Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-07
Дугаар 305
Хэргийн индекс 128/2015/0886/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "Ө т" ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Х т ц х" ТББ
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Л.Атарцэцэг

                                                  Б.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0344 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М,

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийн “Ө т” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0344 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийн “Ө т” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

“2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”,

“3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”,

“4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус нэмж өөрчлөн,

2 дахь заалтыг “5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын орлогод урьдчилан нэхэмжлэгч “Ө т” ХХК-аас төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-аас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас 140400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт олгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн захирал П.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр гаргах нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр байдаг.Давж заалдах шатны шүүх газрын тухай хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд "Хатан Туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан Уул дүүргийн засаг даргын 2006 оны 09 сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 04 сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-ын холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүх гагцхүү хуульд захирагдах” зарчмыг баримтална гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “хариуцагчийг дахин захиргааны акт гаргах хүртэл” хэмээн шүүх шийдэх биш зөвлөх, чиглүүлэх утга агуулгатай шийдвэр гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, гомдлын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх, шийдвэр гаргахыг хориглодог ба түдгэлзүүлэх ажиллагаа нь анхан шатны шүүх хуралдааны үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр хийгддэг. Давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогчдын хэн алин нь хүсэлт гаргаагүй байхад шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан.

5. Иймд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй учраас хүчингүй болгож нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, өмгөөлөгч Н.Мандах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаар тогтоолоор захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын байршил, давхцлын хэмжээг хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүйгээр тогтоолгох талаар дүгнэсэн ба анхан шатны шүүх маргаан бүхий газрын давхцлын хэмжээг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын эзэмшдэг нийт 39114 м.кв хэмжээтэй газраас ямар хэмжээгээр, аль хэсгээр нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газар гэдгийг мэдэх боломжгүй, хэрэгжих бололцоогүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан, давж заалдах шатны шүүх "Өрхтий трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд “Х т ц х” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий газрын давхцлын хэмжээнээс хамаарч шүүхийн шийдвэрүүд хэрэгжих боломжгүй нөхцөлд хүрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон, холбогдох баримтууд хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж байна.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч “Х т ц х” ТББ-аас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гуравдагч этгээдийн зүгээс гаргаж мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэр, мөн түүнийг баримтлан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тохиолдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхэд шүүх зөв дүгнэлт өгч бие даасан шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэх учиртай байсан ба шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон маргаан бүхий захиргааны актын тухайд дахин дүгнэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх уг бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

9. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0226 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0344 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч үндсэн болон бие даасан шаардлагын зарим хэсгийн талаар алдаатай дүгнэж, шийдвэрлэсэн нь буруу болсон тул магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

11. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Яармаг”-ийн гүүрний зүүн талд “төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих” зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаагаар “Өрхтий” ХХК-д эзэмшүүлэхээр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Өрхтий” ХХК-ийн 35000 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн тус компанид холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

12. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн төсөл хэрэгжүүлэх хүрээнд “цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалт”-аар 2 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр;

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн “үйлчилгээтэй бичил цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар 20000 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр;

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 39114 м.кв газрыг “үйлчилгээтэй бичил цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

13. Нэхэмжлэгч “Ө т” ХХК нь “... газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газрын төлбөр төлөх үүрэг үүсэх тул ... гэрээгүй байхад эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж Хан-уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийг, “... манай газарт давхцуулсан, ... төрийн  мэдлийн газрыг хувийн байгууллагад шилжүүлж Газрын тухай хуулийн 35.2-т заасныг зөрчсөн” гэж нийслэлийн Засаг даргын 2016 оны А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

Гуравдагч этгээд /бие дааж нэхэмжлэл гаргаж, энэ хэрэгт нэгтгэгдсэн/ “Х т ц х” төрийн бус байгууллага нь “... инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэрийг дүүргийн Засаг дарга гаргах эрхгүй” гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,  “... илт хууль бус эрх зүйн үйлчлэлгүй  захирамжийн үндсэн дээр олгогдсон  “Ө т” компанийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь үндэслэлгүй” гэж нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийн тус байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Ө т” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар анх 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэж, тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон, уг шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2016 оны А/128 дугаар захирамжийн “Х т ц х” төрийн бус байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

15. Үүний дараа, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг 2015 оны 854 дүгээр шүүхийн шийдвэрийг хянуулахаар “Х т ц х” төрийн бус байгууллагаас хүсэлт гаргасныг мөн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсний зэрэгцээ нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийн “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн”-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

16. Эндээс үзвэл, “Ө т” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд түүний 3.5 га газар эзэмших эрх сэргэх байтал тус компани нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/02 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Газрын албанд “... газрын хэмжээ бодит байдал дээр 3.5 га биш 2.5 га байгаа учраас ийм хэмжээгээр газар эзэмших хүсэлт” гаргасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны А/74 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “... 3.5 га газрыг 2.5 га хэмжээтэй болгож ..”, 2 дахь заалтаар мөн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийн “Ө т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан уг актаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх хэмжээнд хүрсэн, иймээс тухайн газрын давхцлыг 3.5 га газраас, эсхүл 2.5 га газраас тооцох эсэх нь эргэлзээтэй байхад шүүх “давхцал”-ыг тогтоох боломжгүй, “давхцал” тодорхойгүй болохыг хэргийн оролцогчид мөн хүлээн зөвшөөрсөн байна.

17. Түүнчлэн, гуравдагч этгээдийн шаардлагад холбогдуулан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай” болон “2006 онд шийдвэрлэх эрхтэй байсан” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан, иймээс маргаан бүхий газар нь “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар”-т хамаардаггүй байсан, одоо хамаардаг болсон гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, үүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзнэ.

18. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2010 оны захирамж хүчинтэй байх хугацаанд /нэхэмжлэгч 2015 он хүртэл маргаагүй/ маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн, энэ тохиолдолд, “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-ыг шууд баримталж шийдвэрлэх нь эргэлзээтэй, иймээс илүү бодит нөхцөл байдалд тулгуурлан газар давхцалтай эсэх, “давхцал”-тай байвал түүний зааг, хэмжээг тодорхойлж, маргаан бүхий актуудыг гаргаж байсан цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын, аль эсвэл нийслэлийн Засаг даргын алиных нь бүрэн эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага алдаагаа “өөрөө” залруулах боломжтой юм.

19. Иймд, маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв боловч, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 52 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгосноор уг захирамжаар хүчингүй болсонд тооцогдсон нийслэлийн Засаг даргын 2016 оны А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох 3 дахь заалтын үйлчлэл сэргэсэн байхад буруу дүгнэж, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийн “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн”-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

20. Энэ талаарх, гуравдагч этгээд “Х т ц х” төрийн бус байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, өмгөөлөгч Н.Мандах нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийг илт хууль бусад тооцож шийдвэрлэх үндэслэл болохгүй тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай”, нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн захирал П.Э-ы “давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын хэн алин нь хүсэлт гаргаагүй байхад шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан” гэх гомдлуудыг хангах үндэслэлгүй.

21. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0344 дүгээр магадлалын 1 дэх заалтын “нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х т ц х” төрийн бус байгууллагад холбогдох хэсгийн “Ө т” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр” гэснийг гуравдагч этгээд “Х т ц х” төрийн бус байгууллагын гаргасан бие даасан шаардлагын “нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсэг гэж, 3 болон 4 дэх заалтын “... нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсэг гэснийг “... нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х т ц х” ТББ-д холбогдох хэсэг гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус тус төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ