Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-02
Дугаар 294
Хэргийн индекс 125/2018/0051/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэг
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд А.М-А нар
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Х.М-ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын

хэлтсийн сонгон шалгаруулах ажлын

хэсэгт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Л.Атарцэцэг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бус сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.М-ыг  ажлаас чөлөөлөх тухай”, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр “А.М-А-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар “Х.М-А-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах”,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0294 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын өмгөөлөгч М.Э-О нарыг оролцуулж,

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Э-О-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0294 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн өмгөөлөгч М.Э-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

4. Нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа анхнаасаа сонгон шалгаруулалт явуулах нь хууль бус байсан хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилох боломжтой гэдэг тайлбарыг гаргасан.

5. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухайл А/22 дугаар тушаалаар тус байгууллагад хяналт шалгалтын тасгийн даргын орон тоо нэмэгдэж батлагдаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэ орон тоонд орох талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар маргаагүй.

6. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/22 дугаар тушаалаар тус хэлтсийн орон тоо хоёроор цөөрч батлагдсан бөгөөд орлого шимтгэлийн байцаагч гурав байсан нь хоёр болсон. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “... албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/- ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 06 өдрийн А/26 тоот тушаалаар шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсгийн шалгаруулалтын дүнг үндэслэн Х.М-ыг  орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, сайн дурын даатгалын байцаагчаар түр томилсон юм.

7. Шалгуур үзүүлэлт болох ажлын дадлага туршлага, мэргэжлийн түвшингийн хувьд 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, 2017 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, авлагын үлдэгдэл, 2018 оны хагас жилийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны хагас жилийн тайлан авалт, авлагын үлдэгдэл зэргийг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар гаргаж үнэлсэн.

8. Х.М, Д.Ж, Б.У нар нь 3 жилээс дээш хугацаагаар ажилласан мэргэшсэн байцаагч учраас ажлын туршлага, ур чадвар дээр нь 100 хувиар үнэлсэн. Мэдлэгийг тестийн шалгалт авч үнэлсэн ба Х.М 82,5 хувь, Б.Уранчимэг 92 хувь, Д.Ж 97 хувь үнэлэгдсэн. 2017 оны үр дүнгийн үнэлгээний хувьд Х.М 80 хувь, Б.У 90 хувь, Д.Ж 83 хувь үнэлүүлсэн.

9. Нийгмийн даатгалын хэлстсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Х.М-ыг  ажлаас чөлөөлөхдөө шалгалтын комиссын дүнг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчид тэтгэмж олгохын тулд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтласан нь хууль зүйн үндэслэлтэй гарсан.

10. Иймд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн “орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалын орон тоо цөөрсөн тул хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж тухайн шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан Б.Уранчимэг, Д.Жавзмаа нарыг тус албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж, Х.М-ыг  орлого шимтгэлийн байцаагчийн ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгтэй нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг хангасан байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зуйлийн 27.2,3-т заасантай шууд хамааралтай буюу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр орон тоо цөөрсөн тохиолдолд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа шалгараагүй үлдсэн албан хаагчид хамаарах ба тус хэлтсээс Х.М-д  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Б.У, Д.Ж нарыг тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаатай нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэсэн” шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

11. Түүнчлэн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаар “А.М-Ад ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар “Мөнх-Амьдралыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалтгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах гэж тодруулсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хууль зүйн үндэслэлгүй тайлбарлаж байна.

12. Учир нь үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо, төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтний орон тоо нэгтгэгдсэн нь нэхэмжлэгч Х.М-ын эрх ашиг сонирхолд хамааралгүй бөгөөд төрийн үйлчилгээ болон төрийн захиргааны гэх ойлголт нь ижил түвшний ойлголт юм. Төрийн захиргааны албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан ангилал, зэрэглэл нь өөр байж болох ч уг албан тушаалууд нэгтгэгдсэн нь төрийн захиргааны албан тушаалтанд давуу байдал олгох нь Үндсэн хууль зөрчинө.

13. Түүнчлэн С.Гантулга нь үйл ажиллагааны нягтлан бодогчоор төрийн үйлчилгээний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь Х.М-ын эрх ашиг сонирхолыг хөндсөн зөрчсөн гэж үзэхгүй байна.

14. Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн данс хариуцсан байгцаагч А.Мөнх-Амьдрал нь хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа бөгөөд 2018 оны 04 сард болсон Улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд Х.М, А.М-А нарын хэн өндөр оноо авсан ажилтныг ажиллуулахаар өөрсдөд нь танилцуулсан А.М-А нь хамгийн өндөр оноо авсан тул тус албан тушаалыг гүйцэтгэж байгаа нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

15. Иймээс анхан шатны шүүхийн “орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрсөн тул тус орон тоонд ажиллаж байсан Х.М, Б.У, Д.Ж нарын дунд явагдсан сонгон шалгаруулалттай Х.М маргах эрхтэй харин үйл ажиллагааны нягтлан бодогч С.Г, төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн А.М-А нарын орон тоо нэгтгэгдсэнтэй холбоотой шалгаруулалт явуулахад Х.М хамааралгүй энэ талаар маргах эрхгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

16. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх 3 ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

17. Учир нь 1-рт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс тодруулсан, холбогдох тайлбарыг гаргуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. 2-рт дурдсан орон тоо цөөрөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэсэн, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. 3-рт дурдсан үйл ажиллагааны нягтлан бодогч, төлөвлөлт нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн, хяналт шалгалтын байцаагчийн орон тоо нь нэхэмжлэгч Х.М-ын эрх ашиг сонирхолыг хөндөөгүй хамааралгүй орон тоо юм.

18. Харин нэхэмжлэгч нь орлого, шимтгэлийн байцаагч /өөрийнх нь эрхлэж байсан албан тушаал/ болон хяналт шалгалтын тасгийн дарга /шинээр нэмэгдсэн орон тоо/ гэсэн орон тоонд орохоор маргаагүй.

19. Шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар болон гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж гаргуулахаар шахах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

20. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0294 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            22. Нэхэмжлэгч Х.М-аас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч нарын шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.М-ыг  ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр “А.М-А-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар “А.М-А-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах” гэж нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилжээ.

            23. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулж дүгнэлт хийх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, холбогдох тайлбарыг гаргуулах, нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу хийснээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            24. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж, нэхэмжлэгчээс “хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг шаардаж буй “2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалт”, “сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр”, “дүн мэдээ” зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангаж байгаа эсэх, түүнчлэн,  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын маргаан бүхий Б/37, Б/40, Б/02 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудтай хэрхэн холбогдож байгаад тус тусад нь дүгнэлт хийх шаардлагатай.

            25. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... хяналтын шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсан, уг албан тушаалд томилох боломжтой байхад томилоогүй” гэж маргасан, анхан шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ “... сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн хэлтсийн даргын эрх” гэж буруу дүгнэлт хийсэн, “сул орон тоог нөхөх”-тэй холбоотой маргаанд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх нь зүйтэй.

26. Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан”, “...үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо, төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтний орон тоо нэгтгэгдсэн нь нэхэмжлэгч Х.М-ын эрх ашиг сонирхолд хамааралгүй, ... төрийн үйлчилгээ болон төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл нь өөр байж болох ч уг албан тушаалууд нэгтгэгдсэн нь төрийн захиргааны албан тушаалтанд давуу байдал олгох нь Үндсэн хууль зөрчинө”, “...шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар болон гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж гаргуулахаар шахах хууль зүйн үндэслэл байхгүй” гэх зэрэг гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0294 дүгээр магадлалыг хэвээр үлдээж хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын өмгөөлөгч С.Эрдэнэ-Оюуны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА