээр байгуулсан, тэр өдрөө гэрээг дүгнэсэн талаарх нотлох баримт, энэ талаар давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж хэлсээр байтал шүүх уг алдааг илрүүлэх үүргээ биелүүлсэнгүй.

5. Давж заалдах шатны шүүх магадлалдаа "...нэхэмжлэгч "П" ХХК-ийн 2017 онд байгуулсан газар эзэмших гэрээний холбогдох заалтууд, барилгын ажил гүйцэтгэх графикийг зөрчсөн, 2018 оны 2 дугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлэхтэй холбогдолтой тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй, магадлалаар батлагдсан барилгын зураг төслийн эх болон хуулбар хувийг ирүүлээгүй гэж тайлбарлан дээрх үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хамааруулан нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй" гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзсэнгүй.

6. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй талаар: Хэргийн материалд байгаа ДГА-ийн ЗД-ын удаа дараа гаргасан захирамжууд, газар эзэмшүүлэх гэрээнүүд, гэрээг дүгнэсэн журмууд, нэхэмжлэгч талаас гаргаж өгч байсан удаа дараагийн тайлбар хүсэлтүүд, "П" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, гаргасан зардал, шүүхийн үзлэг, зэрэг нотлох баримтууд болон талуудын анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх дээр гаргасан тайлбар хүсэлтүүдийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж үзсэнгүй. Зөвхөн хариуцагч талын гэрээ дүгнэсэн үндэслэлгүй журамд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэлээ.

7. Холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.2 дахь заалт, газар эзэмших гэрээний 4.8, 4.18, 4.19 дүгээр заалтуудыг үндэслэн газар эзэмших гэрээг хүчингүй болгосон ДГА-ийн ЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 тоот дугаартай захирамж нь хуулийн заалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

8. Иймээс Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн115/ШШ2019/0013 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0364 дүгээр магадлалыг хүчингүй тус тус болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10. Нэхэмжлэгч “П” ХХК нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ДГА-ийн ЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, энэ шийдвэрийн улмаас учирсан хохирол гэх 64,397,061 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

11. Маргаан бүхий дээрх 2018 оны А/727 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.2 дахь заалт болон газар эзэмших 04401-2014/50242 дугаар гэрээний 4.8, 4.18, 4.19 дэх заалтуудыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт эзэмших эрх бүхий 880 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

12. Нэхэмжлэгч “П” ХХК нь тухайн газрыг анх ДГА-ийн ЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байсныг мөн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/236 дугаар захирамжаар сэргээн, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх 04401-2014/50242 дугаар гэрээг байгуулсан үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

13. Харин нэхэмжлэгч нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгосныг эс зөвшөөрч, “...газар эзэмших эрхийг сэргээж, гэрээ байгуулсан, мөн өдрөө гэрээг дүгнэсэн..., ...үүнээс үзвэл өмнөх 2014 оны гэрээг дүгнэсэн нь буруу...,...” гэж хариуцагч нь “...шинэчилсэн гэрээгээр барилгын ажил гүйцэтгэх графикийг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэх тухай тусгасныг биелүүлээгүй...,...” барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй...” гэж маргажээ.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, “...хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн нэг болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ”эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болно. 

15. Хариуцагчаас “...“Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04401-2014/50242 дугаар гэрээний 4.8-д ”газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй”, 4.18-д “Гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арга хэмжээ авах”, 4.19-д “Эзэмшил, ашиглалтад байгаа болон орчны нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт, арчилгаа хийх” гэж заасныг газар эзэмшигч “П” ХХК зөрчсөн буруутай...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

16. Мөн хариуцагчийн “...өмнөх гэрээг өөрчлөөд тухайн гэрээнд заагдсан дутуу гүйцэтгэгдсэн үүргүүдийг дахин биелүүлэхийг шинэ гэрээнд тусгаж, гэрээгээ шинэчилж байгуулсан..., ...сүүлд байгуулсан гэрээнд газар дээрээ барилга барих ажлын график гаргаж, 2017 оны дөрөвдүгээр улиралд багтаан ирүүлэх, барилгын ажлыг 2018 оны 02 дугаар улиралд багтаах даалгавар өгч, гэрээг шинэчилсэн...” гэх тайлбар нь “...газрын тухай хууль тогтоомж болон гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

17. Учир нь, нэхэмжлэгч нь 2014 оноос газар эзэмших хугацаанд барилгын дулаан, цахилгааны техникийн нөхцөлийг холбогдох байгууллагаас авч, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, энэ үндэслэлээр өмнө нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг сэргээж байсан, 2017 онд гэрээг шинэчлэн баталснаас хойших хугацаанд барилгын зургийн төслийн ажил, барилгын орон сууцны суурийн газар шорооны ажил, ойролцоо орон сууцны цахилгааны шугам сүлжээг барилгын талбайгаас шинээр холболт хийх зэргээр барилга эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил хийгдэж байжээ.

18. Үүнээс гадна барилгын ажлыг эхлүүлэхээс дуусгах хүртэлх үйл ажиллагааны шат бүр нь Барилгын тухай хуулиар тусгайлан зохицуулалттай, барилга барих үйл ажиллагаа нь дээрх хуулиар тавигдсан шаардлагад нийцэж хэрэгжих учиртай, барилгын талаарх аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хүрээнд хэрэгжихээр байхад “...барилгын ажлыг заасан хугацаанд нь эхлээгүй..” гэх шалтгаанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...хууль болон гэрээний үүргийг зөрчсөн...” гэсэн үндэслэлд хамруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу, энэ талаар шүүхүүд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй гэж зөв дүгнэжээ.

19. Харин маргаан бүхий актын үндэслэлийн нэг болох 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн буруутай гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар буруу болжээ.

20. Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтэд заасан 10 шаардлагыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй. 

21. Тодруулбал, Бодит байдал дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, дахин сэргээсэн зэрэг захиргааны байгууллагын шийдвэрүүд нь газар эзэмшигчээс хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр ба захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох замаар асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байгааг шүүхүүд анхаараагүй байна.   

22. Өөрөөр хэлбэл, 2017 оны А/236 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх 04401-2014/50242 дугаар гэрээг байгуулсан үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүйг дээр дурдсан бөгөөд “...гэрээ байгуулахаас өмнө ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан..., цаг хугацааны хувьд барилгын зураг төсөл хийлгэх шинээр техникийн нөхцөл авах зэргийг хөөцөлдөхөд нөхцөл боломж бүгд хаалттай, ...техникийн нөхцөл олгохоос татгалзсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх анхааралгүйгээр хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ. 

23. Үүнээс гадна 64,397,061 төгрөгийн хохирлын тухайд хариуцагч анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаж хохирлын маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг зөрчжээ.

24. Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хүлээн авахаас татгалзахаар байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон:

1. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0364 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ДГА-ийн ЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 64,397,061 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ