Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-09-25
Дугаар 280
Хэргийн индекс 128/2018/0185/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Х-О" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Х-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: ““Х-О” ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, ”Х-О” ХХК-ийн XV-010515  дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0313 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э-ийг оролцуулж,

            Нэхэмжлэгч “Х-О” ХХК-ийн захирал Н.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  “Х-О”  ХХК-ийн  “ашигт малтмалын хайгуулын XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, ”Х-О” ХХК-ийн XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0313 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “Х-О” ХХК-ийн захирал Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг цуглуулах үүргийг хуулиар хүлээсэн.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч компани нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгч дурдсан хугацаанд хүсэлтээ гаргаагүй байна” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд хандан гаргасан” гэж тайлбарладаг болон манай хүсэлтийг огт хүлээн аваагүй байж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ямар ч баримтгүй тайлбарыг үндэслэн манай тайлбарыг үгүйсгэж байгаа нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

6. Өөрөөр хэлбэл тухайн үед буюу 2014 онд баримт, бичгийн бүрдэл дутуу үед төрийн захиргааны байгууллагаас ямар ажиллагаануудыг хийдэг байсан талаарх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй ба “Х-О” ХХК-ийн хүсэлтийг ямар үндэслэлээр буцааж байсан талаар гэрчээс холбогдох мэдүүлгийг авах шаардлагатай байсан.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт:  “... Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар “Хишиг-Оргипуун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталсан байх хэдий ч хэзээ гарсан, хэдий хугацаанд үргэлжилсэн гал түймрийн улмаас Засаг дарга ямар эс үйлдэхүй гаргасан, энэ нь “Х-О” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад хүндэтгэх шалтгаан болох эсэх талаар шийдвэрт тусгагдаагүй байна” гэжээ.

8. Хавтаст хэрэгт манай компанийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл авагдсан ба нэхэмжлэлийн үндэслэлдээ 2014 оны 7 сард өмнөх жилүүдийн нэгэн адил байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар очсон боловч тухайн үед Засаг дарга н.Сэргэлэн, байгаль орчны байцаагч аль нь ч байхгүй, томилолттой гал түймэр гарсан байгаа гээд бидэнтэй огтхон ч уулзаагүй, хүмүүс нь эзгүй байсан” гэж дурдсан бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, өөрөө шинжлэн судалсны үндсэн дээр манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

9. Гэтэл шүүх явцуу утгаар өөр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр захирамжилсан шийдвэрийг үгүйсгэж, энэ талаар шийдвэртээ тусгаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэр гарахаас 2 сар гаруй хугацааны өмнө буюу 2014 оны 07 дугаар сард менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар очсон гэж хангалттай дурдаж өгсөн.

10. Нөгөөтэйгүүр тус маргаанд манай байгууллагын зүгээс хариуцагчаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга гэж тодорхойлсон боловч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт маргааны хариуцагчийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга гэж тодорхойлсон байгаа нь ойлголтын зөрүүд хүргэж байна.

11. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “мэдэгдэх үүргийг Ашигт малтмалын тухай хуулиар хариуцагчид хүлээлгээгүй байна. Тусгай эөвшөөрөл дуусгавар болоход Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй тул мэдэгдэл явуулдаггүй болно гэх тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ

12. Тухайн үед буюу Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс өмнө төрийн захиргааны байгууллагаас тусгай эөвшөөрөл эзэмшигчийн шүүхэд хандах эрхийг нь хангахын тулд тусгай зөвшөөрөл дуусгавар болгосон асуудлаар заавал бичгээр мэдэгдэж байсан байх ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

13. Тодруулбал, Тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэлгүйгээр түүний лицензийг цуцлуулсан тохиолдолд олон хуулийн этгээд мэдэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан байх гэдэг дүр зураг харагдаж байгаа бөгөөд тухайн үед ямар хууль, журмаар зохицуулж байсныг болон дуусгавар болгосон мэдэгдлийг хүргүүлж байсан талаар шүүхээс тодруулах ёстой байсан.

14. Үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч нь нөхөн олговор авахаар хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна” гэжээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хамаарахгүй ба бид бүхэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргасан эсэх асуудлаар маргаж байгаа бөгөөд хэрэгт хамааралгүй асуудпаар буюу маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа гэсэн агуулгаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

15. Нөгөөтэйгүүр нөхөн олговор олгох эсэх асуудал нь нэхэмжлэгчийн биш, хариуцагчийн үүрэг болох нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө” 14.5-д ‘Энэ хуулийн 14.4-т заасан нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “нөхөн олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, 56 дугаар зүйлийн 56.1.3-д “... тусгай хэрэгцээнд авч эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийнй 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаар тогтоогдож байна.

16. Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7/6424 тоот албан бичигт “... хайгуулын ХВ-010515 тоот дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгт “Цахиур майнинг инвест” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х\/-43000112 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна” гэсэн байна.

17. Дээрх апбан бичгээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Цахиур майнинг инвест” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхийг хангах үүднээс гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байтал оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг болон мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна.

18. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0313 тоот магадлалын Хянавал хэсэгт “...2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 онд хэрхэн яаж батлах нь тодорхойгүй төдийгүй нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан уг талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бол сумын Засаг даргад энэ төлөвлөгөөг батлах эрх олгогдоогүй байна” гэжээ.

19. Дээр дурдсанчлан хариуцагч байгууллага нь урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон агуулгаар биш, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаа хэтэрч гаргасан гэсэн үндэслэлүүдээр манай байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон.

20. Маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаарх хангалттай нотлох баримт болон энэ талаар шинжилгээний байгууллагаас дүгнэсэн шийдвэр байхгүй байхад “сумын Засаг даргад энэ төлөвлөгөөг батлах эрх олгогдоогүй байна” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн тогтоол үндэслэл муутай болсон байна.

21. Иймд, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгосон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0313 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            23. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, “Өлөнт” нэрт 451.3 га талбайд хайгуулын XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Л.Тэгшжаргалд олгож, Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Х-О” ХХК-нд шилжүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгасан, нэхэмжлэгч “Х-О” ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө гаргаагүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгчээс “... 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар 2 удаа очсон боловч уулзаж чадаагүй, уг төлөвлөгөөг батлуулаагүй учраас ... бичиг баримтын бүрдэл хангагдахгүй болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй болсон..., Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга ... /уг/ эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрсөн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, ...тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаарх мэдэгдлийг хариуцагчаас ирүүлээгүй нь хууль бус” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ... /хуульд заасан хугацаанд/ гаргаагүй тул ... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, ... тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

          24. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах...”-аар заасны дагуу нэхэмжлэгч “Х-О” ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө гаргаагүй, үүний улмаас уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг “хууль зөрчсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн  “... өргөдлийг хүлээн авч, ”Х-О” ХХК-ийн XV-010515  дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг хангах нь хуульд нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

            25. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... /сумын Засаг даргаар/ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй учраас ... /хуульд заасан/ баримт бичгийн бүрдэл хангагдах боломжгүй болж тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргаагүй” гэж, хуулиар тогтоосон хугацаанд зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлийг гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тус компаниас “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч буцаасан” гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул “Х-О” ХХК-ийн захирал Н.Амарбатын “... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд хандан гаргасан гэж тайлбарлаад ... /байхад/ ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ямар ч баримтгүй тайлбарыг үндэслэн манай тайлбарыг үгүйсгэж байгаа нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй,  гэж үзлээ.

26. “Х-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нэхэмжлэлэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамж хэрэгт авагдсан, шүүхийн уг шийдвэр нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болгож бүртгэгдсэн хайгуулын XV-010515 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой маргаанд хамааралгүй, өөрөөр хэлбэл, 2018 онд хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаар зөвшөөрсөн үйл баримт нь 2014 онд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй юм.

27. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, өөрөө шинжлэн судалсны үндсэн дээр манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн ... /байхад/ шүүх явцуу утгаар өөр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр захирамжилсан шийдвэрийг үгүйсгэж, энэ талаар шийдвэртээ тусгаж байгаа нь ойлгомжгүй байна” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

28. Нэхэмжлэгчээс “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч үйл ажиллагааг минь хязгаарласан, ... төр нөхөн олговор олгох үүргээ биелүүлээгүй” гэх зэрэг үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагадаа хамааруулж дурдсан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан “.. тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, ”Х-О” ХХК-ийн XV-010515  дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага, “... хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хугацааг дуусгавар болгож бүртгэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийг үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаарх маргааны үйл баримтад дээрх “... нөхөн олговор олгоогүй” гэх үйл баримт хамааралгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

29. Түүнчлэн, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон, талууд уг үйл баримттай маргаагүй, хариуцагчаас хугацаа дуусгавар болсныг мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...тусгай зөвшөөрөл дуусгавар болгосон асуудлаар заавал бичгээр мэдэгдэх ёстой, ... мэдэгдээгүй”, “...тухайн талбайд /сүүлд өөр этгээдэд/ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон ... /байхад/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхийг хангах үүднээс гуравдагч этгээдээр оролцуулаагүй” гэх зэрэг хяналтын гомдлын үндэслэлийг шүүх хангах боломжгүй.

30. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шийдвэр, ... магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

31. Хяналтын шатны шүүх хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдаж, товыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдод мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангасан байх тул Г.Эрдэнэболдоос 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цаг 34 минутад гаргасан “... 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ээлжийн амралттай тул ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0313 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч “Х-О” ХХК-ийн захирал Н.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Х-О”  ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА