Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-16
Дугаар 320
Хэргийн индекс 128/2018/0433/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Э.П
Хариуцагч МУЕС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Э.П-ын нэхэмжлэлтэй,

МУЕС-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        Б.Мөнхтуяа

                                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...МУЕС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0352 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Э.П, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Б.Зулбаяр нар,

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсгийг баримтлан МУЕС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэжавын Пүрэвжавыг урьд эрхэлж байсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шийдвэр гарах 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 108 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх 17,137,952 /арван долоон сая нэг зуун гучин долоон мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Э.П-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0352 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.П-ын гаргасан “МУЕС-ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Э.П, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0352 дугаар магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-д заасны дагуу хяналтаар журмаар гомдол гаргаж байна.

4. Магадлалын хуулийн болон бодит үндэслэлийн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримт болсон албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон Ерөнхий сайдын захирамжийн үндэслэлд ямар ч дүгнэлт өгөөгүй, түүнчлэн захирамжийг хэлбэрийн талаас гарын үсэг зурагдаагүй...”, Сонсох ажиллагаа явуулаагүй гэх байдлаар буруу үнэлсэн байх тул дараах үндэслэлээр хүчингүй болголоо гэжээ.

5. Тиймээс “Албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх захирамжийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй гэх магадлалын үндэслэлийн талаар: Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.П-т холбогдох “бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заажээ.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх гэмт хэргийг харьяаллын дагуу эрх бүхий мөрдөн шалгах байгууллага шалгаж нэхэмжлэгч Э.П-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал “улсад их хэмжээний хохирол учруулсан гэх гэрээнд дүгнэлт хийгээгүй байна, нэгэнт хохирол учруулсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж заажээ. Гэтэл давж заалдах шатны шүүх 221/МА2019/0352 дугаар магадлалдаа тухайн гэрээг ямар үндэслэлээр улсад их хэмжээний хохирол учруулсан, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болно гэж дүгнэсэн үндэслэлээ тусгаагүй байна.

7. Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолд гэрч нар мэдүүлгийг тусгасан бөгөөд “тухайн түрээсийн гэрээний улмаас хохирсон хохирол байхгүй, хохирол тогтоогдсон зүйл байхгүй’’ гэсэн гэрч нарын мэдүүлэг мөн хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийсэн тайлангаар тус түрээсийн гэрээний улмаас ямар нэгэн хохирол тогтоогдоогүй. Иймд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу тухайн түрээсийн гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Ерөнхий сайд захирамж гаргахдаа хохирол учирсан эсэх учирсан бол хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэх нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд урьдчилсан таамаглаж шийдвэр гаргах боломжгүй юм.

8. “Захирамжийг хэлбэрийн талаас гарын үсэг зурагдаагүй...” гэх байдлаар буруу үнэлсэн гэх магадлалын үндэслэлийн талаар: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж итгэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хуульчилсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар хариуцагчийн төлөөлөгч томилсон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зураагүй.

9. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар Ерөнхий сайдын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын усэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, мөн хуулийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хуулъ зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын бүрдүүлбэрийн шаардлагыг тус тус хангаагүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нъ хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан сонсох ажиллагаа болон санал гаргах боломж олгох хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхээс хэрэг эрхлэх газарт сонсох ажиллагаа хийсэн материал ирүүлэх бичиг явуулсан боловч сонсох ажиллагаа хийгдээгүй учир ирүүлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэлбэрийн талаас буруу дүгнэсэн гэж үзсэн нь үндэслэлгүйн дээр хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй биелүүлэх, захиргааны акт хуульд үндэслэх, хууль дээдлэх үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан.

10. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тухайн албан тушаалд анх томилогдохдоо “Авилгын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Улсын Их Хурлын байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн буртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.1.21-д Ерөнхий сайдаас томилогддог бусад албан тушаалтан гэсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн, дээрх мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хянуулж байсан зэргээс Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэхэмжлэгчийг халахад үйлчилнэ” гэжээ.

11. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт нэхэмжлэгчийн албан тушаал болох зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд томилох болон томилолтын хугацааг, мөн 9.12 дахь хэсэгт түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлийг хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар тусгайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг тэргүүн ээлжид хэрэглэлгүй, хуулиар тусгайлан зохицуулсан харилцааг өөр бусад хууль, журмыг тайлбарлаж нөхөж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэсэн заалтад нэхэмжлэгчийн албан тушаал хамаарахгүй юм. Нөгөөтэйгүүр Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан нийтийн албанаас халах үндэслэлүүд нь нэхэмжлэгч Э.П-т хамааралгүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөх 85 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт юм.

12. Мөн 42 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэн өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн шалгагдан эцэслэн шийдэгдээгүй хэргийг үндэслэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна. Өмнө нь давж шатны шүүхээс ажилд буцаан томилуулах гомдлыг шийдвэрлэхэд Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэгдтэл захиргааны хэрэг маргааныг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж байсан атлаа Э.П-ыг эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэх гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа хэргийг шийдвэрлэгдээгүй өөрөөр хэлбэл хохирол учирсан эсэх, учирсан бол тэрхүү хохирлыг завшсан үрэгдүүлсэн аль нь болохыг шийдвэрлээгүй байхад хохирол учирсан гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл давж шатны шүүх 1 асуудлаар 2 өөр шийдвэр гаргажээ.

13. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.П-ын нэхэмжлэлтэй, МУЕС-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

15. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа гол үндэслэлээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримт болсон “...албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон Ерөнхий сайдын захирамжийн үндэслэлд ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй, түүнчлэн захирамжийг хэлбэрийн талаас “...гарын үсэг зураагүй...” гэх байдлаар буруу үнэлсэн байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

16. Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр төдийгүй шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Гэтэл хэргийн материалд авагдсан ямар нотлох баримтуудаар ...улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан... гэх дүгнэлтийг ажил олгогч Ерөнхий сайд болон давж заалдах шатны шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хэргийн материалд “Эмон” ХХК болон “Түмэн Наяд” ХХК гэх 2 компанийн хооронд байгуулсан 2 гэрээ авагдсан бөгөөд тэдгээр 2 гэрээний нэгийг нь захиргааны хэргийн шүүхээс “Эмон” ХХК-ниас эх хувиар нь гаргуулж авсан байдаг. Харин прокурорын тогтоолд дурдагдсан хохирлын хэмжээг тогтоохдоо ашигласан “Эмон” ХХК болон “Түмэн Наяд” ХХК байгуулагдсан гэх гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байдаг. Гэтэл ажил олгогч Ерөнхий сайдын захирамж, болон прокурорын тогтоол дээрх хуулбар гэрээг үндэслэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн байдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарч нягталж үзээгүй.

17. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулиар өмчлөгч зөвшөөрсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг дамжуулан түрээслэх эрх нээлттэй бөгөөд энэ хуулийн дагуу дамжуулан түрээсэлсэн үйл баримтыг нэг талыг барьж хууль бус үйлдэл гэж ямар үндэслэлээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй төдийгүй хохирлын хэмжээг хэрхэн “үлэмж" хэмжээний гэж тогтоосон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Харин дээрх хохирол учруулсан гэх маргаантай холбоотой эрүүгийн хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг хэрэгтэй холбоотойгоор хариуцагч талаас дахин гомдол гарч уг хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргийг шалгах явцад улсад хохирол учруулсан эсэх, учруулсан бол хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь эцэслэн шийдэгдэх учиртай.

18. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...Харин Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 08 дугаар тогтоолын энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянах эрх тус шүүхэд олгогдоогүй болохыг тэмдэглэв гэсэн мөртлөө уг хэргийг гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэж албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

19. Дээрх захиргааны хэргийн маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан бөгөөд шүүх шийдвэрээ гаргахдаа тухайн эрх зүйн харилцааг түлхүү зохицуулсан хуулийг шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой байтал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй бусдад хохирол учруулсан гэх хэрэг маргаан руу хальж ямар нэгэн хохирол учирсан гэж дүгнэж уг дүгнэлтээ шүүхийн шийдвэрийн гол үндэслэлээ болгосон нь хууль зүйн үндэслэлгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

ХЯНАВАЛ:

20. “...МУЕС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар “Ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай Э.П-ын нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

21. Нэхэмжлэгч Э.П-ыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн МУЕС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн... 11, ... дугаар зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах” гэж тус тус заасантай нийцсэн, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т “Дор дурдсан тохиолдолд Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх энэ хуулийн 9.4-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно”, 9.12.7-д ”хуульд заасан бусад үндэслэлээр” гэж томилох эрх бүхий албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

22. Маргааны үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Э.П- нь ажлаас халах үндэслэл болсон үйл баримтыг буюу өөрийн төрсөн эгчийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Түмэн наян хайрхан “ХХК-ийн “Эмон” ХХК-иас сарын 4 сая төгрөгөөр түрээслэх гэрээтэй 300 м.кв талбайг сард 7.5 сая төгрөгөөр түрээслэхээр давхар гэрээ байгуулсныг Зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шинжилгээ, дотоод аудитын шалгалтаар илрүүлж, тогтоосон тухайд маргаагүй, харин “...гэрээ байгуулснаас улсад хохирол учраагүй..., ...прокурорын байгууллагаас шалгаж гэм буруугүйг тогтоосон..., ...прокурорын тогтоолыг үндэслэж захирамж гаргасан нь буруу..., ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй..., ...нийтийн албан тушаалтан биш...” гэх үндэслэлээр маргаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй  болгуулахыг хүссэн байна.

23. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд зөвхөн төрийн албан хаагчаар хязгаарлахгүй, нийтийн албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, ялангуяа удирдах албан тушаалтан хамрахаар байгаа, ийм ч учраас нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд томилогдохдоо Авилгын эсрэг хууль, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргасан, уг хууль нь нэхэмжлэгчийг нийтийн албан тушаалд томилох, халах аль ч тохиолдолд үйлчлэх талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

24. Тодруулбал, нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар МУЕС-ас томилогддог, нийтийн эрх зүйн хүрээн дэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны хувьд түүний эрх зүйн байдал нь энэ хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах эдгээр хуулиудын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй шийдвэр гаргажээ. 

25. Иймээс “...шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг тэргүүн ээлжинд хэрэглэлгүй, хуулиар тусгайлан зохицуулсан харилцаанд өөр бусад хууль, журмыг тайлбарлаж нөхөж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ..., ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албанаас халах үндэслэлүүд нэхэмжлэгчид хамааралгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

26. Түүнчлэн хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 18-ны ЗГ-1/129 дугаар бүхий итгэмжлэл авагдсан, энэ итгэмжлэлд Ерөнхий сайд гарын үсгээ зурсан, хуулийн шаардлага хангажээ. Иймд “...113 дугаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсгээ зураагүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангаагүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь, томилсон этгээдийн гарын үсэггүй 2018 оны 06 дугаар сарын 13-ны 113 дугаар итгэмжлэл нь хэрэгт ач холбогдолтой биш, аль аль итгэмжлэлд төлөөлөгчөөр С.Магнайсүрэн, Б.Нямдорж нарыг томилсон, өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрчлөөгүй байна.

27. Үүнээс гадна “тогтоол, тушаал, захирамж зэрэг баримт бичгийн хуулбарыг холбогдох газарт хүргүүлэхдээ зөвхөн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна”, ”баримт бичгийн хувийг зөвхөн байгууллагын тэмдгээр баталгаажуулна” гэж Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.3.13-т заасны дагуу маргаан бүхий захирамжийн шүүхэд ирсэн хувьд байгууллагын тэмдэг дарагдсан, нэхэмжлэгчийн зүгээс захирамжийн эх хувийг гаргуулахыг шаардаагүй, энэ талаар анхнаасаа маргаагүй болно.

28. Мөн “...Э.П-т өргөдлөө өөрөө өгөхийг санал болгосон, ...арга хэмжээ авахыг мэдэгдсэн..., ...өөрөө шүүхэд хандана гэсэн...” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, хариуцагч нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д зааснаар сонсох ажиллагааг “биечлэн уулзах” хэлбэрээр явуулсан гэж үзэхээр байна.

29. Дээрхээс үзвэл “...Ерөнхий сайд захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн..., ...сонсох ажиллагаа хийгдээгүй, ....захирамж нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, ...гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, ...тодорхой заасан байх”; 40.2.3-т ”захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”; 40.2.5-д ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэснийг тус тус зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

30. Захиргааны хэргийн шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх тул прокурорын байгууллагаар шалгагдаж, хэрэгсэхгүй болсон гэх гомдолд дурдагдсан үйл баримтыг дүгнэх шаардлагагүй болохыг тэмдэглэж байна.

31. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, тухайн хэрэгт хамааралтай холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0352 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ