Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-02
Дугаар 293
Хэргийн индекс 128/2018/1019/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С.Т
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "М" СӨХ
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:        Л.Атарцэцэг

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0360 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Э.Г, гуравдагч этгээд “М” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Х,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээд “М” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  С.Т-ийн  нэхэмжлэлтэй,  нийслэлийн Засаг даргад  холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0360 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээд “М” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг тооцохдоо буруу тайлбарласан. газраа ашиглаагүй 2 жил болоход л энэ хууль хэрэглэгдэнэ. Цаг хугацааг өмнө нь байна уу дараа байна уу хамааралгүй юм. Захиргаа өөрийн санаачлагаар өмнөх Засаг даргын актыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл захиргаа 2013 онд газар эзэмших эрхийг дахин баталгаажуулсан, 2016 онд сунгасан алдаатай шийдвэрийг зассан. 2008 оноос 2014 он хүртэл тухайн газрыг ашиглаагүй юу гэвэл ашиглаагүй бөгөөд факт нь байна уу гэвэл байна. Тэгэхээр энэ хугацаанд газрыг ашиглаагүй тохиолдолд 40.1.6-г хэрэглэгдэнэ. Мөн газрыг 2 жил ашиглаагүй гэдгийг тодорхойлсон Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байгаа гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д тус тус заасныг зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

4. Газар эзэмшиж эхэлсэн анхны хугацаа болон ашиглаагүй гэх 2 жилийг анхан болон давах шатны шүүх буруу тооцсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”. Иймд шүүх хугацааг энэ өдрөөс тооцох ёстой байсан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны 182 тоот захирамжаар Батсолонго гэдэг иргэн энэхүү газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд улмаар 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Батсолонго болон Төмөрчөдөр нар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж тухайн өдрөө Нийслэлийн газрын албанд “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлт гаргажээ. Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 292 тоот захирамжийг үндэслэн иргэн Төмөрчөдөртэй Нийслэлийн газрын алба “Иргэн, хуулийн этгээдзд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан нь хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд байгаа. Эдгээр нь бүгд хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдоно. Хэдийгээр 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 тоот захирамж хавтаст хэрэгт авагдаагүй ч гэсэн Батсолонгын Төмөрчөдөрт газрын эрх шилжүүлэх хүсэлт, гэрээ болон Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээгээр хангалттай нотлогдож байгаа болно. Харин “Сакура” ХХК-тай хийсэн маргаан 3 жилийн дараа эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү маргаан нь газар анх эзэмшиж эхэлснээс хойш бүхэл бүтэн 6 жилийн дараагийн асуудал юм. Тэгэхээр энэ хугацаанд газар эзэмшигч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь Сооglе-ийн геодезийн зургаар он оноороо хангалттай нотлогдох болно. 2013 онд дуудлага худалдаагаар авсан гэж ярьдаг. Гэтэл хавтас хэрэгт байгаа баримтаас аль 2008 оноос бусдын эзэмшилд байгаа газрыг яагаад дуудлага худалдаанд оруулдаг билээ гэсэн асуулт урган гарна. Хавтас хэрэгт байгаа баримт үзвэл газрын төлбөрийг 2013 оноос төлж эхэлсэн байдаг бөгөөд түүнээс өмнө төлөөгүй гэж үзэж болохоор байгаа. Тиймээс газар эзэмших эрхийг баталгаажуулахын тулд дуудлага худалдааны төлбөрийг буюу газрын төлбөрийг нөхөн төлүүлж Нийслэлийн газрын алба алдаагаа засаж газар эзэмшилтийг баталгаажуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна.

5. Мөн 2014 оноос хойш маргасан байдлыг харвал 20м2-ын асуудал яриад байдаг. Гэтэл барилгажих талбай 410м2 үүнээс 20-ийг хасвал 390м2 буюу барилгажих талбайн 70 хувийг хангалттай хангаж байгаа болно. Маргаан бүхий хугацаанд газраа ашиглах, барилга барих хангалттай боломж байсан. Гэвч дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь уг хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь бусдын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

6. Хавтас хэрэгт байгаа баримтаас үзвэл иргэн Төмөрчөдөр 2018 онд буюу дөнгөж жилийн өмнө барилгын зураг төслөө гаргаж, оршин суугчдаас санал авч эхэлсэн байдаг бөгөөд 9 давхар байшингийн зургаас үзвэл барилгын стандарт, норм дүрэм, барилга хоорондын зайг зөрчсөн өөрөөр хэлбэл 2 талын барилгад тулж барих, 2 талын барилгын цонхыг бүрэн хаасан, барилгажих талбайн 30 хувь ногоон байгууламж, зогсоол байхгүйгээр шууд нийтийн замд тулгасан байгаа нь эргэн тойрны барилгын оршин суугчдын болон тэдний үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх зөрчигдөх битгий хэл тэдгээрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирч болзошгүй. 9 давхар байшингийн суурь ухахад хэр гүнзгий ухах уу, хажуу талын 7 давхар байшингийн ханатай тулгахад 7 давхар баригдсан байшин болон 4 давхар Сакурагийн байшингийн суурийн бүтцэд хэрхэн нөлөөлөх үү гэдэг маш их асуудал байгаа бөгөөд бусад оршин суугчдын нийтийн эзэмшлийн орох гарах гарц хаагдах, хэт шамбаарлдсан барилгуудын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. 7 давхрыг эзэмшиж байсан иргэнээс зөвшөөрөл авсан баримт хавтаст хэрэг байгаа боловч одоо тэр байранд 1 иргэн амьдраагүй олон айл байгаа тэдгээрийн эрх ашгийг хүндэтгэж үзэхгүй тэднээс санал асуулгүй байгаа нь ч хавтаст хэргээс тодорхой харагдана.

7. Дээрх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж байгаа нь тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “М” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл боллоо.

8. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар 25-ны өдрийн 221/МА2019/0360 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            10. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Т-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “М” Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс дээрх актуудыг эс зөвшөөрч, “...миний эзэмшил газарт “С к” ХХК зөвшөөрөлгүй хашаа барьж, газар доогуур бохирын худаг, дулааны шугам зөвшөөрөлгүй татсанаас ... уг асуудлаар шүүхэд маргаж, 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, “С к” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өдийг хүрсэн ... /байхад/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь ... хууль бус, ... “М” СӨХ-д манай газрыг олгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж маргажээ.

            11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... /тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэх шаардлагатай, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч С.Т нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

12. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжаар “... газар ... эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн” гэх 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших баталгаажуулсны дотор иргэн С.Т-т Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 410 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн, уг газрын хөрш зэргэлдээ газар эзэмшигч “С к” ХХК нь 9 айлын амины орон сууц барьж 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулахдаа уг хотхоны хашаа, бохир усны 3 худаг, бохир усны шугам нь иргэн С.Т-ийн эзэмшлийн 20 м.кв талбайд давхцуулсан, уг асуудлаар буюу “бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх”-ээр үүссэн маргааныг иргэний хэргийн 3 шатны шүүх хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “С.Т-ийн эзэмшлийн 20 м.кв газар чөлөөлөх”-ийг “С к” ХХК-нд даалгажээ.

 13. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар “... /газар эзэмшигч нь/ гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших... /эрхтэй/”, бусад этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн “… хөрш зэргэлдээ газар эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас газар эзэмшигч тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон” гэх тайлбар үндэслэлтэй, энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаан” мөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл үүсээгүй гэж үзнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий хугацаанд газраа ашиглах, барилга барих хангалттай боломж байсан”, “...шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг тооцохдоо буруу тайлбарласан” гэх гомдлыг хүлээж авахгүй.

14. Дээрх байдлаар нийслэлийн Засаг даргын маргаан бүхий  2018 оны А/1020 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Т-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байх тул уг акт хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх үзсэн нь зөв, энэ тохиолдолд, нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “М” Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь мөн хууль бус, газар эзэмшигч С.Т-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх тогтоосон нь зөв байна.

15. Гуравдагч этгээд “М” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... С.Т-ийн ... барилгын зураг төслөөс үзвэл, ... барилгын стандарт, норм дүрэм, барилга хоорондын зайг зөрчсөн, ... барилгажих талбайн 30 хувь ногоон байгууламж, зогсоол байхгүйгээр шууд нийтийн замд тулгасан байгаа нь эргэн тойрны барилгын оршин суугчдын болон тэдний үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх зөрчигдөх битгий хэл тэдгээрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирч болзошгүй” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдол нь  нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1020, А/1163 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан шүүхийн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдох маргааны үйл баримтад хамааралгүй байна.

16. Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д тус тус заасныг зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчсөн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0360 дугаар магадлалыг хэвээр үлдээж гуравдагч этгээд “М” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “М” СӨХ-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА